Сайн юманд садаа мундахгүй ээ гэж...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 5 секунд
Сайн юманд садаа мундахгүй ээ гэж...

Сайн юманд садаа мундахгүй ээ гэж...

 

 

- Эрүүл мэндийн даатгалын хуулийн зарим заалт хэрэгжихгүй байна-

 

Одоогоос 130-аад жилийн өмнө буюу 1880 онд баруун Европт Бессмарк гэх нөхөр хэрэгцээгээ өөрөө тодорхойлон хангаж чадахгүй хүний сул талыг нөхөх зорилгоор нэгэн аргыг сэдэж олсон нь өнөөгийн эрүүл мэндийн даатгалын систем юм. Түүнээс хойш дэлхийн ихэнх оронд энэ системийг авч хэрэгжүүлсэн байх бөгөөд ардчиллаас өөр боловсронгуй тогтолцоо одоохондоо үгүй гэдэг шиг л дагаж мөрдөж байна. Гэвч орон бүрт харилцан адилгүй байдаг бололтой. АНУ-д гэхэд нийт төсвийнхөө 17-18 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг гэх боловч доод тал нь 50 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй гэнэ. Үүнтэй харьцуулбал манайд энэ тоо өндөр хувьтай гарна. Тодруулбал, ДНБ-ийхээ гурван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж, эрүүл мэндийн даатгалын сан/ЭМДС/-д өнгөрсөн оны байдлаар 203.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсний 125.6 тэрбумыг зарлагадсан байна. Энэ жилийн хувьд 287.9 тэрбумын орлогыг татан авч, 226.2-ыг нь зарлагадах тооцоотой байгаа гэсэн. Энэ нь ЭМДС-гийн үлдэгдэл 10-аас доошгүй хувьтай байх олон улсын жишигтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Орлого, зарлага нь яагаад ийм зөрүүтэй байгаагийн тухайд шүү дээ. Эрүүл мэндийн даатгал/ЭМД/-д хамрагдагсдын хувьд манайх 90-ээс доош бууж байсан түүх байдаггүй юм билээ. Энэ нь манай улсад албан журмын даатгалыг эв санааны нэгдлийн зарчим дээр суурилан хэрэгжүүлдэгтэй холбоотой. Та ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэг бол ЭМД-д заавал хамрагдах ёстой. Таны хураалгасан шимтгэлийг өөрт чинь биш ч өрөөл бусдад зарцуулна гэх маягтай л зарчим юмдаг уу даа.

 

Тийм болохоор НДЕГ-ын дарга Ц.Уртнасангийн мэдээлснээр өнгөрсөн жил л гэхэд ЭМД-д нийт иргэдийн 95 хувь нь хамрагдаж, давхардсан тоогоор 4.4 сая хүн ЭМДС-гаас хөрөнгө мөнгө гаргуулсан байна. Гэхдээ энэ бас их учиртай. Тухайлбал, ЭМД-д хамрагдаж байгаа нийт иргэдийн 50 хувийнх нь шимтгэлийг төр хариуцдаг. Тэдний олонхийг16-гаас доош насны хүүхэд/63 хувь/, өндөр настан/15 хувь/ эзэлдэг байна. Дээр нь оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчид багтана. Энэ оны нэгдүгээр сард ЭМД-ын тухай хуулийг шинэчлэн баталж, долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Шинэ журмаар дээрх иргэдийн ЭМД-ын сар бүрийн шимтгэлийг 3480 төгрөгөөр тооцохоор болсон. Харин ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн сар бүрийн цалингийнхаа хоёр хувийг суутгуулна. Мөн хоёр хувийг ажил олгогч нэмж төлөхөөр хуульд заажээ. Энд олон арван жил мөрдсөөр ирсэн албан журмын эв санааны нэгдлийн зарчимтай ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээний талаар мэдээлэл өгөхөөс гадна шинээр баталсан хуулийн тухайд бага боловч ойлголт, мэдлэгийг түгээхийг зорилоо.

 

Юуны өмнө манай ЭМД-ын сангийн хөрөнгийг аль болох нийтэд хүртээмжтэй байлгахыг зорьж ажилладгаа НДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг ярьж байсан. Тиймээс төрөөс зардлыг нь хариуцдаг есөн төрлийн эмчилгээ, үйлчилгээний тоог шинэ хуулиар 11 болгон нэмэгдүүлсэн байна. Үүнд, жирэмсний 37 долоо хоног доторх хавсарсан өвчний эмчилгээ болон зарим төрлийн хиймэл эд эрхтний төлбөр багтжээ.

 

Бас нэг дэвшил нь ЭМД-ынхаа дэвтрээр өмчийн хэвшил харгалзахгүйгээр эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болсон явдал. Гэхдээ ЭМДС-гаас олгогдох эмчилгээний зардлыг хувийн хэвшлийнхэнд баахан хойрго шилжүүлдэг гэдгийг “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Буянтогтох нуулгүй хэлж байсан. Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, технологи, эмчилгээний арга барил, эмч нарын мэдлэг чадвар харьцангуй сайжирлаа. Харин дунд мэргэжлийн ажилтны харилцаа, ажлын ачаалал даах чадвар, тухайн эмнэлгийн менежментээс шалтгаалан улсын эмнэлгийн нэр хүндийг доош чангааж, олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь нууц биш юм. Үүнээс улбаалан манайхан хувийн эмнэлгийн үйлчилгээний чанар, цаг хугацааны хэмнэлтэд татагдаж, үнэ төлбөрийг үл харгалзан тэднийг зорих нь цөөнгүй. Энэ ч яахав, хувийн хэвшлээ дэмжиж, татварт тодорхой хэмжээний хуримтлал болж байдаг юм гэж ойлгож болох. Гэвч чадалтай, хөрөнгөтэй нэг нь гадаадын улс орныг илүүд үздэг болсон байна. Доктор Б.Цогт-Эрдэнэ нарын АХБ-ны санхүүжилтээр хийсэн судалгаагаар жилд дунджаар  40 мянган хүн гаднын улсад очиж, эмчилгээндээ 14 сая ам.долларыг зарцуулсан гэх тоо гарчээ. Тухайн өвчтөнийг харж асрамжлах хүний хоол унд, байр сав, замын зардал зэргийг тооцвол наад зах нь 100 сая ам.доллар гадагшилж байгаа гэж “Женерал даатгал”-ын эрүүл мэндийн даатгал хариуцсан ажилтан А.Өнөрбаяр ярьж байлаа. Уг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Монголд эмчилдэггүй 28 өвчний жагсаалт байдаг юм билээ. Хувь, хувьсгалын алин боловч эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага иргэддээ чин сэтгэлээсээ хандаж чадвал хэдий хэмжээний валютыг эх орондоо авч үлдэж болохыг бодох л хэрэгтэй.

 

 

Шинэ хуулиар хөдөлмөр эрхэлж байгаа иргэний эрүүл мэндийн даатгалаар хамгаалагдах мөнгөн хэмжээ ч1.8 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна билээ. Уг нь нэг сая328 мянган төгрөг байсан юм гэнэ. Үүнд багтааж ямар үйлчилгээ авч болохыг та хүснэгтээс харж болно. Нөгөө талаар ЭМД төлөгч нь санд төвлөрүүлсэн шимтгэлийг нэг жилийн дотор өрхийн гишүүнд шилжүүлж болох тухай заалт орсон нь сайшаалтай боловч бас л хязгаарлагдмал нөхцөлтэй юм байна. Тодруулбал, иргэн Дорж мөн л ЭМД-ыг өөрөө төлдөг хүү, охин, эхнэртээ тэр мөнгийг шилжүүлж болохоос биш овог нэгтэй дүүдээ “гар сунгаж” болохгүй нь л дээ. Уг нь гурав байтугай жил ЭМД-ын дэвтэртээ гар хүрч үзээгүй хүн зөндөө л бий. Гэтэл даатгалаас мөнгө аваад ч эмчилгээ үйлчилгээнд нь хүрдэггүй, халаасаа тэмтэрдэг хүн цөөнгүй байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн судалгааны дүнгээр нийт даатгуулагчдын 42.5 хувь нь эрүүл мэнддээ зориулж халаасаа сэгсэрчээ.

 

Тэгэхээр энэ эрсдэлийг багасгах, эрүүл мэндийн даатгалын орон зайг нөхөх зорилгоор хувийн даатгалын компаниуд зарим санал санаачилга гаргаж эхэлж байгаа юм байна. Тухайлбал, “Женерал даатгал” компани “Жаргалан” нэртэй даатгалын бүтээгдэхүүн гаргаж байгаагаа мэдээлсэн. Дээрх бүтээгдэхүүн нь олон улсын давхар даатгагчидтай хамтарсан, төлбөр хуваах хэлбэрийг сонгосон гэхчлэн давуу талтай гэнэ. ЭМД-ын хуулиар өөрчилсөн дээрх шинэчлэлийн зарим нь хэрэгжиж эхэлсэн ч цөөнгүй зүйл заалтыг бодит амьдрал болгоход саад учирчээ. Энэ нь нөгөөх л төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой болохыг албаны эх сурвалж хэлж байна. ЭМДС-гийн дээд байгууллага болох Үндэсний зөвлөл одоо хүртэл байгуулагдаагүй байгаа аж. Тэд ЭМД-ын тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх дүрмийг баталж гаргахаас гадна НДЕГ ч дагалдах журмыг батлах ёстой юм байна. Хууль тогтоох дээд байгууллагаас нь батлаад өгчихсөн, ард иргэдийн тусын тулд үйлчлэх ганц боловч гайгүй хуулийн хэрэгжилтийг дунд шатныхан нь ийнхүү“тушчихаад” сууж байх юм даа.

 

Д.Мөнхжаргал

 

 
Д.Баян-Өндөр: ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын үр дүнд 15 аймаг УРОЛОГИЙН 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийж эхэллээ
Д.Баян-Өндөр: ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын үр дүнд 15 аймаг УРОЛОГИЙН 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.