“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагынхан хэнээс мэдээлэл аваад байна вэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексд  Монгол улс өнгөрсөн оноос зургаан байраар хойшилж 60-т оржээ. Ингэж ухрах шалтгааныг гүтгэлгийг эрүүгийн хэргээр шийддэг, Төрийн байгууллагууд ил тод биш байгаа, олон цахим сайт хаасан, сэтгүүлчдийг шүүхэд өгсөн тохиолдол нэмэгдсэн гэж тодорхойлсон байх юм.

Сэтгүүлзүйн салбарт өрнөж буй үйл явдлаас улбаалж дээрх дүгнэлттэй зарим талаар санал зөрж байна. Эрхзүйн зохицуулалтын хувьд гүтгэлэг, доромжлолын хэргийг эрүүгийн хуулиас өнгөрсөн онд хассан. Захиргааны зөрчлийн маргаанаар хянан шийдвэрлэхээр болсон гэсэн үг.

Төрийн байгууллагуудад асуудлаа зөв тодорхойлж, журмын дагуу хөөцөлдснөөр хүссэн мэдээллээ авч болдог гэдгийг сэтгүүлч Л.Болормаа агсны сүүлийн сурвалжлагууд, иргэн Б.Цэрэндолгорын Мүүний шашинтай холбоотой үйл явдал харуулж байна. Мөн миний бие ч иргэний хувиар Гааль, Татвар, Ашигт малтмалын газраас хүссэн мэдээллээ авч дөнгөсөн.

Өнгөрсөн онд Zaluu.com гэдэг сайтыг л лав дахин нээсэн. Харин эдийн засгийн хямралаас үүдээд хэд хэдэн сайт үүдээ барьсан баримт бий.

Шүүхэд очиж байгаа сэтгүүлчдийн бүтээл дээр дүн шинжилгээ хийгээд үзэхээр дийлэнх нь сэтгүүлзүйн мэдлэг, ур чадвар дорой, мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гаргасан байдаг. Мөн шүүхэд очсон хүмүүсийн олонхи нь сэтгүүлчийн мэргэжлийн дипломгүй, идэвхтэн бичигч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа өөр мэргэжлийнхэн байна. Цахим сайтын тоо эрс олширч, сэтгүүлзүйн салбар боловсон хүчний хомсдолд орсон, нөгөө талаар сонгуулийн жил ойртож улс төрийн амьдрал идэвхжсэнтэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагуудад хэвлэлийнхнийг өгөх явдал нэмэгдсэн гэж таамаглаж байна.

Ингэхэд яагаад үүнээс илүү ноцтой шалтгааныг Хил хязгааргүйчүүд маань олж харахгүй байна вэ?

Редакцийн хараат байдал улам л газар авсаар байгаа. Эзэндээ үйлчилдэг энэ олон хэвлэл мэдээллийнхэн бодит мэдээллийг нийтэлж, нэвтрүүлэхгүй байгаагаас өөрсдөө эрх чөлөөгөө боомилж байна.

Хэвлэлийн эрх чөлөө бол мэдэх эрхтэй салшгүй холбоотой. Олон нийт бодит байдалд нийцсэн мэдээлэл авах үндсэн эрхтэй. Яагаад гэвэл тэд тийм мэдээлэл дээр үндэслэн амьдралдаа зөв шийдвэр гаргамаар байдаг. Гэтэл олон нийтийн эрх ашиг гэдгийг олон хүнд сонирхолтой байлгах зүйл гэж гэнэхнээр эндүүрсэн цөөнгүй сэтгүүлчээс болж дуулиан, шуугиан бүхий “зохиол” газар авлаа. Тийм ээ. Сэтгүүлчид зохиож байна. Нягталж шалгалгүйгээр, таамаглалаа болсон явдал мэтээр төсөөлөн дүрсэлсэн сурвалжлагч, редактор ч бий.

Сэтгүүлчид бусдын өмнөөс ярьснаар иргэдийн жинхэнэ хэлэх ёстой байсан үгийг хааж байна. Зарим сайт авилгал нэхсэнээр хэн нэгний амыг өөрсдөө барих болжээ. Хэвлэлийнхэн иргэдийн амыг бариад зогсохгүй бие биенээ ч үгүйсгэсээр сүүлдээ хэн үнэнийг өгүүлж байгааг тааж мэдэхийн аргагүй нөхцөл үүсгээд байгаа.

Эх сурвалжаа үнэлж мэдэхгүй сэтгүүлч тэр бүр үнэнийг илчлэхгүй. Тиймээс ч тэд нийгмийн сүлжээнээс будаа идэж байна. Хувь хүний байр суурийг үсэг гээлгүй хуулаад нийтэлдэг сайт олон. Энэ мэт хэдхэн жишээ нь хэвлэлийн эрх чөлөө нь гадны гэхээсээ дотоод хүчин зүйлээс илүү хамаарах болсныг илтгэж байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Монголд байгаа хэвлэлийн эрх чөлөөний эерэг үзүүлэлтүүдэд Олон нийтийн телевиз төлөвшсөн, Хэвлэлийн зөвлөл байгуулагдсан зэргийг онцолжээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан нь хэн ч маргашгүй сайн зүйл мөн. Хэвлэл мэдээллийн салбар дахь ёс зүйн төлөвшил өөрөө чөлөөт сэтгүүлзүйн хөгжлийн түвшинг илэрхийлэх нэг хэмжүүр билээ.

МҮОНТВ-ийн тухайд уг байгууллагыг төлөвшүүлэх биш эсрэгээрээ улс төржүүлж, эрх баригчдын телевиз болгосон гэж үнэлбэл зохино. Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байсан хүмүүс удирдлагаар нь ирэнгүүтээ Монголын телевизийн мэдээллийн хамгийн том сувгийн хүрээ, хүртээмжийг хумиснаас гадна мэдээллийн агуулгыг эрх баригчдын бүтээн байгуулалт, төр захиргааны ажил байдлын тайлан мэдээнд илт чиглүүлсэн.

Энэ мэт хэдхэн шалтгаанаар Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний байр байдлыг тогтоох судалгаа, аргачлал байндаа туссангүй гэж хэлэх гэсэн юм. Ингэхэд Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагынхан яг ямар мэдээллийг яагаад, хэнээс, хэзээ, хаана, яаж аваад байна вэ? Мэдэж байгаа хүн байна уу?

Хариулт үлдээх

Your email address will not be published.