АН ахиад л орон тоо бөглөгч байх нь тодорхой боллоо

АН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдана гэдэг бол энэ улс төрийн хүчинд өөрчлөлт шинэчлэлт яах аргагүй хэрэгтэйг  тод харуулж байна. АН 2016 онд бүх шатанд ялагдаж, парламентад арай чүү бүлэг байгуулах чадамжтай суудал авсныхаа дараа дотооддоо шинэчлэл хийхээр эрс шулуудаж байлаа. Гэвч энэ нь амжилт олоогүйг 2020 оны сонгууль хэлээд өглөө. 

Намаа сонгуульд удирдаж оролцсон С.Эрдэнэд гай, гавьяа аль нь ч бий. Тэр 20 гаруй жилийн дараа намдаа өөрчлөлт хийж, олон жил салхи оруулаагүй Үндэсний зөвлөлдөх хороог хуугаар нь өөрчилж, гишүүдийнхээ тоог  нэмж, Үндэсний бодлогын хороо болгон өргөтгөж байлаа. Анх удаа намын даргаа сонгохдоо гишүүд, дэмжигчдээсээ асууж, татвар, хураамж гээд намынхаа бүх шатны ажлыг тодорхой болгож, дүрэмдээ тусгаж өгсөн. Гэвч тэр бүх шатны сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ хандив нэрээр их хэмжээний мөнгө татсан ч хуваарилалтаа зөв хийж чадаагүй.

Нэг ёсондоо, тойргуудад рейтинг өндөртэй гишүүдээ нэр дэвшүүлээгүй өнжөөсөн нь АН-ын саналыг сонгуулиар хэд хуваахад хүргэсэн. Тухайлбал, аль нэг тойрогт нэр дэвшихээр тойргоо дөрвөн жил “усалсан” нэр дэвшигчийг өнжөөсөн учраас тэд бие дааж сонгуульд хүч үзэхээс өөр арга байгаагүй. Эсрэгээрээ огт тойрогтоо ажиллаагүй, эсвэл шинэ хүнийг дэвшүүлсэн нь танигдаж амжилгүй сонгуулийн кампанит ажлаа дуусгахад хүргэсэн. Энэ бүхэн нь АН-ын саналыг тарамдаж, нийгэмд ч муухай харагдуулав. Эцэст нь ялагдлаар төгсөв. 

Одоо тэгвэл АН яах ёстой вэ. Ерөнхий сайд асан С.Баяр “АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг хоёр багана босгодог шиг Монголын төрийг хоёр том нам авч явна. Нэг том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг…” хэмээн олон нийтийн сүлжээнд сонгуулийн үр дүнгийн талаар бичиж байв. Өнгөрсөн дөрвөн жилийнх шиг шинэчлэл нэртэй өөрсдийгөө хуурсан ажил ирэх онуудад зохиовол 2024 онд АН дахиад л ялагдана. Тиймээс АН-ын залуус шинэчлэлд оройлон оролцох шаардлага үүслээ.

Өнөөдөргүй маргааш, маргаашгүй өнөөдөр гэж үгүй

Улс төр гэдэг ахмад, дунд, залуу үеийн хэлхээ. Энэ гурван үе гурвуул хамтарч, гар гараасаа барилцаж байж улс төрд сайн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Тэр ч утгаараа АН залуусаа гаргаж ирэх цаг болсон. Нэг хэсэг 70-аад оныхон хүч түрэн гарч ирж байсан ч Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ зэрэг 50, 60-аад онынхны ирэнд дарагдаж, АН-аас урган гарч ирж байсан “Нэг Ардчилал”, МОАН фракцууд тарж, бутарцгаасан. Үүний дараа Б.Ган-очир, С.Эрдэнэболд, О.Эрдэнэ-Өрнөх гээд 80-аад оны залуус хүч түрэн орж ирсэн ч намын дарга С.Эрдэнэтэйгээ тохирч, албан тушаалын бялуу хүртээд бас л нам жим болцгоосон. 

Ерөөс АН-ын залуус зориггүйдээ өнөөдрийн ялагдалд их, бага хэмжээгээр нөлөөлөв. Тэд өнгөрсөн дөрвөн жилд намын удирдлагуудынхаа болж бүтэхгүйг шүүмжлэх хангалттай хугацаа байсан ч нүдэн балай чихэн дүлий сууцгаав. Намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдах болсондоо ханаж, АЗХ-оор дамжуулан явуулж байгаа ганц хоёр акцаа ажил хийж байна гэж харсан нь тэдний алдаа байлаа. Цаашлаад намын эгэл жирийн гишүүнээс эхлээд улс төрийн өндөр алба хашиж байсан журмын нөхөд нь С.Эрдэнийн алдааг хурцаар шүүмжилж, намаа бодлогын бус мөнгөнийх болгосон учраас гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа хэлж, зарлаж байхад хүртэл АН-ын залуус чимээгүй л байсан.

Тэд намынхаа бус өөрсдийн амин хувийн улс төр, эрх ашгийг бодсондоо тэр. Хэрэв тэд С.Эрдэнийн эсрэг дуугарвал 2020 онд залуучуудын квотоор УИХ-д нэр дэвшиж чадахгүй гэсэндээ ийн хулчийж, эрх ашгийн эрэмбээ, Ардчилсан гэх тодотголтой намынхаа үнэт зүйлийг умартсан хэрэг. Ийн ажин түжин суучихаад нам нь ялагдангуут хамаг бурууг удирдлагууд руугаа чихэж, элдэв акц зохион байгуулж, хэвлэлийн хурал хүртэл зарласан. Угтаа бол тэдэнд гоншигонохгүй намынхаа шинэчлэлд ханцуй шамлан орж, аврах ёстой цаг хугацаа байсан билээ. 

АН-ын ялагдлын бас нэг гол шалтгаан эв нэгдлийг хангаж чадаагүй явдал байв. Хэдийгээр С.Эрдэнэ “Манай нам фракцгүй болсон” гэж зарласан ч АН доторх фракцууд нь амь бөхтэй оршсоор байсан юм. “Шонхор”-оос “Шонхор”-т шилжсэн бүрэн эрх ийн найман жилд АН уналт, ялагдлыг авчрав.

АН ахиад л сул сөрөг хүчин байх уу

2016 онд АН УИХ-д есөн суудал авч байсан бол энэ удаа хоёроор нэмэгдэж, 11 болов. Мэдээж маш хангалтгүй тоо. Эрх баригч намын 62 хүнтэй бүлэг тэдний хажууд хороо цэрэг л гэсэн үг. Тэгэхээр маш зөв бодлогоор гишүүдээ залж, улс төр хийх хүн бүлгээ зангидах ёстой. Үүгээр бол хамгийн боломжит хувилбар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар байв. Өнгөрсөн дөрвөн жилд Б.Пүрэвдорж эрх баригчдаас хариуцлага нэхэж, ана мана байсан. Бүлгийнхээ дэд даргаар ч ажиллаж байсан туршлагатай.

Харин Ж.Батсуурийн хувьд Сүхбаатарын аймгийн Засаг даргаар найман жил ажиллаж, төрөлх нутгаа сайн хөгжүүлж чадсан хүн. Түүнийг сайн менежер гэдэг. Тэдний туршлагыг харвал бүлгээ зангидаад явах бүрэн боломжтой хүмүүс. Гэвч АН Д.Ганбатыг бүлгийн даргаар томилсон нь “бай”-гаа оносонгүй. Тэр өмнө нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай ч 62 хүнтэй эрх баригч намын бүлгийн эсрэг хүчтэй дуугарч, асуудалд тооцоо судалгаатай, академик түвшинд хандаж чадах лидер мөн үү гэх асуулт гарч ирж байна. Үнэндээ, бүрэн эрхийнхээ дөрвөн жилд тэр сул гишүүн л байсан. АН дотроо МоАХ фракцад харьяалагддаг, автор болсон хуулийн төсөл тэр бүр санаачлалгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байлаа.

АН-аас сонгогдсон 11 гишүүний долоо нь анх удаа хууль тогтоох байгууллагад орж ирэв. Тэд туршлага дутуу байж мэдэх учир бүлгийн дарга нь зангидаж, асуудлыг зөв залбал эрх баригчдын болохгүй, бүтэхгүйг шүүмжилж, намынхаа рейтингийг тодорхой хэмжээнд өргөж чадна. Д.Ганбатыг бүлгийн даргаар томилсон нь АН сэргэлт биш ухралт авчирснаас өөрцгүй зүйл болчихлоо. Гэхдээ бүрэн эрхийнхээ дундаас бүлгийн дарга нь солигдохыг ч үгүйсгэхгүй. 

Одоо АН-ын залуус намынхаа шинэчлэлд оройлон оролцохын тулд намын даргын сунгаанд өрсөлдөж, дотоод ардчиллын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Явж явж АН-ыг залуус нь шинэчилж чадна. 

Үндэсний шуудан сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.