Сайхан нэвтрүүлгийн саар түүх

“Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх телевизийн уран бүтээл бий. Энэ нэвтрүүлэг гарч эхлээд удалгүй 2012 онд “Үзэгчдийн таашаалд нийцсэн” гэх үнэлэмжээр сэтгүүл зүйн салбарын “Болор үзэг” шагнал хүртэж байсан. Гэтэл сүүлийн үед тухайн нэвтрүүлгийн уран бүтээлчид бие биенээ үгүйсгэж буруутгасан ярилцлага, мэдэгдэл гаргаж, нийтэд нэгэнт хүрсэн сайн уран бүтээлийнхээ нэр хүндийг өөрсдөө унагах боллоо.

Жишээ нь, тус нэвтрүүлгийн зарим дугаарт найруулагчаар ажилласан Б.Борхүү хөтлөгч П.Анужингаа үгүйсгэж, “түүнийг манай нэвтрүүлэг л олонд таниулсан” гэх мэтээр хариу нэхсэн аястай ярилцлага хэвлэлд өгсөн байв.

Тэгвэл өнөөдөр хөтлөгч П.Анужин мөн л хэвлэлийн хурал зарлаж “Миний бие “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч. Санаачлагч, оюуны өмчийг эзэмшдэг хүний хувьд байр сууриа илэрхийлмээр байна.  Нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг цацагдсан асуудлыг хууль хяналтынхан нягталж, дүгнэлт гарах хүртэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хийхгүй гэдгээ мэдэгдэж байна”” гэсэн юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад тус студийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдчихсэн байгаа.

Энэ мэтээр “Херо энтертайнмент” студийнхэн өдөр бүр л учир нь үл олдох мэдэгдэл хийх боллоо.

Өнөөдөр л гэхэд П.Анужингийн дараа удалгүй “Херо”-оос дахин мэдээлэл өгч “Нэвтрүүлгийг зогсоох эсэхийг энэ хүн ганцаараа шийдэхгүй. Зохиогчийн эрх нь найруулагч Б.Баатарт бас байдаг” гэв.

Харин энэ хүмүүсийг үзэгчдэд нэгэнт хүрсэн нэвтрүүлгээ хэвийн үргэлжлүүлэхийн оронд хувийн нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгож, улс төр хийж эхлэхээс өмнө түүхч мэргэжилтэй Л.Алтангэрэл гэх залуу “Би Х.Баттулга гишүүний “Түмэн хишигтэн” төсөлд ажиллаж байхдаа энэ нэвтрүүлгийг санаачилж, эхний дугааруудын зочин болон хөтлөгч нь хэн байх, ямар хэлбэр агуулгатай байх талаар бүрэн зохиолоо биччихсэн байсан. Хөдөө яваад ирэхэд ажлаас халсан. Удалгүй “Херо энтертайнмент” миний нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Олон удаа заргалдсан боловч оюуны өмчид амжиж бүртгүүлээгүй, эд мөрийн баримт ажлын комьпютрийг алга болгосон учраас яаж ч чадаагүй. Бас олны танил хүмүүст нэлээд дарамтлуулсан” гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдрийн гараад байгаа маргаан мэтгээн нь анх “мордохын хазгай”-гаас үүдсэн юм биш биз?

Ийнхүү телевизийн уран бүтээлд шинэ өнгө нэмж чадсан, Монголын нийгмийн салбар бүрийн эрхэм хүмүүсийн амьд түүхийг дүрс бичлэгт мөнхлөх зорилготой нэгэн сайхан нэвтрүүлэг тулга тойрсон хэрүүл мэт саарал түүх болоод дуусаж мэдэх нь ээ.

Хэдийгээр энэ нь өнгөн дээрээ нэг студи, хэсэг уран бүтээлчийн хувийн харилцааны асуудал мэт харагдаж байгаа ч цаанаа үзэгч олон түмний эрх ашиг, телевизийн салбарын хөгжилд хамааралтай билээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.