Өнөөгийн УИХ хууль бус гэдгийг Цэц нотоллоо

УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулахдаа шинэ өөрчлөлтөөр буюу 76 гишүүний 28 нь хувь тэнцүүлсэн /пропорциональ/ системээр намын жагсаалтаар сонгогдох зарчмаар явуулсан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас тогтоолоо. Энэ талаар иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Цэцэд гомдол гаргаад байсан юм.

Цэцээс “УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон. Тиймээс намын жагсаалтаар УИХ-д сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гэж үзлээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Тиймээс өнөөгийн УИХ нь Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан УИХ гэсэн үг болж таарч байна. Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилдэг. Ямартаа ч, 2016 оны сонгуулийг хуучин аргаар буюу намын жагсаалт нэрийн дор мөнгө, эрх мэдлийн нөлөөгөөр иргэдийн хүсээгүй хүн гарч ирдэг эрх зүйгээр явуулах боломжгүй боллоо.

Энэ шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэвэл Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа шийднэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.