Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхны сүр дуулиан дагуулсан авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд сүүлийн үед шүүх, прокурор дээр гацаж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болоод байна. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан зарим хэргийн талаар товч өгүүлье.
2016 онд тус яамны томчууд нь “Оюу цагаан барс” компанийн нийт 600 гаруй тонн самрыг урагш нь хилээр гаргахын тулд 1.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж авах ёстой байсан боловч үүнийг нь чөлөөлөн данс дугуйлж, улмаар тусгай зөвшөөрөл олгосныхоо шанд их хэмжээний хахууль авсан байлаа. Энэхүү ноцтой хэргийн гол эзэн нь тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба гэгч байсан юм. Ойр орчмын хүмүүс нь түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хүн гэдэг бөгөөд мань хүн “Оюу цагаан барс” компанийн эздэд тийнхүү үнэнчээр үйлчилж, хууль зөрчсөнийхөө шанд 150 сая төгрөгийн хахууль авсан байв. Гэтэл харамсалтай нь нэгэнт ил болсон энэ хэргийг нийслэлийн прокурорууд одоо хав дараад өнгөрөөх гэж байх шиг байна.
“Оюу цагаан барс” компаниас авлига хээл хахууль авч хөлжсөн төрийн албан хаагч нь ганцхан Д.Даваасамба ч биш ажээ. Түүнийг тус компаниас дээрх хээл хахуулиа авахаас долоо хоногийн өмнө Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүү гэгч нь бас 40 сая төгрөгийн хахууль авсан байлаа. Өөрөөр хэлбэл, тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох нэрээр Д.Даваасамба нь өөрийн удирдлаганд ажиллаж байсан С.Баярхүүтэйгээ гар нийлж хавсайдаад “Оюу цагаан барс” компанийн авлигаар тийнхүү хахаж цацталаа угжуулсан бүлэг хэрэг үйлдсэн байжээ.
Мөн байгалийн ховор ургамалд тооцогддог дэрвэгэр жиргэрүгийн үндсийг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл дээр тус яамныхан нэлээд овжин ажиллаж авлига хээл хахууль авч байсан нь өдгөө нэгэнт баримтаар нотлогдоод байна. Тухайлбал, 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нь дэрвэгэр жиргэрүгийн үндсийг экспортлох зөвшөөрлийг “Цагаан биндэрья” компанид олгоод тэндээс 65 сая төгрөгийн хахууль авчээ. Төрийн албан хаагчид авлига хээл хахуулийн иймэрхүү хэргийг үйлдэхдээ голцуу цаад компанийнхаа эздийн гаргасан хүсэлтүүдийг хэсэг хугацаанд дарж хясан боогдуулж байгаад, бизнесийнх үйл ажиллагаа нэлээд хүндэрч эхэлмэгц мөнгийг нь салгаж авдагийг бид бас энэ бүгдээс бэлхнээ харж болохоор байгаа юм. Жишээлэхэд, “Цагаан биндэрья” компанийнхан нь дэрвэгэр жиргэрүгийн үндсийг их хэмжээгээр түүж бэлтгэчихээд Хятад руу гаргахын тулд экспортын зөвшөөрөл авах гэснийг нь далимдуулан олон хоног сараар тийнхүү саатуулаад авлига авсан байлаа.
Манай улс дэрвэгэр жиргэрүгийн үндсийг дотооддоо боловсруулж чадахгүй байгаа бөгөөд энэхүү ховор ургамал түүхийг анхнаасаа зөвшөөрчихөөд дараа нь экспортод гаргах болохоор нь тийнхүү саатуулж байгаагаас харахад тус яамны тэдгээр эрх мэдэлтэнгүүд нь ийм аргаар, зориуд зохион байгуулалттайгаар авлига хээл хахуулийн хэргийг бүлэглэн үйлдэж байжээ гэж үзэж болохоор байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн шалгаж тогтоосон эдгээр хэргүүдэд хяналт тавьдаг прокурорууд нь шүүх рүү хавтаст хэргүүдийг нь шилжүүлэхгүй, шилжүүлсэн ч заримыг нь шүүхээс буцаагаад прокрор руу чулуудсаар өдий хүрчээ. Мөн хэргийг хянаж байсан прокуроруудыг нь дээрээс гэнэт сольж хольсоор байтал цаг хугацаа талийн одож, хэрэг нь шийдэгдэхгүй өдгөө гурав дөрвөн жил гаруйн нүүр үзэж байхад ялангуяа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нь бүр тоох ч үгүй янзтай суугаа нь тун гайхалтай. Мань хүн анх хууль хяналтын ажлыг чангатгах үүрэг хүлээн энэ хариуцлагатай албанд томилогдсоноо ч таг мартсан шинжтэй тэдгээр хэргийн эздийг хаацайлж өнгөрөөх гээд байх шиг байна. Ерөөсөө Авлигын томоохон гэмт хэргүүд ихэвчлэн прокурор дээр очоод юу ч биш болдог байсан урьдын гутамшигтай “туршлага”-ыг Б.Жаргалсайхан нь бас ингэж хэрэгжүүлээд, тэдэнд уусан шингэж байна гэхэд хэтрүүлэл болохооргүй ажээ.
О.Баяр
Түмэн.мн