Монголоос зугтсан Ч.Сайханбилэгийн оронд Б.Ариунсан, Б.Бямбасайхан нар ял үүрэх үү

2015 онд Дубайд үзэглэсэн Оюунтолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлалцсан гэх асуудлаар хэд, хэдэн залуус хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байна. Тэдний зарим нь болох Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг сонгуулийн сурталчилгаагаа хийх үеэр /2020.06.18/ нь цагдан хорьсон. Тэдний буруутай эсэх, Монгол улсын эрх ашгийг хохироосон үгүйг шүүхээр хэлэлцэж эхлээгүй мөртлөө одоог хүртэл цагдан хорьсоор байгаа юм. Гол шалтгаан нь тэд 2-10 тэрбум төгрөгийг барьцааг шүүхэд байршуулаагүйтэй холбоотой.

-Ч.САЙХАНБИЛЭГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛСЭН
ТЭД ГЭМ БУРУУТАН БОЛОХ УУ-

Нөгөөтэйгүүр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө тэд буруудаж буй. Учир нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Да.Ганболд, Татварын Ерөнхий газрын даргын албан тушаалтай байсан Б.Ариунсан нар нь Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлсэн гэдэг нь өнгөрсөн хугацаанд ил болсон баримтуудаар нотлогдсон. Тухайлбал, 2014 оны УИХ-ын 34 дүгээр тогтоол, 2015-2016 оны 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах тухай 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-н болон тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрүүдийн дагуу Дубайд дээрх төлөвлөгөөг батлагдсан байдаг юм.

Товчхондоо тэд Ч.Сайханбилэг үүрэгдсний дагуу гарын үсгээ зурсан л эрхмүүд.

Энэ тухай тэд өөрсдөө ч хангалттай ярьсан. Тухайлбал, уг хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа 100 сая долларын татварын торгуулийг шийдвэрлэх эвлэрлийн гэрээг байгуулах үүргийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа удаа дараа шаардсан. Засгийн газрын хуралдаан дээр шахаж, шаардаж байсан ч үүргийг нь биелүүлэлгүй маргаж байсан удаатай. Эцэст нь Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга Н.Энхбаяр эцэслэн шийдвэрлэж байсан. Ч.Сайханбилэг олон хүний амьдралаар тоглож болохгүй гэж  ярьжээ. Мөн Да.Ганболд УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна” гэж ярьсан байсан юм.

-Ч.САЙХАНБИЛЭГ МОНГОЛООС ЗУГТАЖ, ЗАЛУУС ТҮҮНИЙ
ӨМНӨӨС БУРУУДАЖ БУЙ-

Энд эргэлзээтэй асуудал байгаа нь үүрэг, тушаал өгсөн албан тушаалтан биш түүний өгсөн тушаалыг биелүүлсэн нь бүх хариуцлагыг үүрч байгаа юм.  Тухайлбал, тухайн үед үүрэг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр асуудлаас зугтаад, АНУ-д гарчихсан, гадны өмгөөллийн компани хөлсөлсөн тухайгаа зарлаад сууж байна. Гэтэл Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн Б.Ариунсан, Б.Бямбасайхан нар Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, эрхээ хасуулж саатуулагдаж байна.

Ядаж хамтын шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын танхимын гишүүд нь ч энэ асуудал дээр ганц үг дуугарахгүй байна.

Иймд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх хугацаандаа Дубайн гэрээ гэх Оюунтолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсныхаа хувьд эх орондоо ирэх хэрэгтэй. Зугатах шаардлагагүй. Өөрийнх нь тушаалыг биелүүлсэн эдгээр залуусын хувь заяагаар тоглож болохгүй. “Нэг намын хувьд ч гэсэн нэг удирдлага дор ажиллаж байсны хувьд жаахан гомдолтой л байна” гэсэн Б.Ариунсангийн үгийг энд мөн сануулмаар байна. Ч.Сайханбилэг амиа бодон гадаадад бүгэх бус эх орондоо энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.

www.ISEE.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.