Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

Сайн гэхээсээ илүү саар шүүмжлэл дагуулсан теле хичээлийн үр дүнг шүүх нэгэн томоохон сорил болсон их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил ЭЕШ-ыг онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Улсын хэмжээнд 30 мянга 902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсний 28 мянга нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнө нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна. Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллах юм байна.   Тухайлбал, нэг ангид байх ширээ хоорондын зайг 1.5-2 м  байхаар, нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд оруулахаар тооцож шалгалт авах байр, ангиудын тоог нэмжээ. Шалгалтын байрыг өнгөрсөн жилийнхээс 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсон байна. Шалгалтыг зохион  байгуулах явцад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шалгуулагчийг түр тусгаарлахаар 85 өрөөг тохижуулж бэлтгэжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын 65 байцаагч, шалгалтыг хянаж буй багш, ажиглагч нартайгаа нийлээд давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн шалгалтын комисст ажиллах юм.    Дэлхий дахинаа тархаж өдгөө 10 гаруй сая хүн халдварлаж, хагас сая гаруй хүний амийг авч одоод буй коронавирусын улмаас тогтоосон хөл хорио улс орнуудыг олон талаар сорьж байна. Энэхүү сорилттой хамгийн эхэнд нүүр тулсан нь боловсролын  салбар юм. Учир нь хөл хорионы улмаас бүх шатны боловсролын байгууллага үүдээ хааж, сургалтаа цахимаар зохион байгуулсан. Манай улсын хувьд их дээд сургуулийн хичээлийг цахимаар, ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле байдлаар явуулсан. Зарим эцэг эхчүүд “Теле хичээл сурагч бүрт хүрч чадахгүй, ойлгомжгүй байна, сургууль бүрийн сургалтын төлөвлөгөө зөрүүтэй учраас хичээлийн хүртээмж хангалтгүй, ойлгоогүй зүйлээ дахин асууж лавлах боломж хомс байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан. Монгол Улсын тухайд 640 мянган сурагч теле хичээл үзсэнээс 30 гаруй мянган ахлах ангийн сурагч теле хичээлийн үр дүнгээ шалгуулахад бэлэн болжээ. Хөл хорионы үед теле хичээл үзэж, шалгалтаа өгч буй учраас энэ жилийн ЭЕШ-ын дүн олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өнгөрсөн жилээс “Шууд засалтын шилэн технологи”-ийг нэвтрүүлж, хариу шалгах төхөөрөмж суурилуулж, шалгуулагчийн нүдэн дээр хариуг дэлгэцээр харуулдаг болсноор шалгалтын дүнтэй холбоотой зөрчил багасчээ. Ийн халдварт өвчин тархсан онцгой дэглэмийн үед ЭЕШ зохион байгуулах анги, танхимуудын бэлэн байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийлээ. Гэвч ихэнх сургууль анги, танхимдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж амжилгүй, шалгалт өгөх хугацаа тулжээ. Энэ талаар МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Нэг ангид 12 хүүхэд оруулах нь нэг нэгнээсээ хуулах, ярилцах, халдвар тархах магадлалыг бууруулсан ч танхимынхаа тоог нэмсний улмаас нийт анги танхимын 57 хувийг камержуулаагүй, 40 орчим хувьд нь гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулаагүй, 73 хувьд нь халдваргүйжүүлэлт хийгээгүй зөрчил илэрсэн. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль хичээлийн шинэ, хуучин хоёр байртай. Шалгалтыг хуучин байранд явуулахаар бэлтгэж байгаа боловч ангиудад цаг байрлуулаагүй, камергүй, хоёр давхартаа ариун цэврийн өрөө байхгүй, 4-5 ангийн гэрэл дутуу, сандлын хөлний нэг тал нь модгүй, 2-3 анги дээврээс ус гоожсон, нэг анги мөөгөнцрийн үнэртэй, шалгалт авах шаардлагыг өнөөдрийг хүртэл хангаагүй байна” гэсэн юм. Засгийн газар, Улсын онцгой комисс нь халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллана гэж мэдэгдсэн боловч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгааны улмаас өнөөдөр эхэлж буй шалгалтын танхимуудын талаас илүү хувьд нь камер, гар ариутгагч байхгүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй байгаа нь манай улс “ковид-19”-ийн сорилтод бэлэн бус байгаагийн илрэл юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ халдвараас сэргийлэхийн тулд маск, гар ариутгагч, нэг удаагийн эмнэлгийн цагаан бээлий зэргийг нь сайтар бэлтгэж явуулахыг анхааруулж байна. Өнөөдөр эхэлж буй шал­галтын анги танхимуудын аюулгүй байдлыг нэг өдрийн өмнө шалгачихаад “Халдваргүйжүүлэлт, ариутгал хийгээгүй, камер суурилуулаагүй, шаардлага хангахгүй байна” хэмээн зарлаад орхиж буй нь харамсалтай. Уг нь хэдэн хоногийн өмнө хяналт шалгалтаа хийж, илэрсэн зөрчлийг нь шийдвэрлүүлээд ширээ сандал нь бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сайтар хангасан анги танхимд сурагчдаа хүлээн авч, шалгалтаа авах ёстой баймаар. Гэвч халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахина гэж хоосон мэдэгдэхээс биш бодит хөрсөн дээрээ хэрэгжсэн зүйлгүй, онцгой байдлын үеийн ямар ч бэлтгэлгүй байгаа­гаа манай улсын бо­ловс­ролын салбар батлан харууллаа.    

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.