Т.Гүррагчаа: Балбад газар хөдлөхөд мөсөн хавцал дундуур явж байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 19 секунд
Т.Гүррагчаа: Балбад газар хөдлөхөд мөсөн хавцал дундуур явж байсан

Т.Гүррагчаа: Балбад газар хөдлөхөд мөсөн хавцал дундуур явж байсан

 

Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаа 74 настай. Энэ хүн “Нас бол зөвхөн тоо” гэдгийг харуулж хэд хоногийн өмнө Эверестэд авираад ирсэн нэгэн. Түүнийг дэлхийн ноён оргилд авирч байх үеэр Балбад газар хөдөлснөөс авиралтаа дуусгаж чадалгүй буцсан юм. Тэрбээр хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн бөгөөд авиралт, аяллынх нь талаар ярилцлаа.

 

-Аян замдаа сайн яваад ирэв үү. Эверестэд хийсэн таны авиралт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

 

-Би эндээс дөрөвдүгээр сарын 5-нд яваад хоёр хоноод очсон. Дараа нь гурав хоног амарч, Эверест рүү машинаар тав хоног явсан. Тэр хугацаанд 4000, 5000 метрийн өндөртэй оргилд авирч дэлхийн ноён оргилд гарах бэлтгэл хийж явлаа. Тэгж явсаар Эверест рүү авирахад эхэнд таардаг 5200 метрийн өндөрт байрладаг баазад хүрсэн. Энэ нь манай Алтай Таванбогдоос өндөр оргил гэсэн үг. Тэнд тав хонож, биеэ дасгасан. Гэхдээ бас л зүгээр суугаагүй. Хажуу талын оргилуудад гарч авиралтад бэлтгэж байв. Ер нь дэлхийн ноён оргилд гарахад амаргүйг гадарласан учраас аль болох өөрийгөө ачаалал даах чадварт бэлтгэж явлаа.

 

-Баазад цаг агаарын байдал ямар байсан бэ?

 

-Өмнөх жилүүдээс хүйтэн байсан. Бидний буудалласан баазад 300-гаад уулчин цугласан байв. Урд талаас нь ч гэсэн ийм тооны уулчин Эверест рүү авирахдаа бэлтгэж байлаа. Бид дөрөвдүгээр сарын20-нд оргилын эхэн цэгт гарч, хүчилтөрөгчийн багт дасах бэлтгэл хийсэн. Би Энэтхэгийн хоёр, Австрийн дөрвөн уулчинтай нэг баг болж авирсан юм. Хүн бүр нэг ширпатай. /Гималайн бүс нутагт амьдардаг уулын хөтөч/ Бид биеэ дасгаж бага багаар замаа туулсаар нэг мэдэхэд 8010 метрийн өндөрт гарчихсан байсан. Хамт явсан Энэтхэгийн уулчин өндөр хэмжигчтэй явсан учраас цаг тухайд нь өндрөө хэмжиж байсан хэрэг. Тэгээд бидний оргил өөд гарах жинхэнэ дайралт биш байсан болохоор эргээд дундын бааз руугаа явсан. Гурав хоногийн дараа Эверестийн оргил өөд авирч байтал тэндхийн 14.30 цагийн үед газар хөдөлсөн. Тэр үед бид мөсөн хавцал дундуур явж байв. Тэгсэн мөснүүд хавиралдаж хяхтнаад хажуу талын оргилын мөс нь нураад цагаан манан татсан. Тийм нөхцөлд хүн сандраад учраа олдоггүй юм билээ. Хурдан доошоо буумаар ч юм шиг, тэрүүхэн үедээ юу хийх учраа олохгүй байв. Гэхдээ бидний авирч байсан оргилд газар хөдөлж байгаа нь 20-30 секундэд л мэдрэгдсэн байх. Харин биднээс зайтай байсан оргилын ар руу хүжигнээд л байсан. Тэгэхэд л нөгөө айхавтар Балбад болсон нуралт болсон байна лээ.

 

-Танай багийнхан хэдийд бааз руугаа явсан бэ?

 

-Газар хөдөлсний дараахан бидэнд “Хурдан доошоо буу. Дахиж газар хөдлөх магадлалтай байна” гэсэн мэдээ ирсэн. Бид ч авч явсан бүх зүйлээ хаяад ганцхан мишокоо аваад хурдхан доошоо буусан. Тэгэхэд биднийг баазад хүрэхэд дахиж газар хөдөлсөн. 5200 метрийн өндөрт байрладаг үндсэн бааздаа хаашаа ч явалгүй найм хоносон. Тэнд найм хоноход их зутарсан. Нар жаргахаар хасах 40-50 хэм байсан учраас даарах бол энүүхэнд. Тиймээс нар жаргахаас урьтаж майхандаа орохгүй бол амар хонохгүй. Миний мишок хасах40 хэмийн хүйтнийг эсэргүүцэх чадвартай байсан ч хучлагаа давхарлахгүй бол даараад болдоггүй байв.

 

-Газар хөдлөлтийн үеэр уулчид амиа алдсан гэсэн. Тэр талаар мэдэж байсан уу?

 

-Уулчдаас 18, ширфа, үйлчлэгчдээс 20 гаруй хүн амиа алдсан. Байгалийн гамшиг ямар хэлж ирэх биш дээ.

 

-Хэрвээ газар хөдлөөгүйсэн бол та Эверестийн оргилд гарах бүрэн боломжтой байсан байх?

 

-Бүрэн боломжтой байсан. Манай Б.Цэвээндаш бас тэр үеэр Эверетэд гарах байсан. Тэндхийн зургийг авч үзэсгэлэн гаргая гэсэн бодолтой явсан юм билээ. Бид хоёр өөр компаниар явсан. Хэрвээ газар хөдлөөгүйсэн бол энэ сарын 3 гэхэд авиралтаа эхлүүлэх байв. Ер нь хайрхан чинь хүнээ өөрөө ялгаад авчихдаг юм байна. Энэ шалтгаанаар баазад байрлаж байсан гадаадын хоёр уулчны бие муудаж онгоцоор яаралтай авч явсан. Нэг нь сохроод, нөгөө нь хатгаа авснаас амьсгалаа бүрэн авч чадахгүй болсон байсан. Миний хувьд хоол нь таарахгүй байснаас зарим зүйлээс харшилтай болсон. Тэнд байхад хүйтрэх тусам бидэнд халуун ногоотой шөл өгдөг байв. Түүнийг би идэж чаддаггүй. Эндээс авч явсан каз, шууз, борц, арвайн гурилаа идсэн.

 

-Уулнаас буухдаа орхисон ачаа тэшээ хэдийд авсан бэ?

 

-Ширпагаа нууцаар явуулж найм хоносны дараа ачаагаа авчруулсан. Надтай явсан ширпа Эверестийн оргилд долоон удаа гарч байсан туршлагатай хүн таарсан учраас замаа анддаггүй байв. Гэхдээ л тэр хүйтэнд дээшээ гарах замдаа нэг хонож ирсэн учраас түүнд санаа зовсон.

 

-Газар хөдөлснөөс найм хоногийн дараа та нарыг авахаар хүн ирсэн үү?

 

-Хугацаа заачихсан байсан. Бүх замыг нь хаачихсан байсан учраас машинаар буцах боломжгүй. Гэхдээ л ямар нэгэн арга хэмжээ авах байлгүй гэж хүлээсэн. Тэгэхэд бусад улсын Элчин сайдын яамны хүмүүс нь ирээд иргэдээ нисдэг тэрэгтэй ирээд аваад явсан. Манай улс Балбад Элчин сайдын яамгүй учраас бор зүрхээрээ явахаас өөр аргагүй болсон. Гэхдээ явахыг зөвшөөрөөгүй байсан учраас хулгайгаар явсан юм. Тэндээс хоёр хоног машинаар явсаар Лхас руу явсан. Катмандугаас визээ авах ёстой байсан учир түүгээр дайрах шаардлагатай болсон. Ер нь авиралт хийж буй олон улсын нэг багт 5000 ам.доллар өгдөг юм билээ. Түүнийг нь хуваахаар нэг хүнд 400 гаруй ам.доллар ногдож байв. Түүгээрээ би замын зардал хийхээр болсон. Балбад очтол байшингууд нь нурчихсан, цэнгэлдэх хүрээлэн шиг газар майхан барьсан байв. Тэнд байхад хоол ундны хувьд ч хэцүүхэн байсан.

 

-Балбад байхдаа Монгол руугаа эсэн мэнд байгаагаа хэрхэн дуулгасан бэ?

 

-Монголоос хамт явсан Б.Цэвээндаш гар утаснаасаа мессеж илгээж эсэн мэнд байгаагаа дуулгасан.

 

-Та Эверест рүү өмнө нь хэдэн онд авирч байсан билээ?

 

-2001 онд. Тэр үед урдаас нь авираад хоёр том оргилд нь гарсан. Гэхдээ машин зорчих боломжгүй байсан тул хол газар явган явж байв.

 

-Оргилын урд талаас авирах хэцүү юү?

 

-Замын хувьд ард, урдаас нь авирах бараг адилхан. Хойд талд мөс ихтэй, уулчдад халгаатай гэж хэлж болох хоёр газар л байдаг юм. Тэнд уулчид их саатдаг. Түүнээс биш бараг ялгаагүй.

 

-Та 74 настай. Таниас өндөр настай хүн Эверестэд авирч байсан болов уу?

 

-Байхгүй. Хамгийн ахмад нь би. 50 гаруй насны хүмүүс Эверестэд авирч байсан гэсэн. Харин албан ёсоор Японы69 настай хүн Эверестэд гарсан гэдэг.

 

-Хүндхэн авиралтын дараа хэсэг хугацаанд амрах уу. Дараагийн авирах оргилоо сонгосон уу?

 

-Амрах хугацаа надад байхгүй. Ирэх сарын 11-15-нд Ховд аймгийн Цамбагаравт улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнийг зохион байгуулна. Мөн Алтай Таванбогдод Онцгой байдлын газраас сургалт зохион байгуулах гэж байна. Түүний дараа ирэх наймдугаар сард Хятад явж Тэнгэр ууланд авирна даа.

 
 
“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлав
“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.