П.Оюунтөгс: Шүүгээн дэх хувцаснуудаа цэгцлээгүй бол шинэ худалдан авалт хийх хэрэггүй

Минималист блоггер, стилист П.Оюунтөгстэй ярилцлаа.


-Эд юмсыг сонирхож шохоорхож авсаар эцэстээ шүүгээ дүүрэн хувцастай, эсвэл хэрэглэхгүй баахан бараатай болчихдог шүү дээ. Энэ хэрэглээгээ эмх цэгцтэй болгохын тулд минималист амьдралын хэв маягийг сонирхсон хүмүүс цөөнгүй. Тэгвэл таныг минималист болоход чухам юу нөлөөлөв…?

-Замбараагүй олон хувцастай мөртлөө яг өмсөөд гарах гэхээр огт сонголт хийж чадахгүй тохиолдол тулгардаг. Тэгсэн ч яаж ийж байгаад л хувцаслаад яг гарахынхаа өмнө дахиад сольж өөрт төвөгтэй байдал үүсгэх үе бий. Би телевизийн “Өглөө” хөтөлбөрийн продюсерээр ажилладаг байсан. Өглөөний таван цагаас ажил цуглах ёстой. Тиймээс үүрийн дөрвөн цагт жолооч маань нэвтрүүлгийн багийнхныг гэрээс нь очиж авдаг. Жолоочийн машинд амжихын тулд гурван цагт босоод хувцсаа өмсөж, үс зүсээ янзлах шаардлагатай. Шөнийн гурван цагт босчихоод ямар хувцас өмсөхөө бодоод зогсоно гэдэг чинь төвөгтэй биз дээ. Энэ асуудал миний хувьд бараг зовлон байсан. Тиймээс ч олон хувцасныхаа учрыг олохоор шийдсэн. Шүүгээгээ нээгээд харахаар зөндөө хувцастай боловч яг өмсөөд гарах гэхээр өөртөө итгэлгүй, олигтой хувцасгүй мэт санагддаг. Тэгсэн мөртлөө угаах болохоор овоорчихдог шүү дээ. Үүнийг л шийдье гэж бодсон. Одоо миний шүүгээнд байгаа бүх хувцаснууд ямар нэг байдлаар дандаа хэрэглээнд ордог. Ямар ч тохиолдолд хувцаснаасаа эхлэх нь хамгийн зөв алхам. Өмсөх өмсөхгүйгээр нь ялгаад тавьсан хувцаснуудаа хаях гэж бүү яар. Тодорхой хэмжээнд хугацаа заагаад хадгал. Миний хувьд хэдхэн хоногийн дотор л минималист болж дадсан юм биш. Бараг таван жил болох гэж байна. Яг үнэндээ одоо л бусад эд тавилгынхаа хэмжээнд анхаарч эхэлж буй. Өнгөрсөн жилүүдэд энэ хувцаслалтдаа дасах гэж их явсан. Надад эргэж буцах үе ч гарсан. Бараг бүх зүйлээ хаяад юу ч үгүй болчихоод харамссан, хүнд өгсөн юмныхаа араас халаглах үе гарсан. Минималист болохын тулд тоо ширхэгийн хувьд хүний эзэмшилд хамгийн их байдаг хувцаснаас эхэлсэн дээр. Энэ эхлэл том үр дүн авчирдаг.

-Хувь хүний итгэл үнэмшлээс хамаараад ч тэр үү, өмсөхөө больсон хуучин хувцаснуудаа хэрэгтэй хүнд нь өгөхгүйгээр урж, шатааж хаях үзэгдэл бий.Өөрт хэрэгцээгүй зүйлээ хэрэгтэй хүнд нь өгөхийг та юу гэж боддог вэ?

-Заримдаа хүмүүсийн хувцасны шүүгээтэй ажиллахад энэ явдал их тохиолддог. Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад хувцсыг нь ялгаж хаях үедээ яах гэж байгааг асууна. Зарим нь шууд шатаана л гэдэг. Миний хувьд хүмүүсийн итгэл үнэмшил рүү халдах эрхгүй. Гэвч хэрэгцээтэй хүнд нь өгчихвөл дээр юм шиг санагддаг. Өмссөн хувцсыг тань өөр хүн өмсөөд ядруу, дорой явбал энэ нь муугаар нөлөөлнө гэдэг угтаа сонин ойлголт. Монголд “sec­ond hand”худалдаа гайгүй дэлгэрсэн. Үнэхээр амар. Хүмүүс хувцаснуудаа ч хялбар зардаг болсон юм билээ.

-Минималист гэдэг ойлголт Японоос гаралтай юм шиг ойлгогддог. Энгийн эмх цэгцтэй амьдралын энэ хэв маяг хаанаас үүдэлтэй юм бол…?

-Угтаа энэ ойлголт Японд илүү дэлгэрч, тренд болоод буй. Монголчууд бид нэг газраа удаан төвхнөлгүй байнга нүүж сууж амьдардаг учраас хэрэггүй хог новш хэзээ ч агуулж цуглуулдаггүй цэвэр минималистууд байсан.Харин Японд тренд болоод буй шалтгааныг хувьдаа газар нутагтай нь холбож ойлгодог. Хүн болгон маш жижиг зайд цомхон амьдарч, эд зүйлээ цэгцлээд сурсан. Энэ хэв маягтай уялдсанаас тэнд үүссэн юм шиг ойлгогдож буй. Минимализмыг энгийн амьдралын хэв маяг гэж хэлдэг. Гэтэл энгийн амьдралын хэв маягийн философийг Гандигаас эхлээд эртний өчнөөн суут сэтгэгчид, Будда хүртэл ярьсан шүү дээ. Угаас байсан ухагдахууныг“минималист” гэж нэрлэж, дурдахаар цоо шинэ мэт ойлгоод байгаа. Монголд минималистийн талаар хэвлэгдсэн хоёр ном байгаа. Энэ оны есдүгээр сар гэхэд миний ном хэвлэлтээс гарна. Уг номондоо минималист хувцаслалтыг илүү бичихийг хичээсэн. Нэгтгээд хэвлүүлбэл хүнд хэрэгтэй болов уу гэж найдаж байна.

-Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд дээл хувцасныхаа худалдан авалтад хэрхэн яаж, анхаарах уу?

-Цагаан сараар өмссөн дээлээ наадмаар өмсөхгүй, эсвэл наадмаар өмссөн хувцастайгаа үсний найранд очихгүй гэдэг хандлага ажиглагддаг. Бусдад “нэг л дээлтэй юм шиг” харагдахаас санаа зовсон юм байна л даа. Дээлээ заавал бусдын нүдэнд тогтоогдоод байнга цээжлэгдээд байхаар онцгой содон байлгах шаардлагагүй. Энгийн цулгуй загвартай, илүү дутуу юмгүй даруухан дээл сонгочих. Магадгүй гоёл чимэглэлгүй цулгуйдаад байвал бүснийх нь өнгийг өөрчлөөд дараагийн цагаан сар, ирэх наадамдаа хэрэглэсэн ч болно. Яагаад нэг л удаа өмсөөд хүн болгоны нүдэнд хоногшиж үлдэх загварыг сонгох ёстой юм бэ? Харин ч энгийн загвартай бол олон удаа ашиглагдах давуу талтай. Гоёл чимэглэлийг гоёж чимэглэх үүргээр нь ашиглаасай. Дээлэн дээрээ өнгө өнгийн хатгамал, сүртэй хээ угалз нэмж ганц хараад л тогтоочих цор ганц болгочихоод дахиж өмсөхгүй хаядаг үзэгдэл бий. Үүний оронд нэг дээлийг олон янзаар хувиргах чадвартай чамин гоёлуудыг хэрэглэдэг байгаасай. Минималист болох шалтгаан эргээд л хог хаягдлын асуудалтай тулж очдог. Тиймээс хувцсаа цөөлж, материалыг нь илүү эко байдлаар сонгоно. Минималист болно гэдэг юу ч хэрэглэхгүй гэсэн үг биш шүү дээ. Энгийн загвартай цөөн хувцас хэрэглэж, гоёл чимэглэлээ үүргээр нь ашиглавал үлдэц хор хөнөөлтэй хог бага гарна.

-Тэгвэл энгийн загвартай дээлээ хэрхэн чамин болгож өмсөх вэ?

-Жил бүрийн тренд өнгийг “Pantone” гэх өнгөний хүрээлэнгээс гаргадаг. Нар жаргах үеийн өнгөний хослол энэ оны тренд болж буй. Өөрөөр хэлбэл, хамгийн бараан суурь нь хар хөх, цайвар цэнхэр өнгө. Мөн хар ногоон, бараан ногоон, навчин ногоон, гүн ногоон болон улбар шар, шар өнгөнүүд зонхилж байгаа. Гэвч эдгээрээс өнгөний хослол гэхээс илүү арай завсрын өнгөнүүдийг санал болгоё. Жил болгоны трендийг дагана гэвэл хэзээ ч гүйцэхгүй, барагдахгүй.Минималист хэв маягийн хүрээнд яривал айхавтар өнгө голчлоод байдаггүй. Гол нь өөртөө зохидог цөөн хэдэн өнгө дагнаж, хувцаслалтаа чимэглэсэн нь дээр. Магадгүй гүн ногоон өнгийн дээлтэй бол энэ жилийн тренд өнгөнөөс улбар шар, эсвэл ягаан бүс сонгоод өгөхөд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн харагдах боломжтой.

-Хүн хүний зүс царайн онцлогоос хамаарч зохих өнгө нь тодорхойлогддог гэж сонссон…?

-Арьсны өнгөнд ач холбогдол өгч зохих өнгийг гаргавал барагдахгүй. Тэгснээс хориглох өнгөнүүдийг ярьсан нь хавьгүй дээр. Монголчууд түгээмэл гурван төрлийн арьстай. Нэг бол шар царайтай цайвар үстэй, эсвэл бор ч биш, шар ч биш дундаж царайтай мөн нэлээн бор арьстай байдаг. Шар арьстай хүмүүст тас хар, час улаан, цэв цэнхэр зэрэг хэтэрхий тод өнгөнүүдийг хориглодог. Цайвар арьс өөрөө тодорхой хэмжээгээр гэрэлтдэг учраас дахиад нэмж хурц өнгө өгвөл арьсаа улам асаадаг гэсэн үг. Тиймээс хэтэрхий тод хувилбаруудыг хориглоорой. Арьсных нь өнгө дундаж хүнд айхавтар хориглох өнгөний сонголт гарахгүй, бүгд л зохино. Харин бор арьстай хүмүүсийн хувьд бараан суурьтай учраас бэйж төрлийн өнгөтэй хувцсыг бодолтой өмсөх хэрэгтэй. Өнгө өнгөний суурь дотроо асар олон янз байдаг. Саарал өнгө дотроо ягаан суурьтай, ногоон суурьтай, цэнхэр суурьтай гэж бий. Гэтэл зарим хүнд саарал өнгийг хориглосон байтал ягаан суурьтай нь зохих жишээний. Тэгэхээр бор арьстай хүмүүсийн хувьд нийтлэгдээ бэйж болон бор өнгөнөөс татгалзаарай гэж зөвлөдөг ч зарим тохиолдолд өөр суурьтай тухайн өнгө нь сайхан зохих үе бий. Харин массын хүрээнд яривал завсрын саарал болон бэйж өнгөнөөс татгалзвал зүгээр.

-Мэдээж хүн бүр төгс төгөлдөр галбиртай төрөхгүй шүү дээ. Бие галбирынхаа өө сэвтэй хэсгийг дарахын тулд хувцаслалтдаа хэрхэн анхаарах вэ?

-Биеийн хэлбэрийг засаж хувцаслахад хоёр зүйлийг зөвлөе. Монголчуудын дунд түгээмэл тохиолдох мөр томтой тааз жижигтэй, эсвэл мөр жижигтэй тааз томтой гэсэн хувилбар асуудалтайд тооцогддог. Үнэхээр цаанаасаа өгөгдсөн ясны өргөн нарийны асуудал л даа. Энэ төрлийн биеийн галбирт өнгөний агших, тэлэх чадварыг ашигла. Хаагуураа илүү өргөн тэр хэсгээрээ агшдаг буюу бараан өнгийн хувцсыг өмснө. Аль нарийн хэсгээрээ тэлдэг өнгийг голчлон сонгосон нь дээр. Магадгүй хар өмд, цагаан цамцыг түлхүү өмсдөг цээж томтой эмэгтэй эсрэгээр нь өмсөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, Өргөн харагдуулахын тулд хөндлөн судалтай хувцас өмсдөг. Харин нарийхан харагдъя гэвэл босоо судалтайг өмсдөг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Энэ бол зөвхөн хээний тухай ойлголт гэхээс илүү хувцаслалтаа хэр олон хөндлөн зураасаар хувааж байна гэдэгтэй холбоотой. Хөндлөн зураас гэдэг нь хар, цагаан хоёр өнгөний хооронд үүсч байгаа контрастыг хэлж буй. Жишээ нь, цагаан цамц, шагай гарсан хар өмдтэй, улаан өнгийн гуталтай байвал биед гурван хөндлөн зураас үүснэ. Хувцсаа олон хуваахгүйгээр өнгө дагнаж, босоо шугамыг хувцаслалтдаа хэрхэн үүсгэх талаас анхаарна гэсэн үг.

-Минималист хэв маягтай болох үгүйгээ шалгаж үзэх боломжтой юу?

-Үүнд боломж бий. Өөрийгөө аялалд явна гэж төсөөлөөд хэрэгцээтэй эд юмсаа чемодандаа хийнэ. Ингээд тодорхой хугацаа зааж, яг эдгээр зүйлстэй амьдарна гэсэн үг. Би үүнийг туршиж үзсэн. Өөр шүүгээ онгойлгохгүйгээр зөвхөн тэндээсээ хувцаслана гэдэг тун сонирхолтой санагдсан юм л даа. Улиралдаа ядаж хоёр удаа нимгэн, зузаан хувцаснуудаа хувааж цэгцлэх шаардлага гардаг. Үнэхээр дулааны улиралд далд хийсэн хувцаснуудаа тэр газраасаа огт гаргаагүй бол хэзээ ч өмсөхгүй гэсэн үг. Угаас эргэж ирэхгүй учраас дараа зуныг хүлээх шаардлагагүй, хадгалаад нэмэргүй. Дараа жил гаргаж өмснө гэсэн ч загвар нь хуучирна шүү дээ.

-Элдэв баяр ёслол, наадам цэнгүүнээр бие биедээ янз бүрийн бэлэг түгээж баярлацгаадаг шүү дээ. Үүнийг хэрхэн минималист шинжтэй болговол зүгээр вэ?

-Минималист хэв маяг гэдэг бол хэрэгтэй юмаа хэрэглэх амьдралын хэв маяг. Хэрэггүй эд цуглуулахаа больё гэсэн л философи шүү дээ. Тиймээс хэн нэгэнд бэлэг өгөхдөө хэрэгцээг мэдэрч хандах нь зүйтэй. Гэтэл ийм айхавтар мэргэн сонголт хийх хэцүү. Зүгээр хэрэгтэй юмаа аваг гээд мөнгө өгсөн нь дээр байх.

-Эмэгтэйчүүд бид дэлгүүрт гутал авах гэж орсноо цамц худалдан аваад гардаг талтай. Энэ буруу дадлаа өөрчилж, зорилгоо умартахгүйн тулд хэрхэх хэрэгтэй вэ?

-Энэ жил ямар өнгө, имижтэй хувцас өмсөхөө тодорхойлж төлөвлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хувцаснуудаа өмсөх өмсөхгүйгээр нь ялгаад зохисон, эсвэл дутсан зүйлээ худалдан авна. Шүүгээн дэх хувцаснуудаа цэгцлээгүй бол хэзээ ч битгий шинэ худалдан авалт хий. Харин цэгцэлсний дараа дутуу зүйлсээ мэдсэнээр бодит худалдан авалтын жагсаалт гарч ирдэг. Мөн хувцсаа цэгцэлж байхдаа таалагддаг, зохидог өнгөө гаргаад ав. Ингэсэн нөхцөлд дэлгүүрт өлгөгдсөн олон бараанаас зөвхөн өөрийнхөө өнгийг хараад барьж авах боломжтой. Гэхдээ өмд, цамц хоёрын алийг авах талаар бодит жагсаалтаа санах хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнө болсон бүх зүйл давтагдана. Минималист хэв маяг гэдэг нь хэрэглэхгүй юмаа худалдаж авахгүй гэсэн ойлголт болохоос заавал хэрэглээгээ хязгаарлана гэсэн үг биш. Угаас хэзээ ч хэрэглэхгүй зүйл худалдан авна гэдэг чинь утгагүй биз дээ. Зүгээр л хэрэглэх байх гээд авчихдаг. Ямар нэгэн эд бараа авлаа гэхэд тэр нь хэрэгцээндээ ороод, эдлээд дуусгаж байвал хувь хүний асуудал. Их хэмжээгээр худалдаж аваад байх шаардлагагүй нөхцөлд хүссэн хүсээгүй хог хаягдал багасч таарна.

П.САЙНЖАРГАЛ

Өдрийн сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.