Цэцийн шийдвэр гарснаар СЕХ-ны зарим ажил зогсчээ

Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1, 120 дугаар зүйлийн 120.3 дэх заалт буюу “Намын жагсаалтаар хувь тэнцүүлсэн /пропорциональ/ системээр сонгогдох агуулга бүхий заалтыг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх дүгнэлт гаргаад байгаа. Үүнээс шалтгаалан Сонгуулийн ерөнхий хорооны зарим бэлтгэл ажил саатахад хүрсэн байна.

“Хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зохион байгууллатын бүх ажил зогсоно. Тухайлбал, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлуудыг өнөөдрөөс түр зогсоож байна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээд байна” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн www.gogo.mn сайтад өнөөдөр өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах энэхүү хуваарийг өнгөрсөн хоёрдугаар сарын 01-нд баталсан бөгөөд төлөвлөсөн ажил хуваарийн дагуу явж ирсэн байна. Харин Цэцийн шийдвэрээс шалтгаалан нэлээд олон ажил зогсоход хүрч байгаа нь энэ.

Жишээ нь, Орон нутгийн Хурлын сонгуулийн санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тиймээс тойрогт ногдох мандатын тоог ирэх сарын 15-наас өмнө тогтоож, 20- ноос өмнө хүргүүлэх ёстой байсан. Гэвч УИХ Цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг 15 хоногийн дотор шийдтэл СЕХ эдгээр ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.