Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

Засгийн газрын мэдээ сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.