“Сайн хувьцаа” тогтоол хүүхдийг ялгаварласан гэж үзэж Цэцэд ханджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 37 секунд
“Сайн хувьцаа” тогтоол хүүхдийг ялгаварласан гэж үзэж Цэцэд ханджээ

“Сайн хувьцаа” тогтоол хүүхдийг ялгаварласан гэж үзэж Цэцэд ханджээ

Иргэн М.Төрбат Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоолын зарим хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийнХүнийг ...нас...аар нь ялгаварлан гадуурхаж үл болно...”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол... гаргах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд, …төрийн байгууллагын ...шийдвэр...бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.

Тэрбээр, Нэг. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэж хүний эрхийг баталгаажуулан бусад хуулиар нарийвчлан хамгаалсан.

Гэтэл Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоолын хавсралт болох “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-т хувьцаагаа худалдах иргэдэд “хувьцаа худалдан авах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх” гэх шалгуурыг тавьсан байна.

Хэдийгээр Засгийн газар иргэдийнхээ хувьцааг худалдан авах эрхтэй ч “хувьцаа худалдан авах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх” гэсэн дээрх тогтоолын шалгуур нь хүнийг насаар нь илтэд ялгаварласан гэж үзжээ.

Түүх сөхвөл, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолоор анх удаа Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд, үүний дараа Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолоор  2011 оны 4 дүгээр сарын 1-ний  өдрөөс  2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх” тухай тус тус шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрүүдээс дүгнэхэд тухайн үеийн Засгийн газар эхнээсээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тодорхой хувийг бүх иргэндээ тэгш байдлаар буюу Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсний дагуу хүнийг ялгаварлахгүй байх зарчмыг баримтлан эзэмшүүлсэн байдаг ба энэ шийдвэрт иргэд талархаж явдаг гэдгийг онцолжээ.

Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд...байна гэж зааснаар баялгийн эзэд болох иргэддээ баялгийн үр өгөөжийг тэгш хуваариалах, эзэмшүүлэх, захиран зарцуулах эрхийг ялгаварлахгүйгээр хангах нь төрийн, түүний дотор Засгийн газрын үүрэг мөн гэдгийг тодотгожээ.

Дээрх зарчмаар улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих, эзэмшиж буй хувьцааны зарим хэсгийг  нь худалдан авч мөнгөжүүлэх бодлого нь иргэдэд тэгш, ялгавартай бишээр хүрэх ёстой.

Өөрөөр хэлбэл төрийн бодлогын гадна нэг ч иргэн үлдэх ёсгүй.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа  орлого багатай мянга мянган айл өрхүүд хувьцаа эзэмшигч бүрийнхээ нэрлэсэн тооны хувьцааг мөнгөжүүлж, бөөгнүүлэн тодорхой хуримтлал үүсгэн жижиг бизнес эрхлэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх зэргээр амьдрал ахуйгаа бодитойгоор дэмжих сонирхолтой байгаа болохоос өрхийн 2-3 хувьцаа эзэмшигчийн цөөн хувьцааг худалсан багахан орлогыг идэж уух хэрэгцээндээ зараад дуусгахыг хүсэхгүй байна.

Гэтэл харамсалтай нь энэ удаад Засгийн газар иргэдээ 18 наснаас дээш, доош гэж ялгаварлан 18 наснаас дээш иргэдийн хувьцааны хэсгийг худалдан авах шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн суурь зарчим, дээр дурдсан зарим заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Хоёр. Дээрх тогтоолын хавсралтын 2.1.1-т “хувьцаа худалдан авах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх” гэх шалгуур нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ” гэж тодорхойлоод уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “төр... үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэхзарчмыг шийдвэр, үйл ажиллагаандаа удирдлага болгоно гэж хуульчилсан.

Мөн хуулийн 10 дугаар зүйлд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх Засгийн газрын үүргийг нэгдүгээрт, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах, хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах ёстой  гэж хоёрдмол утгагүйгээр хуульчилж өгсөн.

Өнөөдөр улс орны эдийн засаг хямарсан, иргэдийн орлого үлэмж багассан энэ цаг үед орлого багатай айл, өрхийн хүүхдүүдэд хоол, хүнс, эм тариа, хувцас, хичээлийн хэрэглэлээс эхлээд зуны амралтаа аятай тухтай өнгөрүүлэх зэрэгт мөнгө юу юунаас хэрэгтэй байгаа нь нэн ойлгомжтой.

Гэтэл Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, харин ч эсрэгээрээ 18 насанд хүрээгүй, халамж нэн шаардлагатай хүүхдүүдийг ийнхүү насаар нь ялгаварлан төрөөс иргэдийнхээ хувьцааг худалдан авч мөнгөжүүлэх бодлогын гадна үлдээж илтэд гадуурхсан нь Үндсэн хуулийн зөрчил  гэж үзжээ.

Эцэст нь иргэн М.Төрбат Үндсэн хуулийн цэц мэдээллийг цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон гэж дүгнэлгүй, Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолын холбогдох хэсэг Үндсэн хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахыг хүссэн байна.

Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа
Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.