Тооцоо судалгаагүй төсвийн хүрээний мэдэгдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 12 секунд
Тооцоо судалгаагүй төсвийн хүрээний мэдэгдэл

Тооцоо судалгаагүй төсвийн хүрээний мэдэгдэл

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт, цар тахлын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2021 онд зургаа, 2022 онд 4.4 хувь хүрч өснө гэсэн өөдрөг таамаглалыг ОУВС дэвшүүлээд байна. Гэвч коронавирусийн мутацид орсон хувилбар хурдацтай тархдаг, вакцинд тэсвэртэй байгаа онцлог, ковидын эсрэг вакцины үйлдвэрлэл, түгээлт удаашрах, хөл хорионы хугацаа сунах зэрэг эрсдэлүүд ямар ч улсын эдийн засгийг сааруулах том хүчин зүйл болжээ. Ийм эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газар 2022 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөө боловсруулж Улсын Их Хурлын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ. “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэдэг нь тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа болон дунд хугацааны макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж, түүндээ тулгуурлан төсвийг төлөвлөж, хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах механизм юм. Тухайлбал, ДНБ, төсвийн орлого, зарлага, тэнцэл, хөрөнгийн зардал, өрийн хэмжээ зэрэг төсвийн болон эдийн засгийн чухал макро үзүүлэлтүүдийн хэмжээ, хувийг урьдчилан тооцоолж, хуульчлан батлаад дунд хугацаанд түүнээсээ хэтрүүлэхгүй байхаар төсвөө өргөн барих ёстой.
 
Гэвч сүүлийн жилүүдэд батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд хуульчилсан эдийн засгийн үзүүлэлтүүдээ төсөв болон төсвийн тодотгол өргөн барих бүрдээ дураараа өөрчилдөг болжээ. Тиймээс энэхүү чухал баримт бичгийг хэлэлцэж батлахад УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулахаа бараг больсон гэж хэлж болно.
 
Энэ удаагийн Төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх жилүүдийнхээс хэдэн тоо сэлгэж тавьсныг эс тооцвол бараг ялгагдах зүйлгүй болжээ. Тус бодлогын баримт бичигт дэлхийг нөмөрсөн цар тахлаас үүдэлтэй улс орнуудын нийгэм, эдийн засгийг бүхэлд эрс өөрчлөөд байгаа өнөөгийн онцлогийг огт тусгасангүй. Цар тахалтай холбоотой дэлхийн улс орны эдийн засгийн бодлого тэс өөр шийдлээр өрнөх нь тодорхой болсон. Өнгөрсөн жил улс орнууд ковидтой тэмцэх зорилгоор их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээнүүд авч хэрэгжүүллээ.
 
 
 
Улсынхаа эдийн засгийн хэр хэмжээнд тааруулж багахан хэмжээний санхүүжилтээр дорвитой арга хэмжээ авч чадсан чадварлаг удирдлагатай улс орон байхад асар их хэмжээний хөрөнгө зарцуулсан мөртөө эдийн засгаа агшааж, иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулсан манайх шиг улс ч бас бий.
 
 
 
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж буй дунд хугацааны төсөөллийг эдийн засгийн нөхцөл байдал ноцтой хүндэрсэн өнөө цагт УИХ гишүүд маань ур ухаанаа уралдуулан судалж, ирээдүйд үүсэх нөхцөл байдал, эрсдэлээ зөв төсөөлж батлах ёстой юм. Ирээдүйн төсөөллийг оновчтой гаргахын тулд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс үүдэж үүсэх эрсдэлүүдийг маш сайн тодорхойлох учиртай.
Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн сахилга бат, үр ашгийг сайжруулах талаар ганц нэгхэн гишүүн ярьж эхэлсэн боловч оновчтой шийдэл гарцын талаар ганц ч болов алхам хийсэнгүй. Төсөв нь татвар төлөгчдийн мөнгө учраас төсвийн шинэчлэлийн талаар зайлшгүй ярих цаг аль хэдийн болсон. Ер нь сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж түүндээ тааруулан төсвийн зарлагыг өсгөж, их наядаар хэмжигдэх алдагдлыг бий болгодог “гаж байдал”-даа УИХ дасаж эхэллээ. Үүнийг дагаад төсвийн урсгал зардал огцом өсдөг болсон. 2016 онд 6.7 их наяд байсан урсгал зардал 2021 онд 11 их наяд төгрөгийг давж 60 хувиар өсчээ. Төрийн албан хаагчдын цалингийн зардал ч ийм хэмжээнд нэмэгджээ. Энэ нь Монголын төр асар том данхар бүтэцтэй болсныг харуулж байгаа юм. Манай улс нийт хүн амынхаа зургаан хувьд хүрэх хэмжээний төрийн албан хаагчтай. Энэ нь баялаг бүтээгч гурван иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногдох хэмжээний үрэлгэн бүтэц юм. Уг асуудлыг нэг дор биш гэхэд хэсэгчлэн шийдвэрлэх санаачилга өргөн барьсан төсөлд алга. Өөрөөр хэлбэл, төрийн цомхон чадварлаг аппараттай байх талаар Засгийн газар огт санаа зовохгүй байгаа юм. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлж, шинэчлэлийн реформыг сайжруулах талаар энэ удаа онцолсон боловч гарц шийдлээ бас л олсонгүй. Төрийн өмчит компаниуд төр болон улс төрөөс хараат байгаа өнөөгийн нөхцөлд төрийн компаниудын шинэчлэл ярьж өөрсдийгөө төдийгүй өрөөлийг хуурах хэрэггүй биз.
 
 
 
Төрийн өмчит компаниудын орлогыг төсөвт оруулахаас өмнө хавтгайруулан халамжид цацдаг үрэлгэн төдийгүй төсвийн сахилга батгүй байдал хэрээсээ хэтрээд зогсохгүй иргэд нь дэмждэг болчихож. Тэр бүү хэл, тус бодлогын баримт бичгийн хууль зүйн үндэслэл болох ёстой “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль”-аа ч үл тоомсорложээ. Нэг үгээр хэлбэл, бодлого төлөвлөлтгүй, “үг хэл үйлдэл нь хол зөрсөн” ээлжит нэгэн бодлогын баримт бичиг УИХ дээр хэлэлцэгдэж байна.
 
 
 
 
Өнөөдөр манай эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Ирэх гурван жилд ч туйлын амаргүй байх нь. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990- иэд оны үеийн эдийн засгийн гүн хямралаас хойш анх удаа 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувь хүртэл агшив. Хямралыг үндэсний нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, жижиг дунд аж ахуй нэгжүүд хаапгаа барьснаар ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурч, ядуурал нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавар сүүдэр мэт дагалддаг. Бизнесийн үйл ажиллагаа доголдохтой зэрэгцээд улсын төсөвт орох ёстой татварын мөнгө дутаж Засгийн газар, төрийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүсдэг. 2020 онд улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь ийм учиртай. Манай улсын түүхэнд төсвийн алдагдал ийм өндөр дүнтэй гарсан удаа байхгүй.
Өнгөрсөн жил цар тахлын аюулаас эдийн засгаа аварна, иргэдээ хамгаалах 5.1 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүн нь бүхэнд ил байна. Гэтэл зарцуулсан гэх таван их наяд төгрөг бол 2016 оны Монгол Улсын төсвийн нийт орлоготой тэнцэх их хөрөнгө. “Ковид-19” цар тахалтай тэмцэх нэрийдлээр Олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авахаар гэрээ байгуулсан. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон. Энэ асар их хэмжээний санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан ч өнөө хүртэл алга. Төрийн ажлын залгамж чанараа дагавал Л.Оюун-Эрдэнийн кабинет олон их наядын зарцуулалтын талаарх мэдээллийг нийтэд өгөх үүрэгтэй. Гэвч өмнөх “данхар” хөтөлбөрөө хоёр дахин нугалах төслийг хэдхэн хоногт боловсруулсан аядаад зарласан Өмнөх Засгийн газар шигээ их наядаар хэмжигдэх хөтөлбөр нь бүтэлгүйтмэгц ямар нэгэн шалтаг хэлээд огцрох уу? Тооцоо судалгаагүй татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан нөхдүүдийн “толгой илдэг” байдал хэзээ хүртэл үргэлжлэх вэ? зэрэг олон асуулт хариу нэхэж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг бодит утгаараа “сэхээний тасаг”-т хүргэгдэж, дийлэнх иргэдийн амьдрал хүндхэн байна. Жижиг дунд аж ахуй нэгжүүд олноороо хаалгаа барьжээ. Томоохон нь ч хүндхэн байдалд байна. 
 
 
 
Өөрөөр хэлбэл, эрх баригчдын сүр дуулиан болж хэрэгжүүлсэн тооцоо судалгаагүй бодлогын хэлмэгдэгчид нь Монгол Улс, түүний нийт иргэд, аж ахуй нэгжүүд болж хоцорчээ.
 
 
 
Хэдийгээр дэлхийн олон улс оронд коронавирусийн эсрэг нийтийг хамарсан вакцинжуулалт эхэлсэн боловч энэ нь цар тахлын аюулгүй болсон гэсэн үг биш. 5.1 их наядын хөтөлбөр төсвийн болон гаднын зээл тусламжийн нөөц бололцоог ховх сорсон.Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монголбанканд байж болох боломжийг дайчлахаас өөр арга үлдээгүй. Олон их наядын хөтөлбөр зах зээлд их хэмжээний мөнгө шахсанаар эдийн засаг шууд сэргээд явчихгүй. Иргэд хэрэглэгчид санхүүгийн чадвартай байж гэмээн аж ахуйн үйл ажиллагааг дэмждэг учиртай. Засгийн газар үүсч бий болох эрсдэлийн талаар маш сайтар тооцоо хийж, Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой тусгах учиртай юм. Цар тахалд туйлдсан эдийн засгийг сэргээхийн тулд өргөн барьсан Төсвийн хүрээний мэдэгдэлд дараах гурван эрсдэлийг огт тооцсонгүй. Үүнд,
 
Нэг. Гадаад өр нэмэгдэх эрсдэл 
 
Монголбанкны статистик мэдээллээр 2016 оны II улиралд Засгийн газрын нийт өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 27.9 их наяд төгрөг болж нэмэгджээ. Энэ нь өмнөх оноос 4.0 их наяд төгрөг, өнгөрсөн дөрвөн жилд 11.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт. Үнэхээр онц ноцтой асуудал. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулсан. Саяхан Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Ийм их хэмжээний өрийг урд өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй. Монгол Улсын гадаад өр улс орны эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд иржээ. Ирэх гурван жилд Монголын Засгийн газар гадаадын гурван тэрбум илүүтэй ам.долларын зээл төлнө. Манай эдийн засагт ийм боломж байхгүй тул дахин зээл босгохоос өөр арга алга. Энэ нь Монгол Улс “өрийн хавх”-нд гүн баттай орсныг илэрхийлнэ.
 
Хоёр. Ханшийн эрсдэл
 
Монгол төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд 40 хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улс бараг байхгүй. Ам.доллараар манай улсын нийт импортын 70 хувь хийгддэг. Хэрэглээний сагсны 40 гаруй хувь импортын бараа эзэлдэг. Цар тахлын хүнд үед гадаад валюттай харьцах төгрөгийн сулрал импортын болон өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж эхэлсэн. Энэ нь нийт иргэд, ялангуяа тэтгэврийн насны ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүндээр тусах нь. Тооцоо судалгаагүй их наядын хөтөлбөрүүд ийнхүү ханшийн эрсдэлийг огцом нэмэгдүүлж байна.
 
Гурав. Инфляцийн эрсдэл
 
Олон их наядын хөтөлбөр ямар ч эх үүсвэрийг гадаад зээл ба мөнгө хэвлэх гэсэн хоёр аргаар л бүрдүүлнэ. Цар тахлын эдийн засаг инфляц нэмнэ гэдэг болгоомжлол дэлхий нийтэд асар хүчтэй яригдаж байна. Инфляц гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөний ханшийн үнэгүйдэл юм. Инфляцад нөлөөлдөг гол хүчин зүйл бол мөнгөний нийлүүлэлт. Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд буюу 2016 оны гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (М2) нь 10.1 их наяд төгрөг байжээ. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж нэмэгдлээ. Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд 14 их наяд төгрөг мөнгөний зах зээлд нийлүүлжээ. Өнгөрсөн жилээс эхлэн олон их наядаар хэмжигдэх хөтөлбөрийн мөнгө зах зээлд нэмэгдэж эхэллээ.
 
Үүнээс гадна төсвийн алдагдал инфляцийг хөтөлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн дөрвөн жил төсвийн алдагдап хоёр их наяд төгрөг давдаг болсон. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар УИХ баталсан. 2020 оны төсвийн тодотгол хийхэд алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Мөн Төв банкнаас Засгийн газар их хэмжээний зээл авах тохиолдолд инфляц хөөрөгдөх бас нэг шалтгаан болно. Ийнхүү инфляц нэмэгдэх хэд хэдэн бодит шалтгаан манай эдийн засагт бий болсон байна. Энэ нь цар тахлын хорионд орлогогүй болсон иргэдийн амьдралд дахин хүнд цохилт ирж магадгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралын түвшин буурах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч өндөр инфляцийн улмаас хөдөлмөрлөх сонирхол буурах, улмаар үйлдвэрлэл буурах зэрэг угсраа аюул дэргэд маань байна. Энэ бүхнийг дунд хугацааны бодлогын баримт бичигт тооцохгүйгээр зөв төсөөлөл гарахгүй. Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын стратеги нь улс орны хөгжлийн бодлого, тодорхой зорилт бүхий тооцоолол, судалгаанд үндэслэгдсэн байх учиртай. Бид дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон цар тахлын дараах эдийн засгийн онцлог хүчин зүйлсийг сайтар судалж, дунд хугацааны бодлоготойгоо уялдуулах учиртай юм.
 
 
 
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
Рашаант сумын багш нар ажил хаялт зарлажээ
Рашаант сумын багш нар ажил хаялт зарлажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.