Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засагт гол түшиц болох аймаг орон нутаг, томоохон бүтээн байгуулалт дагасан төслүүдээ эргэж, гацаад байсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Юуны өмнө тэрээр Өмнөговь аймаг, Гашуунсухайт, Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай танилцсан. Ингээд Дархан-Уул, Орхон аймагт ажиллав. Тэр тусмаа Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлдэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, аймаг орон нутагт тулгамдаад байсан олон асуудлыг шийдвэрлэхээр болов.
Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай, металлурги, химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэр”-т гардуулан өглөө. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг бүлэг этгээдүүд аваад байсныг төр, ард түмэнд эргүүлэн авахад голлон үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг та бүхэн мэднэ.
Тиймдээ ч уг асуудлыг Засгийн газраас зоригтой шийдвэрлэснээр ”Эрдэнэт” үйлдвэр 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоог гаргажээ.
Аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор маш олон эерэг үр дүн авчрах юм. Өнөөгийн байгаа“Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх, өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх, Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг олон давуу тал бий болно.
Нэгэн цагт олигархи бүлэглэлийн гарт 49 хувиа алдаад байсан “Эрдэнэт” үйлдвэр дахин сэргэлт, шинэчлэлийн олон ажил хийхээр боллоо. Ингэснээр тус үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар дээшлэн, орон нутгийн иргэдийн амьжиргаанд томоохон өөрчлөлт үзүүлж, ажлын байр шинээр бий болох юм. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засагт томоохон сэргэлт бий болгоно.
З.Шатар
Түмэн.мн