Хүчилтөрөгчийн эмчилгээ буюу хөгшрөлтийг зогсоох нууц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 50 секунд
Хүчилтөрөгчийн эмчилгээ буюу хөгшрөлтийг зогсоох нууц

Хүчилтөрөгчийн эмчилгээ буюу хөгшрөлтийг зогсоох нууц

Эсүүдийн хөгшрөлтийг зогсоох үр дүнтэй аргыг олсон гэдгээ Израилийн Тель-Авивийн их сургууль ба эрүүл мэндийн судалгааны “Шамир” төвийн эрдэмтэд мэдэгдсэн нь сүүлийн өдрүүдэд анагаах ухааны салбар дахь дуулиан тарьсан нээлт болж байна. Энэ тухай насжилт судлалын асуудлаар дагнадаг Америкийн Aging сэтгүүлд бичсэнээр, хүчилтөрөгчийн эмчилгээ буюу гипербарын оксигенаци гэдэг аргыг туршсан нь эрүүл хүний цусны эсүүдийн хөгшрөлтийг зогсоож чадсан төдийгүй залуужих үйл явц руу шилжүүлж чаджээ.
 
Барокамер /хүчилтөрөгчөөр дэмжих төхөөрөмж/ ашиглан 3 сарын хугацаанд хийсэн уг эмчилгээний явцад хөгшрөлт ба өвчлөлтэй холбоотой 2 гол процессыг бүрэн зогсоох боломжтой гэдгийг Израилийн эрдэмтэд тогтоосон байна. Тодруулбал, нэгдүгээрт, хромосомуудын төгсгөлд байдаг теломерүүд богиносох үйл явц, хоёрдугаарт, үүргээ биелүүлж чадахаа больсон хөгширсөн эсүүд бие организмд хуримтлагдах үйл явцыг зогсоох боломжтой гэдгийг туршилтаар баталжээ. Өөрөөр хэлбэл, “эсийн анхдагч түвшинд хөгшрөлтийг ухраах боломжтой” гэдгийг харууллаа гэсэн үг.
 
Нас ахих тусам хуваагдах чадваргүй болж хөгширсөн эсүүд хүний бие организмд хуримтлагдаж, улмаар шинээр эсүүд нөхөн төлжихөд саад учруулснаар хөгшрөлт явагддаг. Хөгширсөн эсүүд нь зэргэлдээх эсүүд ба бие организмд бүхэлд нь сөргөөр нөлөөлнө. Эдгээр эс хуваагдах чадвараа алдах нь теломерүүд богиноссонтой холбоотой. Теломерүүд богиносох тусам хорт хавдар, зүрхний өвчин, зөнөгрөх өвчин тусах магадлал ихэсдэг
Теломерүүд нь хромосомуудын бүтцийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг ба тэдгээрийг энгийнээр төсөөлбөл, гуталны үдээсний үзүүрт байдаг, үдээсийг задруулахгүй барьж байдаг хуванцар эд гэж ойлгож болно. Нас ахих тусам “хуванцар эд” улам богиноссоор эцэст нь алга болох ба ингэснээр хромосом “өрвийж сэгсийдэг”. 
Израилийн эрдэмтэд туршилтын явцад 64-өөс дээш насны эрүүл биетэй 35 сайн дурынхныг барокамерт оруулж хэвтүүлээд, 100 хувийн хүчилтөрөгчөөр амьсгалуулсан байна. Гипербарын оксигенаци гэдэг энэ аргыг анагаах ухаанд өргөн хэрэглэдэг бөгөөд эмчилгээг үр дүнтэй болгохын тулд барометр доторх даралтыг нь гадна орчны даралтаас 1,5-3 дахин их байхаар тооцдог. 
Уг эмчилгээ нэг удаад 90 минут үргэлжилсэн ба өвчтөнийг долоо хоногт 5 удаа барокамерт оруулж, 3 сарын хугацаанд туршилт явуулжээ. Туршилт эхлэхээс өмнө, мөн туршилтын эхний ба хоёрдахь сар дууссаны дараа болон туршилт бүрмөсөн дууссанаас хойш 2 долоо хоногийн дараа гэх мэтчилэн нийтдээ 4 удаа сайн дурынхнаас цусны шинжилгээ авсан байна. Энэ хугацаанд сайн дурынхан амьдралын хэв маягаа өөрчлөөгүй, хоолны дэглэмээ солиогүй, өмнө нь уудаг байсан эмнүүдийнх нь нэр төрөл, тун хэмжээ огт өөрчлөгдөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Эмчилгээний явцад хөгшрөлтийн процессыг үнэхээр зогсоож чадсан төдийгүй эсүүдийн залуужих процесс эхэлсэн байна. Үр дүн нь гэвэл, теломерүүдийн урт нь эсийн хэлбэрээс хамааран 20-38 хувиар уртассан бол нийт эсийн тоонд харьцуулахад хөгширсөн эсүүдийн тоо эсийн хэлбэрээс хамааран 11-37 хувь цөөрсөн байна. Үүнийг илүү тодруулбал, В эсийн теломерүүд 37 хувиар уртассан бол хөгширч буй туслагч Т эсүүд ба цитотоксик үйлчилгээтэй Т лимфоцит эсүүдийн тоо 37 ба 10 хувиар тус тус цөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, туршилтанд оролцогчдын нас эсийн түвшинд 25-аар залуужиж, теломерүүдийн урт нь 40 настай үеийнх шиг нь болсон байна. Энэ бол үнэхээрийн гайхалтай үзүүлэлт.
 
 
 
Харьцуулж үзье. Теломерүүдийг уртасгах, хөгширсөн эсүүдийг илрүүлэн зайлуулах аргыг олох гэж орон орны эрдэмтэд олон жилийн турш оролдож байгаа юм. Өмнө нь явуулж байсан судалгаануудын явцад “эрүүл хооллолт, эрчимтэй дасгал хөдөлгөөн нь теломерүүд богиносох явцыг зогсоож, зарим тохиолдолд тэдгээрийг уртасгахад нөлөөлдөг” гэдгийг нэгэнт тогтоогоод байсан ажээ. Гэхдээ нэгэнт богиноссон теломерүүдийг уртасгах аргыг олж чадаагүй байсан юм. Тодруулбал, 6 сарын хугацаанд өндөр ачаалалтай аэробикийн дасгал хийхэд теломерүүдийн урт ердөө 5-хан хувиар нэмэгдсэнийг нэгэн судалгаагаар тогтоосон байх жишээтэй. Тэгэхээр Тель-Авивийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн оксигенацийн туршилтын үр дүн хамаагүй илүү гэдэг нь харагдана.
 
Туршилтыг санаачлагч, профессор Шай Эфрати ярихдаа “барокамер дахь янз бүрийн концентрацитай, өндөр даралттай хүчилтөрөгчийн үйлчлэлд үндэслэсэн гипербарын эмчилгээний аргыг боловсруулахын тулд бид 20 гаруй жилийн турш судалгаа хийсэн. Энэ хугацаанд уг аргаар хөгшрөлт, цус харвалт, гэмтлийн улмаас доголдсон хүний тархины үйл ажиллагааг сайжруулж болно гэдэг нь батлагдаж байв. Үүний сацуу дэлхийн олон орны эрдэмтэд теломерүүдийг уртасгаж чадах эм гарган авах, эсвэл амьдралын хэв маягийг өөрчлөх замаар хөгшрөлтийг зогсоох гэж оролдсоор ирсэн. Харин  бидний 3-хан сарын хугацаанд явуулсан гипербарын оксигенацийн туршилтын явцад эсийн түвшинд хөгшрөлтийг зогсоох боломжтой гэдэг нь батлагдлаа” гэв.
 
 
Тэрбээр цааш нь ярихдаа “НАСА-гийн хийсэн туршилтын явцад ихэр хоёр хүний нэгийг нь сансарт нисгэж, нөгөөг нь дэлхий дээр үлдээхэд тэдний хромосомын теломерүүдийн урт нь мэдэгдэхүйц  ялгаатай болсон нь тогтоогдсон. Тэгэхээр гадаад орчны өөрчлөлт нь хөгшрөх үед явагддаг эсүүдийн өөрчлөлтөд нөлөөлж байж магадгүй гэсэн дүгнэлтийг бид хийсэн юм” гэлээ.
Өмнө нь Израилийн эрдэмтдийн хийж байсан оксигенацийн эмчилгээний явцад өвчтөнүүдийн төдийгүй цоо эрүүл хүмүүсийн тархины судсууд шинэчлэгдэн, танин мэдэхүйн чадвар нь мэдэгдэхүйц сайжирч байжээ. Гэхдээ уг арга нь теломерүүд ба хөгширсөн эсүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг саяхныг хүртэл судлаагүй байсан юм. 
Товч тодруулга. Өмнө нь хүмүүс 125-аас дээш насалж чадна гэдэгт эрдэмтэд эргэлзэж байсан бөгөөд манай гарагийн хамгийн өндөр настнуудын амьдралыг судалсны үндсэн дээр, Human Mortality Database буюу хүмүүсийн нас баралтын талаарх статистик мэдээлэлд тулгуурлан  ийм дүгнэлтийг хийж байв.
Хэрвээ хүмүүсийн нас хязгааргүй гэж үзэх аваас наслалтын дээд хязгаар байнга нэмэгдэж байх ёстой. Гэтэл Шведэд гэхэд сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд эл үзүүлэлт бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 1860-аад оны үед хамгийн өндөр настан 101 насалж байсан бол энэ тоо 1990 онд 108 болох жишээтэй.  Жишээ болгон авсан 41 улсад наслалтын дээд хязгаар 1980-аад оноос хойш өөрчлөгдөөгүй байна.
 
 
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэгддэг Жанна Кальман 122 насандаа өөд болсноос хойш уг тоо улам буурсаар байна. Тухайлбал, 1968-1994 оны хугацаанд наслалтын дээд хязгаар жил бүр 0,15-аар өсч байсан бол 1995-2006 онд жил бүр 0,26-аар буурч байжээ. Үүний сацуу нийт хүн амын дотор өндөр настнуудын эзлэх хувь дэлхий даяар өсч байгаа юм.
Хүн хэд наслах вэ гэдэг нь эсийн түвшинд нэгэнт тодорхой болчихсон байдаг бөгөөд өнөөгийн байдлыг дүгнэвэл, хүний нас дээд хязгаартаа тулчихсан бололтой. Хэрвээ био анагаах ухаанд Израилийн эрдэмтдийн судалж буй гипербарын оксигенаци гэх мэт эрс эргэлт гарахгүй л бол дээр дурдсан 122 гэсэн тоо өөрчлөгдөхгүй бололтой.
 
Харин Оросын насжилт судлаач Дорина Донич-ийн ярьснаар бол, Израилийн эрдэмтдийн боловсруулсан эмчилгээний арга нь гайхаж шагширахаар шинэ зүйл биш гэнэ. Барокамеруудыг хуучин ЗХУ-ын үед бүх сувиллын газрууд болон томоохон эмнэлгүүдэд суурилуулдаг байжээ. Түүнчлэн хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж, залуужих хүсэлтэй Европын баячуудын хувьд барокамерт орох нь 19-р зууны сүүлчээр жинхэнэ моод болоод байв.
 
Мөн 1930-аад үед шумбагч хөлөг онгоцны багийнханд түгээмэл тохиолддог цацагт хяруулын эмгэг /decompression sickness/ гэдэг өвчнийг анагаахын тулд барокамерыг ашигладаг байжээ. Мөн 1950-1960-аад оны үед зүрхний мэс засал хийх үед барокамерыг ашиглахаас гадна угаарын хийд хордсон хүмүүсийг эмчилдэг байжээ. Орос болон Хятад улсад 80 гаруй төрлийн өвчнийг анагаахын тулд хүчилтөрөгчийн эмчилгээ хийдэг. Ташрамд дурдахад, барокамер нь коронавирусний халдварыг эмчлэхэд маш их үр дүнтэй гэдгийг Донич онцоллоо.
 
 
Төгсгөл
 
Туршилтанд оролцогчдын хувьд цаашид хэчнээн жил амьдрах вэ, эмчилгээний үр дүн нь хэр удаан хадгалагдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаагаас гадна үр дүн нь хэчнээн гайхалтай байлаа ч гэсэн уг туршилтыг маш цөөхөн хүн дээр хийсэн гэдгийг дурдах нь зүйтэй.
Гэсэн хэдий ч өмнө нь АНУ-д амьтад дээр хийж байсан туршилтуудын үр дүнг харвал, хөгширсөн эсүүдийг биеэс гадагшлуулснаар наслах хугацааг 30 гаруй хувиар уртасгах боломжтой гэдэг нь батлагдсан юм. Тэгэхээр Израилийн эрдэмтдийн хийсэн оксигенацийн туршилт ихээхэн найдвар төрүүлж байна.
 
 
Б.Адъяахүү  
“Outlaw”-ынхан 10 жилийн ойдоо зориулж хос цомог гаргахаар болжээ
“Outlaw”-ынхан 10 жилийн ойдоо зориулж хос цомог гаргахаар болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.