Хос бичигтэй аймгуудыг Баянхонгор, Дархан, Хэнтий тэргүүлж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 59 секунд
Хос бичигтэй аймгуудыг Баянхонгор, Дархан, Хэнтий тэргүүлж явна

Хос бичигтэй аймгуудыг Баянхонгор, Дархан, Хэнтий тэргүүлж явна

 

Б.ЭНХТУУЛ

Уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгож, монголчууд бид 2025 он гэхэд хос бичигтэй болно гэхэд хэдэн жилийн өмнө дэмжих бус шүүмжлэх хүн олон таарч байв. Зарим нь “Хуучин монгол бичгээ сэргээж байгаа нь хөгжих биш, хойшоо ухарч байгаа хэрэг” гэж байсан. Харин зарим нь “1993 онд сургуульд орсон хүүхдүүдэд дөрөвдүгээр анги хүртэл нь монгол бичиг заасан. Кирилл үсгийг тавдугаар ангиас нь зааж, үр дүнд нь  үг, үсгийн алдаатай бичдэг, кириллээр ганц ч үг зөв бичиж чаддаггүй залуустай болсон” гэж боловсролын салбарыг буруутгах хүн ч таарч байв. Тэгвэл хуучны үг ул болж, хуучин монгол бичиг сүүлийн үед хэрэглээнд идэвхтэй нэвтэрч байна. Ялангуяа, хөдөөгийн аймаг, сумдад энэ талаар хэрэгжүүлж буй ажил, өрнүүлж буй аян цөөнгүй байна. Тиймээс энэ удаа  боловсролын салбарт олон жил ажилласан, тэр дундаа үндэсний монгол бичгийг сурч, судлах, түгээн дэлгэрүүлэхэд одоо ч хувь нэмрээ оруулж яваа гавьяат багш  Д.Гомбожавтай уулзаж, “Хос бичигтэй аймаг, сумд”-ын талаар ярилцсан юм.

 

“МОНГОЛ БИЧИГ ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН ХҮН БИЧИГ”

 

Д.Гомбожав гуай боловсролын салбарт 61 жил хүчин зүтгэж яваа нэгэн. Дорнод аймагт 10 жилийн сургуульд багш, захирлаар ажиллаж байхаас эхлээд  улсдаа нэр хүндтэй томоохон сургуулиудад гол төлөв монгол хэлний багшаар олон жил ажилласан нэгэн. Одоо ч хот, хөдөөд “Хос бичигтэн” болохоор мэрийж буй хувь, хувьсгалын байгууллагад чадах, мэдэхээ хэлж өгч,  зааж сургаж яваа юм.  Тэрээр монгол бичгийн тухай олон сонирхолтой түүх хүүрнэдэг. “Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн долоон бичиг үсэг байдаг. Түүний  нэг нь монгол бичиг юм. XIII зуунд Их Монгол Улсын үед Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгох зарлиг буулгаж, “Цагаан цаасан дээр хар бэхээр бичсэнийг ургийн урагт бүү өөрчилтүгэй” хэмээн зарлан тунхагласан тэр үеэс монгол бичиг дэлхий дахинд түгэн дэлгэрч эхэлсэн. Монголчууд биднийг “Монгол хүн” гэж тодотгох  ганц зүйл бол Монгол үндэсний эх хэл соёл, монгол бичиг юм.  Монгол бичиг бол угтаа хүн бичиг. Толгой, титэм, гэдэс, шилбэ гээд хүний  бүх шинж чанар түүнд агуулагдаж байдаг. Эрдэмтэн мэргэдийн судлан тогтоосноор монгол бичиг нь  наандаж мянгаад жилийн түүхтэй, дэлхийн соёлын санд монголчуудын нэмэрлэсэн үнэт хандив юм. Тиймээс монгол бичгийг  цаг алдалгүй сурч, судлах нь монгол хүн бүрийн үүрэг” гэдгийг онцолсон.

 

СУМЫН ТӨВИЙНХӨН СУРГАЛТАД СУУЖ, ХАЯГАА УНШДАГ БОЛОВ

 

Монгол бичгийг хүүхэд, залуус судлан сонирхож, хот, хөдөөгийн албан байгууллагууд гадна, дотнох хаягаа монгол бичгээр бичих болсон нь хоёр том шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталж, уг хуулиар монголчуудыг хос бичигтэй болохыг албан ёсоор хуульчилж өгсөн. Хоёрдугаарт, жил бүрийн тавдугаар сард  “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг болсонтой  холбоотой. Харин энэ тухай Д.Гомбожав гуай хэлэхдээ ”Манай улсын төр засаг иргэдээ үндэсний бичиг үсэгт бүх нийтээр суралцах тухай зарлиг, тогтоол, шийдвэрийг гаргасаар ирсэн. “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлиг болон УИХ-аас 2015 онд баталсан “Монгол хэлний тухай” хуулийг амьдралд хэрэгжүүлэх аян хот, хөдөөд эрчимтэй өрнөж эхэлсний үр дүнд аймаг, сумаараа “Хос бичигтэн” болох ажил орон даяар хүрээгээ тэлж өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий аймгууд монгол бичигтэн болох зорилт дэвшүүлэн, ажиллаж,  бусад аймгуудаа хошуучилж явна. Албан байгууллагаараа сургалтанд хамрагдаж буй аймаг, сумдын хувьд, Дорнод аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн захирал, Боловсрол судлалын магистр П.Эрдэнэцэцэг Монгол хэл-уран зохиолын багш нартайгаа хамтран сумынхаа албан байгууллагуудын гаднах, доторх хаягуудыг монгол бичгээр бичиж хийлгэсэн байна. Мөн дээр нь сумын төвийнхөө зарим байгууллагын ажилчдыг хэсэгчилсэн байдлаар монгол бичгийн сургалтад хамруулан сургаж байна. Мөн Дорнод аймгийн Чойбалсан, Төв аймгийн Лүн сум албан байгууллагуудынхаа хаягийг монгол бичгээр бичиж шинэчилсэн. Завхан аймгийн Идэр сумынхан ард иргэдээ монгол бичгээрээ уншиж, бичих сургалтыг эхлүүлсэн сайхан мэдээ байна” гэв.

 

ТӨРИЙН АЛБАНЫХАН ГАРЫН ҮСГЭЭ МОНГОЛ БИЧГЭЭР ЗУРДАГ БОЛЖЭЭ

 

“Хос бичигтэн” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй аймаг, сумдтай Д.Гомбожав гуай нягт холбоотой ажилладаг. Тиймдээ ч түүнээс зөвлөгөө авах, асууж сурах хүн олон. Монгол бичиг заалгахаар ирсэн хүн ч цөөнгүй. Харин үүний хариуд гавьяат багш маань зарим аймаг, сумууд төвийнхөө албан байгууллага, үйлчилгээний газруудынхаа хаягийг монгол бичгээр бичүүлж, төр захиргааны ажилтны өрөөний хаалган дээрх хүний нэр, албан тушаалыг монгол бичгээр бичиж, албан хаагчид, ард иргэд гарын үсгээ монгол бичгээр зурдаг болж байгаа нь сайшаалтай хэрэг” хэмээн олзуурхан сууна. Ялангуяа, босоо монгол бичгийнхээ сургалт, хэрэглээг нэмэгдүүлэх, төр засгийн бодлого, шийдвэрийг орон нутагт ажил хэрэг болгоход аймаг, сумдын Монгол хэл-уран зохиолын багш нар идэвх санаачлагатай ажиллаж байгааг магтсан. Дээр нь, “Босоо монгол бичгийг сурахыг хичээсэн хүнд 30 хоног хангалттай юм билээ. Тиймээс хичээх л хэрэгтэй” хэмээн хүүхэд, залууст идэвхтэй, санаачлагатай байх хэрэгтэй гэсэн захиас дайв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Баярмөнх: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100 хувь хэрэгжих ёстой
Н.Баярмөнх: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100 хувь хэрэгжих ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.