Э.Оюунтунгалаг: Тэр гэр бүлийг охинтойгоо салах ёс хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч онгоцны суудлаа өгсөн

Гадаадад гацсан монголчуудын хувьд эх нутагтаа ирж чадалгүй харийн нутагт амиа алдах, эх орондоо байсан ч хайртай хүмүүстэйгээ уулзаж амжилгүй тусгаарлах байранд өнгөрөх, хонох газар, мөнгөгүйн улмаас консулын байранд хоног төөрүүлэх, очиж чадахгүй байсаар хайртай хүмүүсээ алдах гэх мэт хүнд хэцүү нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Эх орондоо ирж, хайртай хүмүүстэйгээ амар амгалан амьдрах нь тэдний хувьд хамгийн том аз жаргал. Гэсэн хэдий ч тэдний энэ энгийн хүсэл УОК-ийн тавьсан таван шаардлага, үнэтэй нислэгийн зардалаар хязгаарлагдаж буй нь харамсалтай. Энэ сарын 3-ны өдөр БНСУ-д гацсан монголчуудын нэгдсэн групп дээр нэгэн гэр бүл Монголд байгаа охиноо зуурдаар алдсан аймшигт мэдээ сонсон тусгай үүргийн онгоцоор эх орондоо яаралтай буцах хүсэлтээ илэрхийлэн тусламж гуйсан байдаг. Харин өчигдрийн онгоцоор эх орондоо ирэх байсан нэгэн гэр бүл сайхан сэтгэл гарган тус гэр бүлд өөрсдийн суудлаа үнэ төлбөргүй өгснөөр өчигдөр 14:00 цагт Монгол улсад газардсан юм. Бид тухайн гэр бүлд туслан, тэднийг нутагт нь яаралтай буцааж чадсан гэр бүлийн гишүүн Э.Оюунтунгалагтай холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа.

-ТЭР ГЭР БҮЛ ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ГРУПП ДЭЭР “ТУСЛААЧ” ГЭЖ БИЧСЭН БАЙСАН-

-Сайн байна уу. Танай гэр бүл Солонгос улсад хэр хугацаанд гацаж байгаа вэ. Хэдэн удаа хүсэлт тавьж байж нутаг буцах зөвшөөрөл авсан юм бэ?

-Сайн. Сайн байна уу. Манай гэр бүл хоёрдугаар сарын 21-ний өдөр АНУ-руу ажлаар явсан ч Монголын хил хоёрдугаар сарын 25-нд хаагдсан. Гуравдугаар сарын 5-нд буцах ёстой байсан боловч  өдийг хүртэл явж чадалгүй байж байна даа. Энд яг тэр үеэс эхлэн халдвар эрчимтэй нэмэгдэж эхэлсэн учраас манай гэр бүл 45 гаруй хоног гэрээсээ гараагүй. Энэ хугацаандаа байр түрээслэн, нөхөр маань бас ажил хийж байсан ч төлөвлөж авч явсан мөнгө минь дууссан. Миний хувьд “Бяцхан мисс” гээд Олон улсын хүүхдийн  байгууллагын захиралаар ажилладаг. Зургадугаар сарын 1-нд АНУ-д нэг үйл ажиллагаанд оролцох гээд явж байсан юм. Гэхдээ нэгэнт л дэлхий даяар халдвар тархсан тул аливаа зүйлд хариуцлагатай, хүлээцтэй хандахыг хүсэж,  байдал намжтал БНСУ-д байсан. Гэтэл дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн байдал үнэхээр эмх цэгцгүй болж, хүмүүс ч бухимдаж эхэлсэн.  Ингээд тэнд байгаа хэсэг хүмүүстэй нийлэн хоёр удаан жагсаал зохион байгуулж байж нутаг буцахаар болсон.

-Охиноо алдсан гэр бүлтэй анх яаж холбогдсон бэ?

-Өнгөрсөн бүтэнсайн өдөр тэр гэр бүлийн зарыг харсан. Гадаадад гацсан иргэдийн нэгдсэн групп дээр тусламж гуйсан байсан. Тэгээд тэр гэр бүл рүү залгасан юм.

-АНХ ЗАЛГААД СУУДЛАА ӨГӨХӨӨР БОЛСОН ТУХАЙГАА ХЭЛЭХЭД НӨХӨР НЬ ИТГЭЭГҮЙ-

-Суудлаа өгөхөөр болсон гэдгийг сонсоод тэр гэр бүл яаж хүлээж авсан бэ? Танай гэр бүлийнхэн бас хоорондоо ярилцсан байх?

Анх утас руу нь залгаад хэлэхэд нөхөр нь сандраад итгэхгүй байсан хөөрхий минь. Би “Элчин сайд руу очоод манай гэр бүлийн нэрсийг хэлээд бидний оронд яваарай” гэж хэлсэн. Харин тэд өчигдөр орой буцаж холбогдоод “эгч ээ зөвшөөрч байна гэсэн гарын үсэг шаардлагатай юм байна” гээд бид уулзалдсан. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүд маань намар хичээлдээ л амжиж орох нь чухал, бас хүүхдүүдээ орхиод ирсэн хүмүүс, гэр бүлээсээ хол байгаа гээд олон асуудалтай хүмүүсийн дэргэд манай гэр бүл харьцангуй гайгүй байдалтай, хамтдаа байгаа болохоор болно доо гэж бодоод ингэж шийдсэн юм.

-ТАВАН ЖИЛ УУЛЗААГҮЙ ОХИНТОЙ НЬ СҮҮЛИЙН УДАА САЛАХ ЁС ХИЙЛГҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ УОК-ООС ХҮСЭЖ, ИТГЭЖ БАЙНА-

-Тэр гэр бүлтэй уулзсан юм байна. Яг ямар нөхцөл байдал үүссэн юм бэ?

-Тэр гэр бүл гурван хүүхэдтэй юм байна лээ. Том охин нь 23 настай, хоёр дүүгээ хардаг. Ээж аав хоёр нь БНСУ-д ажиллах гэж ирээд таван жил болж байгаа гэсэн. Том охин нь өөрөө 10 сартай хүүхэдтэй байсан. Одоохондоо нас барсан шалтгаан нь олдоогүй юм байна лээ. 18 наснаас нь хойш таван жил уулзалгүй байж байгаад охиноо алдсан нь үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Тиймээс ч миний хувьд тэр гэр бүлийг охинтойгоо сүүлийн удаа уулзаж, хүний ёсоор салах ёс хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж өөрт байгаа боломжоороо тусласан юм.

-Энэ гэр бүл очоод 21 хоног тусгаарлагдах ёстой. Гэтэл охиныг нь энэ тав дахь өдөр гаргахаар болсон гэж  хэллээ?

Тийм ээ. Энэ бол миний хамгийн их сэтгэл зовж байгаа зүйл. Энэ хүмүүс шинжилгээгээ өгөөд очиж байгаа. Зөвлөмжөөрөө тусгаарлагдах ёстой ч энэ бол хүн ёсны асуудал учраас хамгаалалтын хувцас өмсөөд ч болов охинтой нь сүүлийн удаа уулзуулах болов уу гэж би УОК-т итгэж, найдаж байгаа. Таван жил уулзаагүй охин нь шүү дээ. Тиймээс сүүлийн удаа уулзах боломжийг нь бүрдүүлж өгөөсэй гэж УОК-оос дахин дахин хүсэж байна.

-Танд өөр ямар санал, хүсэлт байгаа вэ?

-Энэ тусгаарлалтын асуудал үнэхээр хүндрэлтэй байна. ДЭМБ-ийн зөвлөмжөөрөө 14 хоног гэж заасан ч манай улсын ЭМЯ 21 хоног болгочихсон. Гэтэл гадаадаас очиж байгаа өндөр настай, хүнд өвчтэй, хагалгаанд орсон иргэдэд агаар сайтай орчиноос илүү чухал зүйл байхгүй шүү дээ. Жишээ нь л гэхэд сая АНУ-д зүрхний хагалгаанд ороод тусламжын онгоцоор эх орондоо буцсан есөн хүүхэд агаар муутай, битүү орчинд маш хүнд байгаа гэсэн. Энэ мэт асуудлыг уян хатан шийдэж, бодитой бодлого шийдвэр л гаргаж ажиллах хэрэгтэй байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

www.ISEE.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.