Б.Лхагважав: Нам хөөсөн бацаанууд улсаа дампууруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
28 минут 9 секунд
Б.Лхагважав: Нам хөөсөн бацаанууд улсаа дампууруулж байна

Б.Лхагважав: Нам хөөсөн бацаанууд улсаа дампууруулж байна

Татварын хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын асуудлаар Бизнесийн удирдлагын доктор, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Монголын эдийн засаг дээсэн дөрөөн дээр байна. Эрх баригчдаас аж ахуйн нэгжүүд аврал эрээд удаж байгаа. Танай намын засгийн газар энэ хүнд үед хэр сайн ажиллаж байна. Бизнесийн удирдлагын доктор хүний хувьд та нэг дүн тавиач?

-Бүтэн хоёр жил улсын төсөвт сонгуульд зориулсан хөрөнгө тусгасан. Үр дүн нь өнөөдөр ямар байгааг бүгд л харж байна. Тээвэр логистикийн асуудал одоогийн Засгийн газрын хийж буй ажлын нэг үзүүлэлт. Хоёр удаагийн сонгуульд МАН ялалт байгуулахын тулд улсын төсвийн найман их наядын алдагдалд оруулсан. Гэсэн мөртлөө өнөөдөр эрх баригчид “халамжийн улс боллоо, хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж иргэдээ буруутгах сонин хандлага гаргаж байна. Төр өөрөө бүхэл бүтэн хоёр жил иргэдээ халамжаар бүх талаас нь угжсан шүү дээ. Тэгээд сонгуульд ялсныхаа дараа ард түмнээ хараагаад сууж болохгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, өнгөрсөн тавдугаар сард 10 их наяд төгрөг хэвлэж тараасан. Уучлаарай, оны төгсгөлд мөнгөний уналт жинхэнээсээ асуудал тарих байх. Нэг үгээр хэлбэл, хэр их мөнгө хэвлэнэ, төдий чинээгээр төгрөгийн ханш унана.

Төв банкны статистикийн дүнгээр сүүлийн гурван сар хадгаламжийн орлого гурван их наядаар нэмэгдсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагаа дэмжих мөнгө нь хадгаламж болчихсон. Эсвэл машин тэрэг болоод хувирчихсан. Юун үйлдвэрлэл. Өөрсдийнхөө нүд хуурсан, аргацаасан ажлын үр дүн удахгүй гарна.

-Цаашдаа яах ёстой вэ?

-Төгрөгийн ханш навс унана. Гэтэл одоо 2022 оны улсын төсөв бодит амьдрал руу тусахаар байна. Эрх баригчид бүтэн хоёр жил сонгуульд зориулж халамж тараалаа. Одооноос нийтийн мөнгөний зарцуулалтад хяналт тавихгүй бол үеийн үед бид асуудалд орж байгаа. Засгийн газар өөрсдөө ажиллахгүйгээр зээлээр мөнгө босгодог. Өөрсдөдөө ашиг хүртдэг. Дараагийн том зээл рүү ордог. Аль эсвэл нийтийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг. Тиймээс дарга нарын нийтийн санхүүг хянах механизмыг Үндсэн хуульд тусгах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн ганц том алдаа нь нийтийн санхүүг өндөр албан тушаалтнаас хамгаалах механизм огт байхгүй.

-Засгийн газар цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг тэглэж, зарим татваруудыг хойшлуулсан. Энэ нь бизнес эрхлэгчид, эдийн засагт хэр том дэмжлэг болж чадав?

-Цар тахлын үед төрөөс тодорхой хэмжээний асуудлуудыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ 2016 оноос хэрэгжүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн үр дүнд үйлчилгээний салбараар дамжих татварын орлого сайжирсан. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжийн мөнгө хүнс болон НӨАТ руу явж байна. Аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд ажлын байрыг нь хадгалж үлдэх хэрэгтэй.

-Тэгвэл ажлын байрыг дэмжих үлдэх ямар санал бодол байна вэ, танд. Эдийн засгийг сэргээх 10 их наядаас зарцуулах ажлын байрыг дэмжих зээл үр дүнгээ өгсөнгүй гэж та түрүүнд буруутгасан шүү дээ?

-Хөдөлмөрийн капиталаар дамжуулан даатгалыг санхүүжүүлэх хэлбэрээр ажлын байрыг хадгалах ёстой. Ажлын байргүй, ажиллахгүй бол хэчнээн төлбөрийг хөнгөллөө, мөнгө хэвлэж тараалаа гээд яах билээ. Аж ахуйн нэгжүүд сүүлийн хоёр жилд үнэхээр чадлаараа тэслээ. Ажлын байр, ажилгүйдлын даатгалын мөнгийг тухайн компанид өгөх нь чухал юм. Хамгийн гол нь хөдөлмөрийн капиталыг хадгалах ёстой. Үүнийг тарааж болохгүй. Цар тахлын дараа амьдрал үргэлжилнэ. Шударгаар хэлэхэд, цар тахлын үед бүтэн хоёр жил төрийн алба хаагчид цалингаа бүтэн авсан. Улсын төсвийн 30 хувь буюу гурван их наяд төгрөгийг төрийн алба хаагчдын цалинд зарцуулж байна. Гурван их наядаас үндсэн үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн цалинг хэвээр үлдээж, бусад дарга нарын цалинг 50 хувиар багасгаж болох байлаа. Үүнээс хэмнэсэн мөнгийг цалингаа тавьж чадахгүй байгаа ажлын байраа алдах дөхсөн аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой байсан.

Аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгал, татварын шимтгэлийг бууруулахыг хүсч байна. Тэгэхээр улсын төсөв хүндрэх эрсдэлтэй биш үү. Эргээд цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрвэл яана?

-Татвар буурснаар төрийн албан хаагчдын цалингийн асуудал гарч ирэх байх. Бусад нэг сая гаруй хүн хувийн компанид ажиллаж байна. Татвар буурснаар компанид хөрөнгө оруулж, сая гаруй хүний цалин нэмэгдэнэ. Гэтэл улсын төсвөөс 260 мянган хүн цалин авч, бас нийгмийн үйлчилгээг авахын тулд тэднийг баялаг бүтээгчид тэжээж байна. Татвараар тэжээгдэж буй төрийн институт улам данхайж байна. Сүүлдээ бид тэжээж дийлэхээ болихоор төр татвараа нэмдэг. Татвар нэмэгдснээр орлого нэмэгддэггүй гэдгийг баталсан. Монголд тоонууд нь бага ч бүх төрлийн татвар авах гэж оролддогоороо хамгийн аюултай. Сүүлийн 30 жилийн хугацаанд дөрөв таван удаагийн эдийн засгийн том хямрал боллоо. 2009 оны Азийн санхүүгийн хүндрэлийн үед бид 4:10-ын бодлогоор татваруудаа багасгасан байсан. Дараа нь 2013 онд Өршөөлийн тухай хууль, НӨАТ-ын тухай хууль гаргаж, эдийн засгийн хямралыг хөнгөн давсан. НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд баталж 2016 оноос хэрэгжүүлсэн. Бусад хүлээгдэж байсан татварын тухай гурван хуулийг 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаар /2019.03.19/ баталсан. Татварын багц хуульд аж ахуйн нэгжүүдэд маш олон хөнгөлөлтийг тусгасан. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээс хойш аж ахуйн нэгжийн татварын ачааллаар гомдол гаргаагүй. Учир нь, нийт татвар төлөгчийн 99 хувь нь нэг татвартай болсон. Өмнө нь аж ахуйн нэгжийн орлогын татвар 9, 10, 25 байсан. Үүнийг нэгтгэж 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгж татвараа тайлагнадаг болсноор орлогынхоо 90 хувийг буцаан авдаг болсон. Иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголттой адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Татварын багц хуулиар аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь нэг татвартай болсон учраас татварын дарамтын тухай асуудар яригдахаа больсон . Мөн 2020 онд нэг их наядын татварыг Засгийн газар аж ахуйн нэгжүүдээс аваагүй. Татварын системд нээх гомдоллох юм байхгүй. Харин татварын системд НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмж 70, 80 хувь болгох хэрэгтэй.

-Татварын шинэчлэлийг хийхийн тулд та ч багагүй гүйсэн шүү дээ ?

-Татварын багц хуулийг У.Хүрэлсүхийн Засгийн газар батлуулсан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн хууль юм. Энэ хууль хүлээгдсээр байгаад одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо батлуулсан гэсэн үг. Татвар багассанаар орлого нэмэгддэгийг 2008 онд мэдэрсэн, одоо ч мэдэж байна. Өнөөдөр татварын орлого давж биелсэн гол шалтгаан нь аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар руу орсонтой холбоотой. Татвар багассанаар орлого нэмэгддэг болохыг бид сайн мэддэг болсон. Харин нийгмийн даатгал бол таван төрлийн даатгалыг зөв ашиглаж чадахгүй байна. Тиймээс НӨАТ шиг маш сайн систем хийх ёстой. Мөн эмнэлгийн системийн санхүүжилтийн асуудлыг даатгалаар шийдэх үү, төрийн татаасаар шийдэх үү холимог байх уу гэдэг нь одоо яригдаж эхэллээ.

Татварын төлөлт яг хэдэн хувьтай байгаа вэ. Та татвар багассан ч орлого нэмэгдсэн гэлээ. Цар тахлын үед ажил орлогогүй болсон ч аж ахуйн нэгжүүд татвараа цагтаа төлж чадаж байна гэсэн үг үү?

-Татварын төлөлт 105 хувиар өндөр байгаа. Уул уурхай шорооны мөнгө, НӨАТ-аар дамжуулан бид татварын орлогоо сайн бүрдүүлсэн. НӨАТ өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн. Энэ иргэдийн худалдан авалттай шууд холбоотой. Мөн хил хаагдсанаар татвараа төлдөггүй хар зах зээл зогссон. Нийт 150 мянга гаруй хүний ажил зогссон гэсэн үг. Эсрэгээрээ татвараа төлдөг 60 мянга гаруй аж ахуйн нэгжийн зах зээл 20-25 хувиар нэмэгдсэнээр татварын орлого 30 хувиар давж өссөн байгаа юм. Бид цар тахлыг далимдуулан хар зах зээлийг татвар төлдөг зохицуулалт руу оруулж чадсан. Татварын орлого дийлж буй микро түвшний үйл явц нь энэ юм. Гэвч Сангийн яам өөрсдөө татварын орлогоо уншиж чадахгүй л байна. Бодит асуудал нь 150 мянган хүнийг яах вэ гэдэгт төр анхаарах ёстой. Эдгээр хүмүүсийг цар тахлын дараа дахин хар зах зээл рүү оруулах уу аль эсвэл татвараа төлдөг албан ёсны бизнестэй болгох уу гэдгийг зохицуулах нь төрийн үүрэг. Хамгийн гол асуудал нь энэ. Мөн иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг 20 хувиас 70 хувьд хүргэж болно. Нөгөөтээгүүр, авилгатай тэмцье гэвэл төр ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь буцааж өгөх хэрэгтэй. Ингэснээр бүх баримтаар төрийн ажил үйлчилгээ баталгаажна гэсэн үг. Улмаар авлига авах асуудалгүй болно. Төрийн нийтийн мөнгөний дахин зарцуулалтад хянах механизмд сүүлийн 10 жилийн хугацаанд аль ч Засгийн газар хөдлөөгүй. Гэтэл бид татвар бүрдүүлж улсад орлого цуглуулах маш сайн механизмтай. Энэ бол Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын гавъяа. Орлого олох механизмыг нь бүрдүүлчхээд байхад зардал хянахад үе үеийн Засгийн газар хөдөлдөггүй. Зардлыг хянах механизм маш амархан. Төрийн ажил үйлчилгээний НӨАТ-ыг 100 хувь буцааж олгох хэрэгтэй.

Сангийн яам татварын орлогоо уншиж чадахгүй байна гэх. Яг юу гэсэн үг үү?

-Сангийн яам татварын том системийг ашиглаж чадахгүй байна. Монголбанкны ажлыг хийгээд байна. Төв банк, арилжааны банк хоёрын хамтарсан тоглогч болсноос биш татварын асуудалд анхаарч ажиллаагүй. Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын ажлын үр дүн өнөөдөр байгаа болохоос шинэ зүйл юу ч байхгүй. НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувьд хүргэх механизм нь нээлттэй, бэлэн дата дээр яаж ажиллах нь одоогийн Засгийн газрын өөрсдийнх нь толгой мэдэх асуудал.

НИЙТИЙН САНХҮҮГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНААС ХАМГААЛАХ МЕХАНИЗМ ХЭРЭГТЭЙ

Нийтийн санхүү, хөрөнгө оруулалтын талаар та байнга л ярьдаг. Үүнийг хэрхэн хянах ёстой вэ. Нийтийн мөнгөөр эрх баригчид дураараар дургиж байна. Ялангуяа цар тахлаар далимдуулсан хяналтгүй зарцуулалт маш их болсон?

-Нийтийн санхүүд нийгмийн даатгал, татвар, мөнгөний бодлого багтаж байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтууд байна. Эдгээрийн зарцуулалтад өндөр албан тушаалтныг хязгаарласан заалт, хариуцлага тооцох ямар ч зохицуулалт Үндсэн хуульд байдаггүй. Тиймээс албан тушаалтнууд амтшаад байгаа юм. Нийтийн санхүү бол зардлын асуудал. Аль нам байх нь хамаагүй, нийтэд цугласан мөнгийг зөв зарцуулах ухаан тухайн хүн, өндөр албан тушаалтан бий юу гэдэг нь асуудал юм. Хэрэв ухаан байхгүй бол нийтийн цугласан хоёр тэрбумаар хөшөө барьж жилийн дараа устгаж байгаа нь нэг жишээ. Энэ мөнгө зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөлд замхарсан. Хоёр тэрбумд хэчнээн аж ахуйн нэгж жилийнхээ орлогыг татварт өгч байгаа билээ. Аль ч улсад ямар ч нийгэмд нийтийн мөнгөн дээр суусан дарга мөрөөдлөө биелүүлэх гэж оролддог. Энэ мөрөөдлийг хязгаарлах нь нийтийн санхүүг хамгаалах механизм юм. Үүний хамгийн чухал нь оновчтой зарцуулалт хийж чадаж байна уу гэдгийг хянах ёстой ч сүүлийн жилүүдэд огт хийсэнгүй. Нийтийн мөнгийг захиран зарцуулалтын цаана авилга хээл хахууль байдаг. Үүгээр зогсохгүй хэрэггүй төсөлд их хэмжээний мөнгийг зарцуулахын цаана улсын нурууг авч, эдийн засгийн тамирыг маш их барж байна. Энэ бол авлигаас ч том асуудал.

Эрх баригчид эдийн засаг тамирдаагүй, эсрэгээрээ сэргэж байна л гэдэг шүү дээ?

-Макро дүнгээр харвал эдийн засаг гоё харагдаж байна. Татварын орлого 105 хувиар биелэсэн, НӨАТ 30 хувь давсан, эрдэс баялаг шорооны үнийн тухай яригдаж байна. Гэхдээ гоё харагдахаас илүү микро эдийн засаг дахь үйл явцыг олж харахгүй бол макро тоо нь том дарга нарын нүдийг хуураад байна. Гэтэл дээрх дурдсан 150 мянган хүн, аж ахуйн нэгж ажилгүй орлогогүй болчихсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж Засгийн газар байгаа юм. Үүнийг Сангийн яам олж хараагүй л байна. Амьдралыг бодитоор харъя гэвэл уул уурхайн бүх мөнгөө орлогоосоо хасч үзвэл маш аймшигтай их хасах дүн гарна. Засгийн газрын үүрэг орлого олж буй нүүрсээ манаж суухад биш. Цаана нь орлого олдохгүй хасах байгаа салбаруудаа яаж нэмэх болгох вэ гэдэг нь л төрийн зохицуулалт, өөрийнх нь үүрэг юм.

Алт олборлогчдын зүгээс рояалти татварыг бууруулах хүсэлтэй байдаг. Засгийн газар ямар өнөөдрийг хүртэл нэгэн шийдвэр гаргаагүй байна. Яах гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна л даа. Алтны рояалти татварыг бууруулснаар эдийн засагт яаж нөлөөлөх ёстой вэ. Ер нь хэр байвал зохистой гэж үзэж байна?

-Алтны рояалти татварын хэмжээг Засгийн газруудын өөрийнхөө үнэлэмжээр нэг өсгөж аль эсвэл бууруулдаг. 20 тонн хүртэл олборлож байсан алтаа хоёр тонн хүргэсэн тохиолдол ч бий. Татварыг хэт өндөр болгосноор цаана нь нуугдах процесс нь их болдог. Мөн Төв банкны маш том алдаа бий. Рояалтиг нь авчхаад бусад татварын асуудлыг нь шийдээгүй орхидог. Тухайн үед 2016 оны үед 800 сая ам.долларын үнэтэй алтны асуудлыг 320 ажилчны нэр дээр тушаачихсан. Энэ нь эргээд компанийн нэр дээр 800 сая ам.долларын асуудал яригдаж байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд тухайн үеийн эрх баригч нарт хадаг барихаас өөр аргагүй байдалд орсон. Олборлолт хийж буй компаниуд алдаанаасаа болж эрх мэдэлтнүүдэд илүү их эрх мэдлийг өгч болохгүй. Алт олборлож буй компаниуд асуудлаа шийдвэрлэхийн тулд эрх мэдэлтнүүдэд хадаг барих нь холгүй олон аргаар асуудлаа шийдвэрлэдэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоос өмнө төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болсон. Гэвч үе үеийн чуулга уулзалт ер үр дүнгүй болж өнгөрдөг. Энэ уулзалтын үр дүн гарч чадах уу?

-Төрийн гурван өндөрлөг өөрсдийгөө хаанаар өргөмжилснөө зарласан. Төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид ирж мөргө, дагаар ороорой гэсэн л утгатай хурал болсон. Бэлгэ тэмдгийн гэж хэлж болохоор. Ийм дүр зураг надад ажиглагдсан. Төр аж ахуйн нэгжүүдийн уулзалтаар бизнесийн салбарынхан жаргал, зовлонгоо ярих болохоос дарга нарыг үг хэлэхээр л алга ташдаг намын нөхдүүд цугласан байсан. Ерөнхийдөө төр аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа гэсэн шоу. Уулзалтын үеэр би “улсын төсөвт тодотгох 400 тэрбумын хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт өгөх саналаа хэлсэн. Учир нь, оюутан сурагчдын боловсрол хоёр жилээр хоцрогдсон. Үүний алдагдлыг нөхөх ганцхан хэлбэр нь онлайн боловч тоног төхөөрөмж нь маш их хөрөнгө шаарддаг.

-Яагаад эрүүл мэндийн салбар биш боловсролд 400 тэрбумыг хөрөнгө оруулах ёстой гэж. Хамгийн хүнд салбар эрүүл мэнд болчхоод байгаа юм биш үү дээ?

-Та гайхаж байгаа нь аргагүй. Гэхдээ улсын төсвийн тодотголд 600 тэрбумыг эрүүл мэндийн салбарт тусгасан. Энэ салбарт төсвийн дийлэнх мөнгийг зарцуулж байгаа. Дээр нь сүүлийн үед хувь хүн аж ахуйн нэгжийн бүх мөнгөн орлого эрүүл мэндийн салбар руу урсч байна. Тиймээс улсын эзэн нэмж мөнгө урсгах шаардлагагүй. Нөгөө талд хоцрогдсон боловсролын системд 400 тэрбумыг хөрөнгө оруулах ёстой.

Тэгэхээр сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө үр ашиггүй байсан гэж үзэж байна уу?

-Цар тахлын сургаар бид 2020 оны хоёрдугаар сарын 6-нд хилээ хааж халдвар тархсан юм шиг маш эрт бүх нөөцөө шавхсан. Улс, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн нөөц ч шавхагдсан. Ялангуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдварыг дотоодод алдах хүртэл маш их хэрэггүй нөөцүүд зарцуулагдсан. Товчхондоо, нэг жил 5 сарын хугацаанд хэт сүржигнэж бүх нөөцөө хий дэмий үрсэн.Нэг хүний эмчилгээ найман сая байсан бол одоо 160 мянга болсон. Энэ бүхэн нийтийн санхүүгийн хэрэгцээний асуудал. Бид нийтийн санхүүг өндөр албан тушаалтнуудаас хамгаалдаг механизм байхгүй учраас тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дур зоргод л бидний мөнгө урсч байна. Цар тахал гэж сүржигнэсэн шоунд бүх мөнгөө үрж дуусгасан. Гэтэл цар тахал хяналтаас гарах үед одоо л асуудал эхэлж байна. Эмч нар туйлдаж биологийн нөөц нь шавхагдаж байна. Жинхэнэ дайнаас өмнө бид улсын, хувийн, санхүүгийн нөөцөө хэрэглэж дууссан. Цар тахлын үед улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж анхаарч байгаа энэ үед л эрүүл мэндийн салбар санхүүжилтээр системээ хөгжүүлэх, цэгцтэй болгох хэрэгтэй. Үгүй бол цар тахлын дараа улс дахин эрүүл мэндийн салбарыг хайхрахгүй орхино.

ЧАДАЛТАЙ ЗАЛУУС, ТӨРД АЖИЛЛАСАН ХҮМҮҮСЭЭ УРЬ

Цар тахлын үед хамгийн “баян” нь эрүүл мэндийн салбар болсон нь үнэн. Энэ салбарт гэхдээ шинэчлэлт харагдаж байна уу?

-Одоо амь зогоох төдий л байна. Цар тахлаас урьдчилж эмнэлгийн ажилчдын нөөц, чадавхыг барсан. Тиймээс эрүүл мэндийн салбар цар тахлын үед төр санхүүжилтэд гар татахгүй энэ үед л системээ шинэчлэх нь чухал.

-Монголын экспорт, импорт бараг тэг зогслоо. Үүний цохилт эдийн засагт, иргэдийн амьдралд ч хүндээр тусч байна шүү дээ?

-Тээвэр логистикийн асуудал өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлсэн. Үүнд ямар ч арга хэмжээ аваагүй. Асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авахыг өмнө нь хэлж байсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс юу ч хийгээгүй. Одоо ч Тяньжины боомтод 5000 гаруй тонн ачаа гацсан хэвээрээ. Уг нь ийм үед төрийн зохицуулалт байх ёстой. Гэтэл асуудлыг ярьж чадаагүй. Логистикийн асуудал дэлхий дахины асуудал болсон. Үүнд аль хүчтэй, чадалтай Засгийн газартай улс нь ажлаа хийж, асуудлаа шийдвэрлэж байна. Гэтэл манай Засгийн газар шатахууны хомсдол, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс 2020 оны хоёрдугаар сарын 6-наас өөрсдөө эхэлж хориг тавьж, бүх зүйлээ хаасан. Одоо эргээд бүгдийг нь гуйж байна. Тухайн үед яарах хэрэг ч байсан юм уу. Хаах, боох цэргийн зохион байгуулалтад ороход амархан байж магадгүй. Эргээд энгийн зохион байгуулалт руу орох л хэцүү болж байна.

Шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цаашлаад эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрах вэ. Цаашид ямар эрсдэл нүүрлэж болох вэ. Үүнийг та хэрхэн харж байна?

-Цар тахал дэгдсэн цагаас хойш бид сонгуульд зориулсан халамжийг нэмж хувь хүний нөөцөө зарцуулаад нэг жил найман сар тэссэн. Одоо нөөцөө шавхах үед шатахуун, хил гаалийн асуудал үүсч байгаа нь бид маш хүнд байдал руу орно. Картын барааны 1990-ээд оны үед орох нөхцөл бүрдэх нь. Энэ бол иргэн аж ахуйн нэгжээс шалтгаалаагүй асуудал. Ийм байдалд оруулахгүй байхын тулд иргэн аж ахуйн нэгжийн бизнест ажиллах эрх чөлөөг нь өг. Шатахууны хомсдолын асуудлыг шийдвэрлье гэвэл лицензүүдийг нь чөлөөтэй хая. Яагаад үеийн үед дөрөвхөн компани байдаг юм. Ерөнхийдөө л жижиг монополь бий болж төр засагтай эвгүйтвэл асуудал үүсгэж гацаадаг. Энэ нь эргээд жижиг аж ахуйн нэгж, иргэд хохирдог эрх чөлөө байхгүйн шинж. Ямартай ч өнөөдөр хүнсний салбар сайн ажиллаж байна. Шатахууны хомсдол үүссэн ч дэлгүүрийн лангуун дээр хүнсний бараагаар таслахгүй байна.

-Харин тийм шүү?

-Энэ нь 1990 оноос хойш чөлөөт зах зээлд шилжсэний лүр дүн. Үүнийг төр удирдаж байсан бол өнөөдөр бид гурван ширхэг төмсийг хорооныхоо даргаас гуйж авч байгаа. Иргэн аж ахуйн нэгждээ эрх чөлөөг нь олговол өөрсдөө зохицуулалтаа хийчихнэ. Манай дарга нар удирдах гэж оролцох тусмаа бодлогын түвшинд бүгдийг нь гацаадаг. Эцэст нь дарангуйлагч төртэй л болох гээд байна. Өнөөдөр ч эдийн засгийн 70 гаруй хувь нь төрийн удирдлагатай хэвээр байна. Тийм учраас л дээрх салбаруудад асуудал үүсч эхлээд байна. Үүнийг чөлөөлөх, хувьчлах асуудлыг эрчимтэй хийх хэрэгтэй. Төрийн данхайсан бүтцийг багасгахгүй бол өнөөдөр бид 260 мянган хүний цалинг тавихын төлөө л ажиллаж үхэх гээд байна. Тиймээс төр нээх гийгүүлсэн зүйл байхгүй. Харин төрийг бид хэтэрхий данхайлгачихаад байна. Одоо нам харгалзахгүй чадалтай залуусыг төрийн институтэд оруулж ажиллуулах нь маш чухал. Өнөөдөр ганцхан Ардын намаар дамжуулж 260 мянган хүний төрийн институтийг гоё явуулна гэдэг үлгэр. Чадалтай залуус нь намын гадна бий. Төрийн институтийг чөлөөлж өг. Төрийн бодлого гаргахад нам хөөсөн бацаануудыг тавиад бид улсаараа дампуурч байгааг өдөр бүр л харж байна. Хүний нөөцийн чадвар нь намын гадна бий. Тэднийг цуглуулж цар тахлын үед онцгой ажиллах ёстой. Дээр нь зовлон үзсэн чавганц гэдэг шиг эдийн засгийн хямралуудыг давсан атал шоронд хүртэл оруулсан төрийн өмнөх удирдлагуудыг дуудаж чадахгүй ажлаа хийлгэх хэрэгтэй. Өнөөдөр С.Баярцогт, М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд шиг ажил хийдэг улс МАН-д байхгүй. Чадалтай хүмүүсээ урихаас өөр арга одоо байхгүй. Та нарыг харж бид улсаараа туйлдаж үхэлтэй нь биш.

News.mn

“ЭРДЭНЭТ”-ИЙГ ШАЛГАХАД ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДИЙН НОЦТОЙ НЬ “АЧИТ ИХТ”-ТЭЙ ХАМААТАЙ
“ЭРДЭНЭТ”-ИЙГ ШАЛГАХАД ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДИЙН НОЦТОЙ НЬ “АЧИТ ИХТ”-ТЭЙ ХАМААТАЙ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.