Шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 43 секунд
Шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж байна

Шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж байна

Монголд хүний эрх зөрчигдсөөр байна. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 14 дахь илтгэлд хангалттай нотолжээ. Уг нь манайх НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн орсон улс. Үндсэн хуулиндаа ч үүнийгээ баталгаажуулж, хүмүүнлэг иргэний ардчилсан улс хэмээн тодорхойлсон. Гэвч өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж суугаа ажээ.

Мөн хорих ангиудад ял эдэлж буй иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Хэрэг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны явцад ч хүний эрхийг зөрчих явдал цөөнгүй бүртгэгджээ. Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдсан нэгэн хэргийн холбогдогч болгосон иргэнийг  19 хоногийн турш уурын зууханд цоожилж орхисон байв. Уурын зуух бол уурын л зуух. Хүн хорьдог зориулалтын газар биш.  Энд хорихдоо мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүжээ. Гэтэл нөгөө эрүү шүүлт тулгуулсан хүн нь гомдол гаргахад прокурор, цагдаагийн байгууллагаас  “Наад хүн чинь сайн дураараа уурын зууханд хонож байсан” хэмээн даапаалж,  эрүүдэн шүүсэн  мөрдөн байцаагчид эрүү үүсгэхээс татгалзжээ. Мөн Архангай аймагт эрүү шүүлтийн улмаас нэг хүний хавирга хурагч, энэ дагуу голдол гаргатал “Гомдол ирүүлээгүй” гээд бас л эрүү үүсгэлгүй хаясан байна. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг прокурорууд ийнхүү эрүүдэн шүүгч этгээдийг хаацайлж байгаа нь шударга ёсны манаанд зогсох үүрэгтэй хууль хяналтын байгууллагын нэр хүндийг сэвтүүлсэн онцтой явдал юм.  Энэ мэт нь тус комиссоос олон нийтэд танилцуулсан бараг энгийн гэмээр баримт. Үүний цаана өөр олон зөрчил байгаа ажээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдээс саяхан ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад очиж, тэнд цагдан хоригдож буй иргэдийн гомдлын мөрөөр уулзаж ярилцах ажлыг зохион байгуулсан байна. Гэтэл үүнд дургүйцсэн хорих ангийн удирдлага “Та нар дахиж ирэх юм бол бид хорих ангидаа оруулахгүй” гэжээ. Комиссын гишүүд мэдээж гайхаж таараа. Учир нь хүний эрхийг хамгаалагчийн хувьд тэд хорих ангиудад чөлөөтэй нэвтрэх эрхтэй хүмүүс. Харамсалтай нь Ганц худаг зэрэг хорих газруудын дарга нар комиссынхноос болгоомжилж, элдэв зөрчлөө ил болгуулахгүйн тулд тийнхүү хориг тавих гэж оролддог болсон байна. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд ийнхүү эрх нь зөрчигдсөн хүмүүсийн гомдлоор хяналтын ажлаа хийж чадахгүйд хүрч буй нь яавч  эрүү үзэгдэл биш ээ.  Комиссын дарга Ж.Бямбадорж үүнд ихээхэн харамсаж байгаагаа  ил шулуун хэлээд авна лээ. Тэрбээр “Бид ийм байдлаас болоод энэ долоо хоногтоо лав хорих ангиар орж амжихгүй болж байх шиг байна” гэсэн юм.

УИХ-аар Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийг  саяхан энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан боловч одоогоор байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах эсэх нь тодорхой бус байгаа ажээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр харин заавал УИХ-ын эрэлцүүлэх ёстой. Түрүүчийн илтгэлийг  хэлэлцээгүй нь УИХ хүний эрхийн асуудалд хайхрамжгүй хандсан хэрэг” гэлээ.

Монгол улс өнгөрсөн оны 12 дугаар сард эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрций, хүнлэг бус бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсан. Энэ нь НҮБ-ын өмнө Монгол улс хариуцлага үүрч буй хэрэг. Тиймээс хүний эрхийн эмзэг асуудлуудад төр, засгийн зүгээс хайхрамжгүй хандвал нийгэмд хэлмэгдүүлэлтийн гамшиг нүүрлэсээр байх нь гарцаагүй. Мөн олон улсын түвшинд шившиг болж таарна.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Яармагийн чиглэлийн түр гүүр ноцтой эвдэрчээ
Яармагийн чиглэлийн түр гүүр ноцтой эвдэрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.