Магтан дуулах нь сэтгүүл зүйн үүрэг биш

Редакцийн өгүүлэл

Дэлхий даяар Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглан дээдэлдэг энэ өдрийг /тавдугаар сарын 3-н/ Монголын нийт сэтгүүлчийг төлөөлдөг голлох байгууллага олон түмний үнэнийг мэдэх эрхэд шууд харшилсан, чөлөөт хэвлэлийн зарчмаас илт ухарсан үйлдлээр угтаж байна.

Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” нэрийн дор сэтгүүлчдийн бүтээлч, шүүмжлэлт хандлагыг илт цензурдаж, зөвхөн магтан сайшаасан агуулга бүхий “гэгээлэг” гэсэн тодотголтой мэдээг бүхэл бүтэн найман сарын турш бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэмжээ хязгааргүй түгээх ажлыг өнөөдөр /2016.05.02/ албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү аяны удирдамжид “…Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээсэн сайн мэдээ бүрийнхээ тоогоор эдийн засгийн дэмжлэг авна. …Өрсөлдөөний зарчмаар хамгийн сайн, хамгийн хүртээмжтэй, хамгийн олон мэдээ түгээж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд шагнал, урамшуулал хүртэнэ…” гэж бичжээ.

Тиймээс эдийн засгийн хувьд бүрэн бие дааж, санхүүгийн хараат бус байдал нь төлөвшөөгүй энэ олон хэвлэл тэрхүү урамшууллаас хүртэхийн тулд олон нийтийн эрх ашгийг зөрчсөн аливаа зөрчил маргаантай асуудал, сэдвийг эрж хайж, ухаж төнхөхийн оронд зөвхөн магтан сайшаасан, реклам сурталчилгааны шинжтэй бэлэн мэдээллээр өөрийн хэрэгслийн орон зайг дүүргэх нь дамжиггүй. Ингэснээр олон нийтийн эрх ашиг, мэдэх эрх орхигдож, эрх баригчид, албан тушаалтнууд хийгээд аливаа хууль бус үйлдэл хийгчдийн булхай луйвар тэр хэрээр дарагдаж үлдэх эрсдэл бий болно.

Ялангуяа, улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн нөлөө бүхий байгууллага болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой аливаа зөрчил “Аяны зохион байгуулагч, санхүүжүүлэгч” гэдэг агуулгаараа бүрэн хаацайлуулж, хамгаалалтад орно. Товчхондоо, хэвлэл мэдээллийнхэнд хэзээд сөрөг имиж болсоор ирсэн бизнесийн хамтрагчаа муулдаггүй “Хаалтын гэрээ” гэх албан бус харилцаа ил цагаандаа гарна гэсэн үг. Хэдийгээр аянд оролцох хэвлэлүүд гэрээгээр “амиа хамхих” үүрэг хүлээхгүй ч бүхэл бүтэн найман сарын хугацаанд магтан дуулсны төлбөрөө авахын тулд ямар ч хэвлэл санхүүжүүлэгчийнхээ талаар сөрөг мэдээлэл гаргахгүй. Энэ бол өнөөдрийг хүртэл манай салбарт тулгамдсаар ирсэн хамгийн том бэрхшээл шүү дээ.

Өнөөдөр манай салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 9-т “Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана. 9.1-д Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана” гэж тов тодорхой заасан.

Энэ нь бидний зайлшгүй мөрдөх ёстой хэм хэмжээ.

Тэгвэл “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд хэвлэлүүд төлбөр авна. Тэгсэн хэрнээ “Мэдээ гэсэн бичлэгийн төрөл зүйлээр оролцоно” гээд байгаа. Төлбөртэй бол сэтгүүл зүйн мэдээ биш сурталчилгаа болно. Мөн тухайн мэдээ бүрийг нийтлэхдээ аян зохион байгуулагчдын нэр, логог хамт байршуулна гэж тулгасан нь энэ аян бүхэлдээ сэтгүүл зүйн үйл ажиллагаа огт биш, ердөө сурталчилгаа, тэр дундаа далд сурталчилгаа гэдэг нь тодорхой болж байна.

Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүд нь зөвхөн “ҮНЭНИЙГ МЭДЭЭЛЭХ” гэсэн зарчим шалгуураар бүтэж, үнэ цэнэ нь тодорхойлогдох ёстой болохоос “Хар бараан”, “Гэрэл гэгээтэй”, “Сайн сайхан” гэх мэт хэт ерөнхий, хийсвэр үнэлэмжтэй байдаггүй билээ. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд халдсан, улс орны эд хөрөнгө шамшигдуулсан аюултай, ноцтой гэмт хэргийн тухай мэдээлэл ч олон нийтийн эрх ашигт хамаатай чухам “Сайн мэдээ” байдаг. Гагцхүү тухайн мэдээллийг бэлтгэхдээ сэтгүүлч хүн ёс зүйн болоод мэргэжлийн хэм хэмжээгээ хэр баримталж вэ? гэдэг л чухал үзүүлэлт болсоор ирсэн. Энэ нь дэлхий нийтийн сэтгүүл зүйн хөгжлийн эрүүл жишиг, зөв хандлага.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагын бус ХҮН БҮРИЙН МЭДЭХ ЭРХИЙН тухай ойлголт.

Гэтэл манай сэтгүүлчдийн нэгдсэн байгууллага социализмын үеийн цензурт хэвлэл мэдээллийн зарчмаар зөвхөн сайн сайхныг магтан дуулуулж, бэлэн мөнгө амлаж, муу муухайг санаатай далдалж, ҮНЭНИЙГ, ЗӨРЧЛИЙГ эрж хайх сэтгүүлчдийн эрх, бүтээлч хандлагыг хязгаарлах алхам хийж байна.

Иймд манай www.nem.mn сайтын редакц энэ аянд оролцож сэтгүүл зүйн зарчмаасаа ухрахгүй гэдгээ үүгээр илэрхийлэхийн зэрэгцээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагад хандаж “Энэ аянд оролцохгүй байх, зөвхөн ҮНЭНД ҮЙЛЧЛЭХ сэтгүүл зүйн үүргээ нэр төртэй биелүүлэх”-ийг уриалж байна.

Ардчилсан, чөлөөт, хараат бус, шударга хэвлэл мэдээллийн төлөө хамтран ажиллацгаая!

www.nem.mn сайт “Ньюс Эксперт Монголиа” редакц
2016.05.03

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл

  • p[202.70.34.70]2016.05.03

    haaltiin gereegeer tsuvral survaljlaga hiigeech

  • Anonymous[43.242.243.151]2016.05.05

    Аяны нээлтэд оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь ч сайн мэдээ бичих хэрэгцээ байгаа л даа. Гэхдээ сайн мэдээний тоогоор мөнгө өгнө гэдэг ч арай биш ээ. Тэгээд энэ мөнгийг нь Эрдэнэт үйлдвэр өгнө гэж байгаа бол бүр биш. Ажилчдынхаа цалинг тавихад хүнд байна гэсэн биш үү.