Амрагчдын аврал буюу завьт эргүүлийнхэн

Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор завьт эргүүл ажиллуулаад 10 жил өнгөрчээ. Энэ жилийн завьт эргүүлийн багийнхан зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15 хүртэлх ажиллах үүрэг авчээ. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн завьт эргүүлийн долдугаар бүлгийн ажлын нэг өдрийг өнгөрсөн бямба гарагт сурвалжиллаа. 

Завьт эргүүлийнхэн 36 цаг ажилладаг

08:00 цаг: Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчдын ажлын цаг эхэллээ. Баасан гарагт завьт эргүүлийн үндсэн бүлэгт үүрэг гүйцэтгэсэн усчин, аврагчид долдугаар бүлгийнхэнд ээлжээ хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Үндсэн үүрэг гүйцэтгэсэн бүлгийнхэн 24 цаг ажиллаж, бэлтгэл бүлгийн эгнээнд шилжив. Завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа аврагчид үндсэн ээлжид 24 цаг, бэлтгэл бүлэгт 12 цаг, нэг гараандаа 36 цаг ажиллаж сая нэг гэртээ харьдаг гэнэ. Тэд ээлжээ хүлээлцэж, үүрэг даалгавар авч, 10:10 цагт ангиасаа гарч, Баянзүрхийн товчооны гүүрийг зорив.

Долдугаар бүлгийн даргаар аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Т.Түвшинбаатар, усчин аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, ахлагч Г.Гансүх, дэд ахлагч С.Билэгжаргал, А.Мөнхтуяа, Б.Хишигбаатар, жолооч, холбоочин, ахлах ахлагч Э.Есөнжин нар үүрэг гүйцэтгэх аж.

11:00 цаг: Будаг нь ханхалсан шинэхэн цагаан өнгийн “Фургон”-д  долдугаар бүлгийнхэн аврах ажиллагаа гүйцэтгэхэд хэрэглэх хувцас, багаж хэрэгсэл, завиа ачиж, дуут дохиогоо хааяа нэг хангинуулсаар Туул голын эрэгт ирэв. Ирсэн даруйдаа бүлгийн дарга Т.Түвшинбаатар голын эрэгт амарч байгаа амрагчдад зориулж чанга яриагчаар “Амрагчид машинаа голын эргээс 50-100 метрийн зайтай байрлуулаарай. Бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, аюулгүй байдлаа сайн хангаарай. Гол уснаас, үерийн аюулаас болгоомжил” зэрэг сэрэмжлүүлэг хүргэв.

Тэрбээр “Завьт эргүүлээс гадна Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэх баг Туул голын эрэгт ажиллаж байгаа. Сэрэмжлүүлэг хүргэснээр иргэдийн гол усны аюулаас болгоомжлох мэдлэг дээшилсэн гэж хэлж болно. Мөн завьт эргүүл ажилласнаар аюул осол гарлаа гэхэд цаг алдалгүй тусламж хүрэх, аюулаас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх үр дүнтэй” гэлээ. Долдугаар бүлгийнхэн аврагчдаас төрсөн үйлчилгээний гавьяат, эмэгтэй аврагчтай гэдгээрээ онцлог.

13:00 цаг: Гачууртын замаар өгсөж, Могойн дэнжид завиа  тавихаар болов. Энэ талаар усчин аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах “Могойн дэнжээс завь тавина. Өнөөдөр (уржигдар) хол зайд завьт эргүүл хийнэ. Аврах ажиллагааны дуудлага ирэх юм бол завиа машиндаа ачиж, яаралтай явах хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор автомашин голын эрэг рүү ойртох боломжтой хэсэг бүрт уулзана” гэсээр аврагчид машинаасаа завиа буулгав. Тэд усны хувцас, нүдний шил, аврах хантааз зэргээ бэлтгэсээр завиа голын эрэгт байрлуулж, завиндаа сууцгаалаа.

Завин дээр ахлах ахлагч Х.Цогбадрах аврагчдыг удирдаж, зааварлаж явна. Харин бүлгийн дарга Т.Түвшинбаатар төвөөс ирэх дуудлага, сэрэмжлүүлэг зэргийг аврагчид болон амрагчид хүргэх аж. Х.Цогбадрах “Манай бүлэгт шинээр суралцаж байгаа гурав, нэг туршлагатай аврагч байгаа. Завьт эргүүлд явахдаа хүмүүсээ тэнцүүлж, шинэ орж байгаа аврагчдаа сургаж, туршлагажуулах журмаар ажилладаг юм. Манай бүлгийн эмэгтэй аврагч А.Мөнхтуяа нь усчин аврагчаар ажиллаад нэг жил гаруй болж байна. Харин завьт эргүүлд анх удаагаа явж байгаа. Эмэгтэй гэхэд их хэрсүү, дайчин, хичээнгүй зантай. Өөрөө усан спортоор хичээллэдэг болохоор усчин аврагч болох сонирхолтой. Ийм хүүхдүүдээ сайн бэлдээд, сайн аврагч болгохоор хичээдэг.

Мөн С.Билэгжаргал, Б.Хишигбаатар нар нь дөнгөж шинэ орсон анхлан суралцагч аврагч. Шинээр орсон хүүхдүүдээ завиа хэрхэн удирдаж, сэлүүрдэх, усанд сэлэх, аврах ажиллагааг яаж явуулах зэргийг дадлагаар суралцуулна. Харин Г.Гансүхийн хувьд манайд таван жил ажиллаж байгаа, туршлагатай аврагч. Олон ч аврах ажиллагаанд оролцож байсан” хэмээн аврагчдаа танилцуулав.

Хийлдэг тоглоомоор урсгал усанд тоглох нь буруу

15:00 цаг:  Биднийг Хар усан тохой орчимд явах үеэр голын эрэгт 2-3 насны хоёр хүүхэд ногоон өнгийн хийлдэг тоглоомоор тоглож байлаа. Хөвгүүдийн нэг нь хийлдэг тоглоомоо голын ус руу шидэж, араас нь гүйхээр завдав. Аврагчид “Бид аваад өгнө. Голын эргээс гараарай. Аав, ээждээ очоорой” гэж хашгирсаар хөвгүүдийн хажууд завиа зогсоолоо. Тэдний аав, ээж хүүхдээ голын эрэгт тоглож байгаа гэдгийг ч мэдэх сөхөөгүй модон дотор хорхог, боодог хийсэн шиг хөхрөлдөж сууна. Харин хөвгүүдийн эгч бололтой 10 орчим насны охин модны цоорхойгоос гарч ирээд, хоёр дүүгээ дуудлаа.

Энэ үед аврагч Г.Гансүх “Сүүлийн үед хүүхдүүд барилгын хөөсөнцөр, хийлдэг тоглоомоос болж усанд живэх, хөл алдах тохиолдол ихэссэн. Томчууд голын эрэгт амрахаар ирэхдээ архидан согтуурч, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхидог. Саяны хүүхдүүдийн тоглож байсан хийлдэг тоглоом хамгийн аюултай. Тогтоол усанд тоглох зориулалттай байтал манайхан урсгал усанд хүүхдээ суулгаад, тавьчихдаг. Өнөөх нь гэнэт ширүүн урсгалд орохоороо хөлбөрч, хүүхдүүдийг унагааж, амь насыг нь аюултай байдалд хүргэдэг. Мөн хүүхдүүд хийлдэг тоглоом нь урсчихаар араас нь  голын ус руу  орж, барьж авах гэж байгаад амиа алддаг. Бид уг нь эргүүл хийх болгондоо “Хийлдэг усны тоглоомоор хүүхдээ битгий тоглуул” гэж хэлдэг. Мөн түүнчлэн чанарын шаардлага хангахгүй завиар иргэд голд аялдаг. Тэрнээсээ болж живж, осолдох тохиолдол гардаг. Үдээс өмнө бороо орсон учраас голын эрэгт хүн бага байна.

Гэхдээ голын эрэгт хонох хүмүүсийн цуваа тасардаггүй” хэмээв. Аврагчид голын эрэгт аялж байгаа бүх хүнд “Болгоомжтой амраарай. Бага насны хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавиарай” гэх зөвлөмжийг цаг, минут бүрт өгч байв. Аврагчдын нүд, чих байнга соргог байх ёстой. Голын эрэгт дөнгөж цухуйсан чулуу, урсаж байгаа мод, хувцас, хог гээд бүх зүйлийг ажигладаг юм байна. Энэ талаар аврагч С.Билэгжаргал “Орон гэргүй хүмүүс гол руу ороод живчих тохиолдол бий. Мөн усанд осолдоод, цогцос нь олдохгүй байх нь элбэг. Цаг ямагт сонор сэрэмжтэй байж, хаана юу байгаа ажиглах ёстой.

Манай бүлгийнхэн энэ жил завьт эргүүлд үүрэг гүйцэтгэснээсээ хойш 6-7 удаа аврах ажиллагаанд оролцсон” гэв. Голын усанд мод унасан байхыг тэд зараа таарах гэдэг юм байна. Аврагч Х.Цогбадрах “Урд талд хоёр зараа байна. Үүний яг голоор нь тойроод гарна шүү” гэдгийг сэлүүрчин С.Билэгжаргал, Б.Хишигбаатар нарт хэлэв. Сэлүүрчид ахлагч ахлагчийн зааварчилгааг дагаж,сэлүүрээ хорь гэхэд нь хорьдог аж. “Өө аврагч нар явж байна. Одоо живсэн ч яадаг юм” гэсэн хэд хэдэн согтуу амрагчтай таарав. Аврагч Б.Хишигбаатар “Амрагчид биднийг зугаалж, жаргаж яваа юм шиг санадаг. Голын эргээс элдэв янзаар дуудна. Биднийг хараад зориуд усанд живнэ. Өөрсдийнхөө эд хэрэгслийг албаар гол руу шидэж, биднийг авч өг гэдэг.

Энэ мэт ухамсаргүй амрагч олон байгаа. Гэхдээ бидний ажлыг ойлгож, хүндэлдэг хүмүүс ч  бий” гэлээ. Аврагчид амрагч нарт тараах хогийн уут завин дээрээ авч явдаг. Сэрэмжлүүлэг хүргэхдээ хүмүүст тарааж өгдөг юм байна. Аврагч А.Мөнхтуяа “Амарч байгаа хүмүүст хогийн уут тараадаг. Гэхдээ өөрсдийнх нь авчирсан хоол хүнсний уут гэж бий. Сэтгэл байвал биднийг уут тараасан, тараагаагүй хогоо аваад явж болно. Зарим хүн сэтгэлгүй болохоороо л хогоо энд тэндгүй хаяад явдаг” гэв. А.Мөнхтуяа Нийслэлийн аврах 105 дугаар ангийн цорын ганц аврагч эмэгтэй. Тэрбээр усан ахлагчийн дамжаанд суралцаж төгсөөд, усчин аврагч болох хүсэлтээ Онцгой байдлын ерөнхий газарт өгснөөр тэнцжээ.

Энэ талаар тэрбээр “Миний мэргэжлээр төгссөн эмэгтэй алба хаагчид дуудлага хүлээн авагч болдог. Харин би аврах ажиллагаанд оролцдог аврагч болох гэж зорьсон юм. Манай аврагч нарт оролцдоггүй ажиллагаа гэж байхгүй. Лифтэнд хүн гацах, хуруунд нь бөгж гацах, хаалгаа онгойлж чадахгүйгээс эхлээд хүүхэд нь угаалгын машинд гацаж, гэмтэх, усанд хүн живэх, өндрөөс унах зэрэг нийслэлд болж байгаа бүхий л аврах ажиллагаанд оролцдог. Мөн түймэр, үер, усны дуудлагад явна. Энэ бүгдээс хамгийн хэцүү нь ус, өндрийн дуудлага л байдаг” гэв.

Гэр бүлээрээ Туулын эрэгт архидаж, хүүхдүүд нь голд живдэг

17:00 цаг: Туулын эрэгт амрахаар очсон хүмүүсийн олонх нь бага насны хүүхэдтэй. Энд тэндгүй бөмбөг цохиж, ус цацалцаж, хорхог хийж өдрийг өнгөрөөдөг байна. Цагаан, цэнхэр өнгийн “Приус-20” автомашинтай 10 гаруй амрагч Туулын эрэгт иржээ. Биднийг Туул голын эрэг дагуу завьт эргүүл хийж байхад тайрмал үстэй, эрээн алаг палаж өмссөн найм орчим насны охин даллаж дуудав. Эргэн тойрныг нь анзаарвал гурван настай хүү голын усанд тоглож, 1-2 насны хоёр хүүхэд машины хажууд сууж, 25-30 насны залуус зодолдож, 30 орчим насны эмэгтэйн гараас цус асгаран, уйлж байлаа.

Охин “Ээж маань уурлаад явчихсан. Аав, нэг ахтай зодолдоод байна. Харин энэ эгч тэр хоёрыг салгах гэж байгаад гараа зүсчихсэн” хэмээн уйлсаар ярив. Аврагчид эмэгтэйгийн гарыг боож, залууст зодолдож болохгүйг сануулаад, хүүхдүүдийг нь голын эргээс хол байхыг зөвлөв. Аврагч Х.Цогбадрах “Ийм тохиолдол Туулын эргийн хаа сайгүй бий. Эхнэр, нөхөр хоёр хүүхдүүдээ дагуулаад голын эрэгт ирсэн хэрнээ хоёулаа архи уудаг. Хүүхдүүд нь хараа хяналтгүйн улмаас голд тоглодог. Ийм байдлаас болж олон ч хүүхэд амиа алдсан даа. Хэдхэн жилийн өмнө нь нэг гэрийн хоёр хүүхэд Туул голд тоглож байгаад нас барсан дуудлагад ирж байлаа. Аав, ээж нь хоёр тийшээ болчихсон.

Аав нь БНСУ-аас дөнгөж ирээд, хоёр хүүхэдтэйгээ уулзаж, голын эрэгт салхилахаар найзуудтайгаа, хүүхдүүдээ дагуулаад ирсэн байгаа юм. Архи ууж, улмаар согтоод тасраад уначихсан хойгуур хоёр хүүхэд нь голд тоглож байгаад ширүүн урсгалд хөл алдаж, живсэн. Хоёр хүүхдийнх нь цогцсыг тэврээд ирэхэд ээж нь ирж, аав нь сэрчихсэн ямар хэцүү байсан гэж санана. Ер нь нэг гэрийнхэн амиа алдах тохиолдол олон байдаг. Хүүхэд нь ус руу орчихоор аав нь аврахаар ордог, дараа нь ээж нь гэх мэт нэг гэрийнхэн нэгнийгээ аврах гэж байгаад амиа алддаг. Хүмүүс мөн голын салаанд орж, майхнаа барьдаг. Орой нь зүгээр байсан голын салаа шөнө нь үерлээд майхан, машинтайгаа урсах аюултай. Хэдийгээр энд бороо ороогүй ч голын эхэнд бороо ороход усны түвшин нэмэгддэг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй юм. Үерийн ус нэг метрийн өндөртэй хуйлраад л ороод ирдэг шүү дээ” гэв.

20:00 цаг: Иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж буй завьт эргүүлтэй аврагчид бүтэн зургаан цагийн турш завь сэлүүрдэж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж явсаар Баянзүрхийн товчоо хэсэгт тулж ирэв. Тэд “Өнөөдөр ч дуудлагагүй тайван өдөр байна. Биднээс гадна сэрэмжлүүлэг хүргэх баг ажиллаж байгаа болохоор иргэдийн сонор сэрэмж дээшилсэн. Аль болох иргэд тайван аюулгүй байгаасай л гэж хүсдэг” хэмээсээр голын захад завиа гаргаад завиа хөмөрч усыг нь асгаж, машиндаа ачлаа. Бүлгийн дарга Т.Түвшинбаатар “Дуудлагагүй өдөр нэг иймэрхүү л өнгөрдөг юм. Аврагчид маань өдөржин усанд явдаг болохоор их ядарна. Ус хүнийг сульдуулж, ядраадаг шүү дээ. Одоо бид 21:00 цаг хүртэл голын эргээр сэрэмжлүүлэг хүргэж ажиллана. Түүнээс хойш анги дээрээ,  дуудлага хүлээн авахад бэлэн жижүүртэй хононо. Маргааш аврах ажиллагааны бэлтгэл хийж, бэлтгэл бүлгийн үүрэг гүйцэтгэнэ” гэсээр яриагаа өндөрлөв. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.