Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 39 секунд
Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг

Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг

("Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд" номонд орж буй цуврал хөрөг-6)

20-р зуунаас эхлээд тэнгис далайг гатлан, тив дэлхийг тойрон түгсэн эстрад урлаг түүхэн хөгжлийнхөө дагуу олон төрөл урсгалыг бий болгож өнөөг хүртэл хөгжин дэлгэрч явна. Монголын эстрад, рок, поп, жааз хөгжмийн түүх өнгөрсөн зууны дөчөөд оноос эхлэлтэй. Тодруулбал 1940 онд Зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин Москвагаас хөгжмийн зэмсэг авчруулж, Ардын жүжигчин Л.Мөрдоржоор удирдуулсан джаз найрал хөгжмийн чуулга байгуулж, аккердеон, саксофон, татах бүрээ, хийл хөгжмийг хоршуулж байсны дээр банжо-гитараар Жүрмэд хэмээх бүсгүй тун чадварлаг тоглож, Ардын жүжигчин Л.Цогзолмаа монгол ардын дуу “Гандий мод”-ыг Зөвлөлтийн мэргэжилтэн С.Гальпериний найруулгаар шинэ маягт оруулан түргэн аязаар дуулсан нь тухайн үеийн дуулаачийн урлагт хийсэн нэгэн өвөрмөц шинэчлэл болсон байдаг. Тэр цагаас хойш “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” тэргүүтэй цахилгаан хөгжмийн хамтлагууд шил шилээ даран гарч ирснээр өдгөө эстрад урлагийн наяад жилийн түүхийг хүүрнэн өгүүлж болохоор болжээ.

Харин Өвөр Монголд 1980-аад оны сүүл үеэс эстрадын дуу анх дуулагдаж эхэлсэн байх бөгөөд тус улсын хамгийн анхны эстрадын дуучин бол Алшаа аймгийн Эзнээ хошуунаас гаралтай Жанчивын Мөнгөнцэцэг юм. Эдүгээ тэрбээр Өвөр Монголын Үндэсний дуу бүжгийн хүрээлэнд гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэр зөвхөн монгол дуу дуулаад Өвөр Монголд од болсонгүй, зарим дуугаа Бээжин, Шанхайн тайзан дээр хятадаар дуулж, хятад дууны олон арван CD гарган Дундад улсын зах зээлд хөл тавьж, тэнд од болжээ. Наад захын жишээ гэхэд л дуучин Тэнгэрийн дуулдаг “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би...” хэмээх дууг хятадаар дуулж, өөрийгөө монгол хүн гэдгийг Дундад улс даяар тунхаглажээ. Мөн Дундад улсын эстрадын тайзнаас гардаж авсан хамгийн том шагналаа хятад дуугаар авсан байх жишээтэй. Түүний үнэнч фенүүд болоод дууг нь сонсогчдын цар хүрээ ийнхүү Өвөр Монголоос халиад аварга том Хятад гүрний олон зуун сая хүнд хүрснийг бодоход аргагүй л далайц өндөртэйг харуулж байна.

Мөнгөнцэцэгийн өвөг эцэг Өмнөговь аймгийн уугуул ажээ. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр говийн ард иргэд урагшаа дүрвэж нүүх нь их байсан бөгөөд энэ тухай “Талын цуурай” кинонд тодорхой гардаг. Эрэлхэг эмэгтэй хувьсгалч Бор урагшаа дүрвэн нүүж буй айлуудыг эргүүлэн татахаар ухуулга хийж яваад эсэргүү нарын гарт амиа алддаг. Говийнхон урагшаа нүүдэллэх болсон гол шалтгаан нь Ардын засгаас бурхан шашныг нь үгүй хийж, сүм хийд, ном судрыг нь шатаасантай холбоотой. Тэр үед урд хөршид ийм нугалаа гарч байсангүй. Харин ч тэндхийн бүдүүн дарга нар “Наашаа хүрээд ирээ. Бид та нарын шашин шүтлэгээр оролдохгүй. Энд чөлөөтэй амьдарч болно” гэж уриалсан байдаг. Мөнгөнцэцэгийн өвөг эцэг болон аав ээж нар Ар Монголоос ингэж тусгаарлагджээ. Тэгэхээр Мөнгөнцэцэг яалт ч үгүй манай хүн болж таарах гээд байгаа юм.

Тэрбээр 1972 онд Өмнөговь аймгийн цаахан талд, тодруулж хэлбэл Эзнээ хошууны Гурнай суманд төржээ. Чингээд багаасаа дуулах авъяасаараа тодорч байсаар 1984 онд 12 настайдаа Алшаа аймгийн үндэсний дуу бүжгийн хүрээлэнд дуучнаар шалгаран орж, сард 38 юанийн цалин авах болсон байна. Ер нь Өвөр Монголын урлаг, соёлын одод хар нялхаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж, биеэ даан өөрийгөө тэжээж эхэлсэн байдаг. Жишээ нь нэвтрүүлэгч Шилийнчимэг 12 настайдаа сэхээтэн багш болж, “Алтан тахиа” шагналт жүжигчин Наранхуар 14 настайдаа Бээжингийн кино үйлдвэрт жүжигчин болж, алдарт бүжигчин Сэчиндарь-Эх 15 настайдаа гэрээсээ хол явж Шилийн хотод ажилд орж, нэрт найруулагч Соёлцэцэг 16 настайдаа “Улаан мөчир” хамтлагт бүжигчин болсон гээд л дурдвал маш олон хүнийг нэрлэж болно. Энэ бол хүүхэд мэдээ орсон цагаасаа эхлээд л "Амьдрахын төлөөх хүний тэмцэл" гээч юманд эцэг эхээсээ ангид зүтгэж эхэлдэг урд газрын онцлог чанар юм.

Дуучин Мөнгөнцэцэг хэрхэн дуучин болсон тухайгаа дурсахдаа: “Эх байгаль, ээж аав, өвөг дээдсээсээ би дуу хоолой гэдэг маш сайхан юм авч төрсөн. Миний аавын болоод ээжийн талынхан дуучин улс байсан. Ээж маань мундаг дуучин байлаа. Хөдөө найр наадам болоход манай ээжийн дуу л сонсогдоно. Ээжийгээ дандаа дуулаад байхаар би заримдаа дургүй хүрдэг байсан. Бага байсан болохоор юмны учир мэдэхгүйдээ л тэр шүү дээ. Жаахан архи балгачихвал ээжийн хоолой улам эвлэг болж, улам гоё дуулна. Намайг хүмүүс урлагийн төлөө төрсөн хүн гэж магтаад байдаг. Харин миний ээж надаас илүү урлагчин хүн болох байсан юм. Хөөрхий ээж минь залуугаасаа зовлон үзсэн. Би нэг дүүтэй байсан. Даанч тэр дүү маань мөсөн дундуур тэмээ хариулж яваад алга болчихсон. Үүнээс болоод ээж маань архинд орсон. Намайг бага байхад аав ээж хоёр маань салж, би хойд ээжтэй болсон. Тэгсэн ч төрсөн ээж дээрээ ирж очдог байлаа. 12 настай байхад намайг бага сургуулиас гаргангуут би хойд ээждээ уурлаад сар гаруй түүнтэй дуугараагүй. Тэгээд би шууд мал дээр гарч, найман сар тэмээ хариулсан. Орой тэмээгээ хотлуулна, хурга ишиг хөхүүлнэ. Эмнэг хүртэл сургаж байлаа. Тэгж байтал Алшаа аймгийн үндэсний дуу бүжгийн хүрээлэнгээс дөрвөн хүн ирж “Хотоос шалгаж авсан хүүхдүүдэд монгол авъяас байхгүй юм. Гацаа сумдаар л жинхэнэ авъяастай хүүхэд байдаг юм байна” гээд намайг дуулуулж үзсэн. Би гурван дуу дуулсан. Намайг ингэж шалгаад явсны дараа би “Бээжингийн уран сайхан намайг аваад явах болтугай” гээд өдөр болгон маани уншиж, залбирдаг байлаа. Тэгтэл дараахан нь найман сард дуу бүжгийн хүрээлэнгээс жаран ес машин ирээд “Танай охиныг аваад явлаа” гэхэд нь би маш их баярлаж билээ. Ингэж би 12 настайдаа анх ажилд орсон. Бурхан тэнгэр үнэхээр хардаг юм билээ. Цалинтай ажилд орсноосоо хойш мөнгө төгрөгөөр гачигдаж үзээгүй гэж хэлж болно. Аав, ээж минь надад сайхан авъяас заяасан, би бас ямар сайхан байгальд төрсөн юм бэ. Тэр гоё байгальд төрөөгүй бол би ямар дууг, ямар аялгатайгаар, яаж дуулахаа мэдэхгүй. Ямар ч гоё үндэстэн болж төрсөн юм. Ямар ч гоё үг хэл заяасан юм. Энэ л хамгийн гоё. Тэгээд энэ сайхан юмаа хайрлах тусам надад сайн сайхан юм өөрөө ороод ирдэг. Миний энэ дуу, уран бүтээл надад бүхий л сайн сайхныг авчирч өгсөн. Одоо таньтай уулзаад сууж байгаа минь ч гэсэн тэр сайн сайхан юмны нэг нь юм. Тэрнээс биш та юу боллоо гэж хаа холын Ар Монголоос намайг эрж хайж энд ирэх билээ. Ийм хэмжээнд хүрсэндээ би омгорхож явдаг...” гэж өгүүлсэн.

Мөнгөнцэцэг 1988 оноос “Сайн нөхрийн дуу”-гаараа нэрд гарч эхэлсэн бөгөөд энэ дуу Өвөр Монгол даяар тархжээ. Үүний дараа “Маргааш”, “Үүл”, “Зэрэглээт говь” зэрэг дуунууд нь алдарт хүрч, өвөрмонгол хүн бүрийн сонсох, дуулах дуртай дуу болжээ. Өвөр Монгол улс байгуулагдсаны далан жилийн ойн хүрээнд эдүгээ “Далан жил" хэмээх хөдөлгөөн ид өрнөж байгаа бөгөөд "Сүүлийн далан жилийн хугацаанд өвөр монголчууд юу хийв, ямар бүтээл гаргав” гэдгээр шалгаруулалт хийж, далан жилийн хугацаанд алдаршсан далан уран бүтээлчийг сонгосон байна. Үүнд дуучин Мөнгөнцэцэг багтжээ.

Түүний нэг онцлог чанар нь дуулсан дуунуудынхаа ая болоод үгийг зохиосон хүний нэрийг заавал дурдана. Жишээ нь тэрбээр: “Сайхан нөхрийн дуу”-ны үгийг Т.Чимэд гэдэг хүн бичсэн, аяыг нь Улаантуг зохиосон. Улаантуг бол Дундад улсын мундаг ая зохиогч. “Үүл”, “Маргааш” зэрэг дуу бол Улаантугийн ая. “Зэрэглээт говь”, “Миний сайхан найзууд” дууны аяыг С.Энхбаяр бичсэн. Өвөр Монголын хамгийн мундаг ая зохиогчид бол С.Энхбаяр, Т.Чимэд хоёр. “Зэрэглээт говь” дууны үгийг Насан бичсэн. “Ээж минь” дууны үгийг Рэнцэннамжил, аяыг Цогзол зохиосон. Энэ дууг Өвөр Монголд мэдэхгүй хүн байхгүй. “Монголоороо байгаасай” дуу бол анх миний дуулсан дуу. Энэ дууг би өөрөө захиалж бичүүлсэн. Үүнийг дэлхийн монголчууд дуулах дуртай. Намайг Монголд сурч байхад танай Эрүүл мэндийн сайд байсан Гүндалай энэ дууг дуулаад, өөрөө үг, аяыг нь бичсэн гэж зарласан. Үгүй шүү дээ. Энэ бол анх миний дуулсан дуу. Үг, аяыг нь бичсэн хүмүүс Гүндалай руу зарга явуулсан...” гэх зэргээр яриа халж байсан юм.

Тэрбээр гуч гаруй жил урлагт зүтгэхдээ зүгээр нэг дуу дуулаад явсангүй. Ардын дуунуудыг судалж, шинэчлэн найруулан дуулж, нэг ёсондоо Өвөр Монголд дуулагдах тухайн жилийн дууны өнгийг тодорхойлдог гэж хэлж болно. Ялангуяа улс даяар телевизээр гардаг шинэ жилийн үдэшлэгээр залуучууд нь “Мөнгөө эгч энэ жил ямар хувцас өмсөж тайзан дээр гарах нь вэ” гэцгээдэг бол өөрийнх нь үеийн хүмүүс “Мөнгөнцэцэг энэ жил ямар дуу дуулах нь вэ” гэж хүлээдэг байна. Тавиад оны үед америк залуучууд рок-н-роллийг үндэслэгч Элвис Преслиг дуурайж хувцасладаг байсан гэдэг. Үүн шиг Өвөр Монголд дуучин Мөнгөнцэцэгийг дуурайж хувцасладаг хүмүүс бас байдаг байна.

Тэрбээр 2004-2005 онд Ар Монголд ирж суралцжээ. Мөн энэ үеэс гурван жилийн турш ганц ч эстрад дуу дуулалгүй зөвхөн дууриар амьсгалжээ. Эхэндээ дуурийн дуучин Долгороор багшлуулж байгаад дараа жил нь Найдалмаа багшаар шалгуулж магистр хамгаалаад 2008 оны 1-р сард Өвөр Монголд дуурийн дуугаар тоглолт хийсэн байна. Энэ тоглолтонд “Монголын тал нутаг”-ийг Хятад, Монгол, Итали, Франц, Орос гэсэн таван хэлээр дуулжээ. Дуучин хүний чадал чансаа гэж байдаг. Мөнгөнцэцэг ямархан чансаатай дуучин болох нь эндээс харагдаж байгаа юм.

Алдарт гарсан дуучдад оддын өвчин, биеэ тоох, сэхүүн зан гаргах гэх мэтийн араншин тохиох нь их байдаг. Энэ тухай Мөнгөнцэцэг нэгэн сургамжит түүх ярьсан юм. Тэр өгүүлэхдээ: “Ерээд оны үед би Өвөр Монголд мундаг байсан. Намайг танихгүй хүн гэж байхгүй. Тэгэхэд одоогийнх шиг хөөрхөн хөөрхөн дуучид төрөөгүй байсан. Тэр үед би жинхэнэ од болж байлаа. Гэвч хөдөөний юу ч үзээгүй хүүхэд гэнэтхэн од болчихоор халтирдаг юм билээ. Биеэ тооно, өөрийгөө авъяастай, царайлаг, сайхан дуулдаг гэж сагсуурна. Ингэж надад оддын өвчин туссан. Миний аав охиноо өдөр болгон телевизээр хараад баярлахаас биш намайг чухам яаж сагсуурч явааг мэдэхгүй шүү дээ. Нэг үе би магтаалан дунд умбаж, хов хоосон үүлэн дээр гараад суучихлаа. Тэгээд бичлэгийн студид аягүй их зантай орно. Нэг л их биеэ тоосон том хүн. Тэгж байгаад нэг өдөр бичлэг хянадаг хятад, монгол хоёр хүнд айхтар загнуулсан. “Мөнгөө чи аягүй хувирчихсан байна. Биеэ тоогоод, магтаалд умбаад, одоо хэн ч биш боллоо. Чи битгий маяглаад бай, өнөөдөр дуулбал дуул, дуулахгүй бол яв. Одоохондоо чам шиг дуучин байхгүй байгаа ч маргааш гараад ирнэ” гээд намайг хөөж гаргасан. Тэгэхэд их л залуухан байж дээ. Намайг ингэж хэлдэг хүн бас байдаг юм байна гэж уйлаад хэдэн өдрийн турш сэтгэлээр унасан. Дараа нь би бүхнийг ухаарсан. Тэр үед оддын өвчин тусчихаад түүнийгээ засч дийлээгүй бол өнөөдөр би ингэж явахгүй. Тиймээс намайг загнасан хятад, монгол хоёр хүнд би одоо хүртэл талархаж явдаг. 2009 онд тэр хоёр хүнийг би тусгайлан урьж зоогонд оруулж байлаа. Намайг тэр үед аварсан хүмүүс шүү дээ. Энэ хоёрт загнуулсныхаа дараа би гэнэт сэхээрээд сургуульд явахаар шийдсэн. Тэгээд хоёр жилийн турш дунд, дээдийн номыг үзээд Бээжингийн их сургуулийн урлагийн салбарт шалгуулж орсон. Ингэж би оддын өвчнөөс өөрийгөө татаж авсан...” хэмээв.

Урлагийн хүмүүсийг нижигнэсэн алга ташилт, цэцгийн баглаа, сайхан магтаал гурав хүрээлж байдаг. Харин үүний дараачийн алхам бол архи... Тэгээд биеэ тоох өвчин. Чихэр ихэдвэл ой гутаж, чимэг ихэдвэл дур гутдаг. Төрөлхийн сийрэг ухаантай хүн бол архи, биеэ тоох өвчин мэтийг бол ор тас хаячихдаг. Дуучин Мөнгөнцэцэг төрөлхийн сийрэг ухаантай байсан тулдаа оддын өвчнөөс аль эрт салж чаджээ. Тиймдээ ч өнөөдөр шинэ шинэ дуу бүтээж олонд түгээхийн сацуу Өвөр Монгол болоод Дундад улсын эстрад урлагийн тайзнаа од болж гялалзсан хэвээрээ байна.

Зохиолч Б.ОЙДОВ Б. Ойдов

 

"Лада" хувьсал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.