О.Билгүүн: Эмээ, өвөө минь намайг эд хөрөнгөнөөс илүү амьдралын ухаанд сургасан

Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны Гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч О.Билгүүнтэй ярилцлаа.


-Таныг загвар өмсөгч гэдгээр хүмүүс сайн мэддэг шүү дээ. Ингэхэд өөрийн тань үндсэн мэргэжил юу юм бэ?

-Би олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Урлаг уран сайхны тухайд бол багаасаа мэдрэмжтэй, дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан. Жүжигчин болно ч гэж мөрөөддөг байлаа. Ер нь түүндээ тууштай, дуртай байсан болоод ч тэрүү боломжууд бий болж урлагт орсон гэх үү дээ. Харин намайг загвар луу чиглүүлж өгсөн хүн бол загвар өмсөгч Э.Энхболд. Загварын ертөнцтэй холбогдоод арванхоёр жил болж. Анх дизайнаруудын холбоонд явж байгаад “Монгол модель” агентлагт орж одоо хүртэл ажиллаж байна.

-“Гурван найз”, “Хөөрхөн ээжтэй охин” сүүлд “Бүтэн амьдрал” гээд цөөнгүй кинонд тоглосон. “Бүтэн амьдрал” киноны сайн залуугийн дүр үзэгчдэд тэр дундаа бүсгүйчүүдэд их таалагдсан?

-Нийт таван уран бүтээл дээр ажилласан байна. Бүгд туслах дүрүүд л дээ. Гэхдээ миний хувьд аль чадахаараа хичээж ажилласан. “Бүтэн амьдрал” киноны Золбоо бол хайртай хүнийхээ төлөө санаачилгатай, зоригтой тэмцэж, сэтгэлээ илчилж бас гэрчилж байгаа залуу. Киноны зохиолын хувьд нэлээн ээдрээтэй, нууц амраг, гэр бүл салалт, үл ойлголцол бүхий саарал харилцаанд гэгээ нэмсэн эерэг дүр. Ер нь дэлхий дахинд тулгамдаад байгаа гэр бүл дэх олон асуудлыг уг кино хөндсөн. Гэр бүл, хамтын амьдрал, хайр сэтгэл, хүн хүнийхээ төлөө дуусахын үнэ цэнийг мэдрүүлэх нь “Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчдийн зорилго.

-Билгүүн бодит амьдрал дээр хэр романтик вэ. “Золбоо”, “Билгүүн” хоёр хэр ялгаатай вэ?

-Билгүүн, Золбоо хоёр их адилхан. Би их романтик хүн шүү дээ. Дүр, хувь хүн хоёр маань багахан л ялгаатай. Золбоо надаас арай даруухан. Кинондоо хувийнхаа машиныг ашигласан болохоор гадуур явахаар хүмүүс дүрийг минь илүү бодитоор хүлээж аваад байх шиг санагдсан.

-Ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Биеэ зөв, сайхан авч явдаг эмэгтэй таалагддаг. Үйл хөдлөл, гадаад үзэмж, арьс арчилгаа, биеийн галбирыг нь хардаг. Би эмэгтэй хүнийг гоё байгаасай гэж хүсдэг. Зөвхөн сэтгэл сайхан байхад болно гэдэг учир дутагдалтай. Өмнөө зорилготой, ухаалаг эмэгтэй сайхан харагддаг.

-Таныг жаахан хурдан шулганаж ярьдаг учраас яриаг чинь ойлгохгүй байна гэж “Бүтэн амьдрал”-ын үзэгчид хөгжилдсөн. Ер нь шүүмжлэлийг та хэр хүлээж авдаг вэ?

-Би шүүмжлэлийг маш сайн хүлээж авдаг. Ер нь шүүмжлэлээс тэгж их айдаггүй. Намайг гүтгэж байгаа зүйлүүдийг ч тоодоггүй. Худлаа учраас түүнд зовох шаардлагагүй. Хэрвээ зовох юм бол өөртөө л сэтгэлийн дарамт стрессийг бий болгоно. Тэрийг мэдчихсэн учраас шүүмжлэл, хар пиард огтоосоо сатаардаггүй.

-Гэрэлт гудмын төслийг санаачилсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлж, олон ажил оролдож явдгаас харахад нэлээн шинийг эрэлхийлэгч байх?

-Өөрийгөө сорьсон шинэлэг зүйлд дуртай шүү. Багын л тийм хүүхэд байсан. Өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү хүмүүжил бий бий. Манайх энгийн л айл. Эмээ өвөө минь намайг эд хөрөнгөнөөс илүү амьдралын ухаанд суралцуулсан. Амьдралын шаардлагаар ч бизнес, урлаг соёл гээд олон талын туршлага хуримтлуулсан.

-“Сонголтоо баталгаажуулъя” гээд өөрийн тань нэвтрүүлгийн анхны дугаар фэйсбүүкт тавигдсан байна лээ. Улс төрийн нэвтрүүлэг үү. Зорилго нь юу вэ?

-Тийм шүү. Өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж байгаа. Улс төр гэдэг бидний хувьд чухал зүйл. Улс төрийн шийдвэрээр бидний ирээдүй тодорхойлогдоно. Энэ жил сонгууль ч болж байна. Зөв хүнээ сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн гол зорилго бол нэр дэвшигчид залуу үедээ, ард түмэндээ яг юу гэж амлаж байна. Дөрвөн жилийн дараагаар бид яаж энэ бүхнийг хянадаг болох вэ. Яаж сонгох сонголтоо баталгаажуулж эхлэх вэ гээд бодож эхэлнэ. Тэр ч утгаараа “Сонголтоо баталгаажуулъя” гэсэн контент хийж эхэлсэн. Тэдний хэлсэн ярьсан зүйлийг баталгаажуулж ам асууж авна. Энэ бол жинхэнэ залуу үед хүрэх контент.

-Цэвэр өөрсдөө сэтгэж контентоо эхлүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Нам эвсэл ямар ч хамаагүй.

-Гадаадад амьдарч байсан хүний хувьд Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн талаар нэлээн боддог байх. Үүнд залуусын оролцоо ямар байгаа бол? /залуус ихэнхи нь гадаад руу явдаг болчихсон/

-Залуу хүн хөгжих нь зөв. Гэхдээ хөгжихийн хажуугаар хийх хэрэгтэй. Дараа үеийнхэндээ өөрийнхөө сурсан мэдсэнийг байнга хуваалцаж явах нь зүйтэй. Миний хувьд Солонгос, Азийн орнуудаар явсан. Мэдлэгтэй, боловсролтой маш олон залуучууд байна. Үүнээс олон шинэ санаа, сэдэл төрдөг. Залуучууд байнгын хөгжиж байх хэрэгтэй, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Юунаас ч битгий ай. Амь биш заяа биш. Аминаас илүү асуудал гэж байдаггүй. Амьд л байгаа бол тэрийг шийдэх гарц гаргалгаа заавал байдаг. Оролдож хөдөлмөрлөж байж л хүнд боломж бий болно.

-36 бизнес эхлүүлснээс 33 нь бүтэлгүйтсэн гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Нэг л бүтэлгүйтсэн бол тэр чигт нь хаядаг шантрамтхай хүмүүс байдаг шүү?

-Би зорино,хүрнэ гэсэндээ заавал хүрэхийг хүсдэг. Миний зорилго мөрөөдөл том л доо. Урлагт бол Холливудад гарна, бизнес тал дээрээ тэрбумтан, карьер талдаа улсдаа хэрэгтэй нөлөө бүхий хүн болно гэсэн зорилго бүхий. Тэгэхээр миний жижигхэн бүтэлгүйтэл бол миний зорилгын хажууд юу ч биш. Бага багаар бүтэлгүйтэж байж дараа дараагийнхаа шатыг ахина. Тийм учраас огт зүгээр сууж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт шийдэгдэх асуудал бол түүнд бухимдах ямар ч шаардлага байхгүй. Эсрэгээрээ шийдэгдэхгүй асуудал гарсан ч бас л түүнд бухимдах ямар ч шаардлага үгүй. Дараагийн шийдэл, санаа, гаргалгааг ол, тэгээд хөдөл.

-Тархи дурсамж дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг гэдэг. Тийм ч учраас их зүйлийг үз, хар гэж хүмүүс захидаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр дурсамж бүр чинь ердөө туршлага шүү дээ. Жишээ нь, би долоон кафе, паб ажиллуулж байсан. Машин угаалгын газар, гутал засвар, барилгын материал гээд олон бизнес оролдсон. Энэ мэтчилэн гадаад худалдааны бизнесүүд хийж байсан. Тийм ч учраас залуус минь тууштай бай. Үнэн ч бай. Эх орон ч бай. Эх орноо хайрлана гэдэг бүх зүйлийг хайрлаж байгаа хэрэг л дээ.

С.ЛХАМСҮРЭН

Ч.БИНДЭРЪЯА

Эх сурвалж: www.dnn.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.