СУУРЬШИЖ ЧАДААГҮЙ СУУРЬ

Хотын төвийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордны ойролцоо баригдаж буй “Х Apartment” хэмээх орон сууцны хотхоны загварын байрны танилцуулга болж байна. Саруул сайхан цонхтой, будаг нь ханхалсан тохилог шинэ байранд янз бүрийн ажил, мэргэжилтэй 20 орчим хүн цугларчээ. Менежер бүсгүй шинэ байрныхаа загварын онцлог, өрөөний зохион байгуулалт, ашигласан материал гэх мэт олон зүйлийг танилцуулж, 10 гаруй минутын турш тасралтгүй ярьж байхад идэр насны нэгэн эр түрүүнээс хойш асуулт асуухаар өндөлзөж, хоолой зассаар арайхийн боломж олдов.

Тэрээр “Танай байрны ам.метрийн үнийг сонссон. Харин төлбөрийн нөхцөл ямар байх вэ? Хамгийн гол нь урьдчилгаа төлбөр…” гэж ар араас нь угсруулан хэлээд санаа зовсон байдалтай хулмалзлаа. Менежер бүсгүй эелдгээр “Би яг энэ талаар ярих гэж байлаа. Манай компани зах зээлд жишиг болж тогтсон 30-аас дээш хувийн урьдчилгаанаас эрс өөр буюу маш таатай төлбөрийн нөхцөл санал болгож байгаа. Тодруулбал, ердөө таван сая төгрөг бэлнээр төлөөд гэрээ байгуулах боломжтой” гэлээ.

Олон жилийн турш орон сууцанд орохыг хичээж байгаа ч санхүүгийн боломжгүйгээс нийслэлийн гэр хороололд амьдарч “утаа үйлдвэрлэгч”-дийн нэг болсоор яваа Д.Батсуурьт энэхүү төлбөрийн нөхцөл гайхамшигтай, ид шидийн мэт санагдав. Гэвч “… Байр ашиглалтад орох үед та таван сая дээрээ нэмээд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлсэн байх шаардлагатай…” гэсэн болзол түүнийг дахиад л гонсойлгож орхижээ. Загварын байрны танилцуулга дууссаны дараа түүнтэй мөрөөдөл нь яагаад биелэхгүй байгаа талаар ярилцлаа.

Д.Батсуурь Говь-Алтай аймгийн нэгэн суманд олон хүүхэдтэй малчны гэрт төрж, мал адгуулан өсчээ. Түүнийг ойр дотныхон нь Суурь гэнэ. Нэгэн үе овоо хэдэн малтай, хурдан морь уядаг, уясан хүлэг нь айраг түрүүнд хурдалдаг, өөрөө ч сумынхаа наадамд барилдчихдаг, сумын начин цолтой, товчхондоо нутаг усандаа нэр хүндтэй, дутагдаж гачигдах зүйлгүй боломжийн сайхан амьдралтай байж. Харин 2000 оны эхээр жил дараалсан ган зуд болж, малчдын амьжиргаа жилээс жилд хүндэрч эхэлсэн байна. Суурийн мал хуй ч нэлээд хорогдож, хөдөө амьдрахад амаргүй боллоо. Ингээд 2003 онд үлдсэн цөөн малаа зарж, гэрээ ачаад их хотын зүг хүлгийн жолоо заллаа. Суурь болон эхнэр нь бүрэн дунд боловсролтой ч тодорхой мэргэжилгүй учраас хотод ирээд нэг хэсэгтээ олигтой цалинтай ажил олдсонгүй. Хоёул юм юм л хийж үзэв. Яваандаа эхнэр нь цэцэрлэгийн багшийн сургалтад сууж, азаар улсын цэцэрлэгт туслах багш болж чадлаа. Суурь ч нутгийн нэгэн танил ахын буянаар Тавантолгойд нүүрсний тээврийн жолооч болж, нэгэн үеийг бодвол амьжиргаа залгуулах хэмжээний цалинтай золгов.

…Нэгэн үе овоо хэдэн малтай, хурдан морь уядаг, уясан хүлэг нь айраг түрүүнд хурдалдаг, өөрөө ч сумынхаа наадамд барилдчихдаг, сумын начин цолтой, товчхондоо нутаг усандаа нэр хүндтэй, дутагдаж гачигдах зүйлгүй боломжийн сайхан амьдралтай байж…

Эднийх бага насны хоёр хүүхэдтэй. Олон жил айлын хашаанд гэр барин амьдарч байгаа учраас өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, орон байртай болох зайлшгүй шаардлагатай. Тэрээр эхнэрийн хамт олсон бүхнээ хуримтлуулж, байртай болохыг хичээвч өөрсдийнх нь хэр чадалд нийцсэн орон сууц олдохгүй өдий хүрчээ. Учир нь тэдний удаан хуримтлуулсан мөнгө 10 сая хүрэхтэй үгүйтэй байхад хамгийн хямд орон сууцны хоёр өрөөний нийт үнэ 90 сая, урьдчилгаа нь 27 сая төгрөг байх жишээтэй. Басхүү нэгэнт хамаг орлогоо зарцуулж, олон жилийн зээл авах учраас хямд үнэд дулдуйдаж, чанаргүй байранд орохыг хүсээгүй.

Харин саяхан мэдээллийн хэрэгслээр “Та ердөө тавхан сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шинэ байранд ор” гэсэн итгэмээргүй сурталчилгаа сонсоод танилцуулах уулзалтад яаран ирсэн нь энэ. Гэтэл энэ нь бодит байдал дээр яг таван сая төгрөгийн урьдчилгаа бус байр ашиглалтад орох хүртэл буюу ердөө хоёрхон сарын дотор ялгаагүй 30 орчим сая төгрөг олох шаардлага байв.

Суурийн суурь орлого байрны урьдчилгаанд яагаад хүрэхгүй байна вэ? Бяцхан тоо бодъё.

 

Сарын цалин /₮/ Сарын зарлага /₮/ Сарын хуримтлал /₮/
Батсуурь 1 000 000
Эхнэр 500 000
Нийт 1 500 000 750 000 750 000

 

Ам бүл дөрвүүлээ учраас сарын нийт орлогынхоо хамгийн багадаа 50 хувийг амьжиргаандаа зарцуулах шаардлагатай болдог. Өвлийн улиралд нүүрс түлээ гээд зардал бүр нэмэгдэнэ. Тиймээс хуримтлуулах боломжтой мөнгөний дээд хэмжээ 750 мянган төгрөг. Суурь сая төгрөгийн цалинтай болсноос хойш яг нэг жил болж байгаа. Энэ хугацаанд яс хураасан мөнгө нь ердөө есөн сая. Харин одоо дундаж үнэтэй орон сууцны урьдчилгаа олохын тулд дахиад хоёр жил гүрийх шаардлагатай. Гэхдээ энэ хугацаанд түүний ажил баталгаатай байх эсэх нь эргэлзээтэй. Хэрэв Тавантолгойгоос урд хил рүү тээвэрлэх нүүрсний экспортод гацаа үүсэх л юм бол ажил нь зогсох эрсдэлтэй. Ер нь байсхийгээд л нүүрс гарахаа болилоо гээд сул зогсолт хийдэг. Ийм баталгаагүй нөхцөлд ажилладаг учраас банк орлогын түвшин нь болзол хангаж байлаа ч банк ипотекийн зээлийн баталгаа гаргах эсэх нь эргэлзээтэй юм байна.

Уг нь эднийх Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн судалгаагаар амьжиргааны түвшний 17-р бүлэгт хамаардаг аж. Энэ үзүүлэлтээр 18-20-р бүлэг нь нийгмийн “баян” хэсэгт хамаардаг. Тэгэхээр Суурийнх бараг л баян айлуудын нэг гэсэн үг. Тэгсэн хэрнээ хоёр өрөө байрны урьдчилгаа төлчихөж чадахгүй байдаг. Бас л сонин дүр зураг.

Нийт хүн амын /нийслэлд мөн адил 20 орчим хувь/ 20 гаруй хувь нь ядуу гэсэн ангилалд байгаа энэ үед иргэд орон сууцтай болох, гэр хорооллоос шалтгаалж буй утаа буурах, улмаар иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь хөдөөнөөс хотод ирээд 10 гаруй жилийг ардаа үдсэн ч суурьшсан шиг суурьшиж чадаагүй Суурь хэмээх энэ хүний бодит амьдралаас харагдаж байна. Мөн жил бүр дунджаар 30 мянга гаруй иргэн хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирдэг гэсэн албан ёсны статистик бий. Тэдний олонхи нь Суурьтай нэгэн адил байр сууриа олох гэж, байр сууцтай болох гэж амьдралынхаа ид үеийг үр дүнгүй үрэх вий…

Үргэлжлэл бий.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • bem[112.72.11.120]2016.04.27

    unshuurtai unen nitlel bn yor n bidnuudiin amidral iiml bga l daa