Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товложээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой олны анхаарал татсан долоон хэргийн шийдвэрийн талаар ШЕЗ-өөс өчигдөр зохион байгуулсан “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Тодруулбал, Н.Энхбаярын хувьд, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хуулиар нэр дэвших боломжгүй хэмээн СЕХ -ноос татгалзсан. Харин МАХН тус шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Тус хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд товлон зарласан тухай Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал мэдээллээ. 

Тэрээр, “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, “нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий Д.Алтанхуягийн нэхэмжлэлийг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авч, улмаар 28-нд захиргааны хэрэг үүсгэсэн хэмээн танилцууллаа. Уг нэхэмжлэлийг шүүх энэ сарын 8-нд хянан хэлэлцээд, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. 

Мөн бие даан нэр дэвшигч Н.Баярмааг СЕХ-нд бүртгэхээс татгалзсан 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрөх шаардлага бүхий нэхэмжлэлийг энэ сарын 9-нд бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ талаарх шүүхийн шийдвэрийг энэ сарын 12-нд иргэн Н.Баярмаад гардуулсан байна.

“Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт хуурамч болохыг тогтоож, тус эвслээс нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгохыг СЕХ-нд даалгах тухай иргэнээс ирсэн нэхэмжлэлийг шүүх энэ сарын 9-нд хүлээн авч, 12-ны шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

МОНЦАМЭ.MН

Хариулт үлдээх

Your email address will not be published.