Хөгжлийн шийдэл – Кластер

Т.Мөнхбаяр арав гаран жил тавилга хийн, амьдарч байна. Нарантуул зах дээр борлуулдаг. Өрсөлдөөн ч ихтэй. “Анх том зорилго өвөрлөн, эрч хүчээр дүүрэн бизнесээ эхлүүлж билээ. Одоо эргээд харахад, зогсож байсан цэгээсээ хэдхээн л алхам урагшилж дээ. Өрсөлдөгчид маань ч ялгаагүй өнөө маргаашаа л аргалж явна. Хэдий өрсөлдөгч боловч цугтаа удаан ажиллаад ирэхээр найзууд болдог юм аа. Сайхан сайхан мөрөөдөлтэй залуус өч төчнөөн төгрөгөөрөө шатаж дампуурахыг олон харлаа даа” хэмээн гуниглангуй өгүүлэв. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нэг ижил зүйлийг  тус тусдаа хийх гэж чармайсаар хэн нь ч дэвжихгүй буйн бодит жишээ энэ.

Хэрвээ бид хоорондоо нягт уялдаа холбоотой хамтарч ажиллаад, аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдэн нийлснээр бүтээж чадвал хөгжилд хүрдгийг олон улсын жишээ харуулж байна.

Өөрөөр хэлбэл, ширээ үйлдвэрлэлээ гэж бодъё. Тавцанг Дорж, хөлийг Дулмаа, боолт холбоосыг Дондог тус тусдаа үйлдвэрлээд, түүхий эд болох мод болон бусад материалыг нь Дэндэв нийлүүлдэг байя. Харин Бат эвлүүлж ширээ болгоод зах зээлд борлуулдаг болчихвол хүн бүр хамтдаа дэвших болно.

Энэ бол эдийн засгийг төрөлжүүлж, төвлөрүүлж хөгжүүлэх буюу кластерын арга юм. Дэлгэрүүлбэл, Харвардын Их сургуулийн профессор Майкл Портер “Тодорхой чиглэлээр газар зүйн хувьд нэгдэн байршсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээг үзүүлэгчид, ханган нийлүүлэгчид, их дээд сургууль, худалдааны холбоод зэрэг харилцан нягт холбоотой компани, байгууллагууд” гэж 1990 онд тодорхойлсон байна.

2010 онд МУИС-ийн оюутан С.Амартүвшин магистрын зэрэг горилсон бүтээлдээ:

 

ca

 

“Кластерт оролцогчдыг тойргоор илэрхийлэхдээ 4 бүлэгт хуваадаг. Үндсэн үйл ажиллагаа явуулж буй пүүс нь Кластерт тэргүүлэх байр суурьтай байх бөгөөд тэд ихэвчлэн кластерын хилээс гадна орших хэрэглэгчдээс өөрсдийн орлогынхоо ихэнхийг олдог” хэмээн кластерын бүтцийг зураглажээ.

Монгол Улсад кластер хөгжив үү?

2011 онд  аж ахуйн нэгжүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголын бизнесийн зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг санамж бичгийг байгуулжээ.

Мөн 2010 онд байгуулагдсан Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллага Кластерийн хөгжлийн санаачилга гарган үндэсний хэмжээний сүлжээ байгуулахаар ажиллаж эхэлжээ.

Азийн Хөгжлийн банкны  зөвлөмжинд  “Одоогоор Монголд бодит кластер буй болж хараахан хөгжөөгүй байна гэж энэ асуудлыг эрхэлж буй мэргэжилтэн үзэж байна. Кластер луу дөхөж очих нь 60 орчим арьс ширний жижиг үйлдвэрүүд хотын нэг хэсэгт төвлөрөн байршиж байгаа байдал юм. Гэхдээ эдгээр жижиг үйлдвэрүүд өөр хоорондоо хамтран ажиллах тал дээр сул байна (энэ харилцаа холбоо кластерийн нэг онцлог чанар)” гэж бодит байдлыг дүгнэсэн аж.

Олон улсад кластерын хөгжил ямар байна вэ?

Европын комисс, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэргээс санаачилгууд гаргаж, өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил хийж хөгжилд ашиглаж байна.

Профессор Майкл Портерийн судалгааны ажилд Калифорни мужийн дарсны кластер жишиг болсон байдаг аж.

Picture2

Калифорнийн дарсны кластерын гол үйлдвэрлэл нь усан үзэм тариалалт ба түүнийг боловсруулан гаргах дарсны үйлдвэр юм. Энэхүү үйл ажиллагаанд хамааралтай байгууллага, бизнесүүдээс гадна бусад кластерууд хэрхэн холбогдож байгааг харуулжээ.

Хятад улсын аль ч хотод Haier, Lenovo брэндийн компьютер түгээмэл ашигладаг нь үндэсний үйлдвэрлэлээ худалдан авалтаар дэмжиж буйн хэрэг. Төр нь мөнгө өгөх бус, хэрэглэгч нь худалдаж авна гэдэг жинхэнэ хөрөнгө оруулалт болдог.

Цаашид яах вэ?

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Монголчууд бид дэлхийн бусад оронд хэрэгцээтэй, зах зээлд өөрийн онцлог байр суурь эзэлсэн бүтээгдэхүүн, үйчилгээг бий болгох хэрэгтэй. Ямар бүтээгдэхүүн байхыг юуны өмнө судлан тогтоож чиглэлийг нь гаргах, эхлэн бүтээхэд хөрөнгө оруулалт хийж, олон компаниудыг татаж оролцуулан кластер бий болгох нь хөгжлийн гарц” хэмээв.

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас л хамаатай мэтээр ойлгосоор ирсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл бидэнд аялал жуулчлал, мах, ноолуур, улаан буудай, сүүн бүтээгдэхүүн, чацаргана, барилгын чиглэлээр кластер бий болгох нөөц бүрэн бий. Үүнийгээ л ашиглан хөгжих боломжтой. Жижиг дунд бизнес эрхлэгчид өөр өөрсийнхөө замаар зүтгээд байгаа учраас ахиц дэвшил гарахгүй байна.  Кластерын загвараар амжилт олдог нь олон улсын жишээнүүдээс тод харагдах ажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.