Ажилгүй болсон иргэд архи “шаглаж” амь зууж байна

  • Коронавирус гэх ганц том “мангас”-аар айлгаад, хүссэн мэдээллээ тархи руу нь цутгаж, хусмын төдий халамж үзүүлсэн болоод хэр удаан оршин тогтнох билээ
  • Хаалгаа лацдуулсан худалдаа үйлчилгээний газруудаас халагдсан иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хууль бус зүйлд ч хуруу дүрэхээс буцахгүй байна
  • Хорих тусам цэцэглэдэг, ядуурах тусам ихэсдэг архидалтыг захиргааны аргаар зогсоож болдоггүйг ганц манайд биш, хөгжингүй орнуудын 100 жилийн өмнөх түүх харуулдаг

COVID-19 цар тахлын эсрэг өндөржүүлсэн байдалд шилжсэн нэгдүгээр сараас хойш 24 цагаар ажиллаж байгаа дөрөвхөн л салбар байна. Эмнэлэг, цагдаа, онцгой, архи хүргэлт…

Эхний гурав нь ойлгомжтой. Энгийн үед ч иргэдийн энхийн манаанд жижүүрлэдэг алба хаагчид онцгой нөхцөлд эрсдэл, ачааллаа үүрэн зүтгэж буй. Харин архи, согтууруулах ундаа хүргэгчид шар шувуу, сарьсан багваахай шиг шөнийн “анд” гарсаар удлаа. Тэднийг өл хоолоо залгуулахын тулд ийнхүү шөнийн цагаар хөлчүүрхсэн нэгнийг олж, хяналтын байгууллагаас нуугдан, хэрэндээ л төөрүүлж аргацаан, “архи шаглаж” амьдарч байгаа болохоор “шөнийн ангууч” гэж хэсэг бүлгийнхэн нэрлэдэг болжээ. “Анчид” ихэвчлэн цомхотголоор ажилгүй болсон, үүнээс өөрөөр ар гэрээ тэжээх аргагүй хүмүүс байдаг гэх. Мөн дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байсан компанийн ажилчид бараг тэр чигээрээ дуудлагын архи, шар айраг зөөдөг болжээ. Түүнчлэн караоке ажиллуулдаг ч хаагдаад зургаан сарын нүүр үзэж буй түрээслэгчид “шөнийн ангууч” хийж байж л олсон хэдэн төгрөгөөрөө сар бүр түрээсээ төлж, байраа алдчихгүйхэн байгаа гэж мэдүүлсээр. Цагдаагийн байгууллагаас удаа дараа шалгалт явуулж, “Эмзэг цэг” хэмээн тодорхойлсон газруудыг хяналтдаа байлгадаг. Гэхдээ тэд шөнө болгон хоморголон баривчилж, хураадаггүй. Хоолоо олох гэж арга ядаж явааг нь ойлгон, хэрэг түвэг гарчихгүй бол тэгсгээд өглөөтэй золгодог гэсэн. Харин “ангуучид” сүүлийн хагас сарын дотор хэт олширсныг “зэсвэг нэгт” нөхөр нь учирлана лээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхлээд караоке клуб, шөнийн цэнгээний газрыг бүр мөсөн хааж, согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторануудыг 22:00 цагт хаалгаа барих үүрэг өгсөн. Ингэснээр согтуурч мансуурсан хүмүүс коронавирусээр халдварлах, түүнийг тараах эрсдэлийг бууруулна гэж үзсэн юм. Дотооддоо вирус алдаж, тархалт нь өндрөө авсан гаднын улсуудын авч хэрэгжүүлдэг арга хэмжээг “хашир нь дээр” гэх үүднээс эрт авсан нь энэ. Хаширласны үр дүнд ахуйн архидалт хэрээс хэтэрч, гэр бүлийн хүчирхийлэл 60 гаруй хувиар өссөн дүнтэй. Улмаар нийслэлийн Засаг дарга гуравдугаар сарын 30-ны А/436 тоот захирамжаа гаргаж, 00.00 цаг хүртэл ажилладаг байсан “найман нэрийн” буюу архи, согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүрийг 22:00 цагаас хаах шийдвэр гаргасан. Энэ нь иргэдийг гар дээрээс согтууруулах ундаа худалдаалах буюу “шагийн архи”-ны бизнесийг цэцэглүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Өнгөрсөн долоо хоногт ганц дүүргийн цагдаагийн хэлтсээс гар дээрээс архи худалдаалж буй иргэдийг таслан зогсоох хяналт шалгалт явуулахад 500 орчим архи, согтууруулах ундаа хураан авсан аж. Зөрчлийн тухай хуулийн 6.5.13-т “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсвэл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Нэг удаа баригдсан “шагчин” 50 мянган төгрөгөөр торгуулж гараад л “шархаа нөхөхөөр” захиалгаа үргэлжлүүлэн авдаг аж. 

Оны өмнө Баянгол дүүрэгт архи шагладаг “эмзэг цэг”-үүд олон байсан бол одоо “Архи, пиво, ундаа хүргэлт” гэх мэт нэртэй фэйсбүүкийн зуу шахам пэйж, хаягуудаар захиалга авч хүргэдэг болжээ. Тэд хэдийд ч хаана ч хүргэдэг. Өөрөөр хэлбэл, хяналт тавихад хялбар тодорхой цэгүүдэд төвлөрдөг байсан бол одоо илүү нууц, далд нөхцөлд шилжжээ. Үүнийг дагаад хуурамч архи зарах, залилах, цаашлаад хэв журмын зөрчил, хулгай, дээрэм, хүчингийн хэрэг гарах нөхцөл бүрддэг аж. Тэртээ 90-ээд оны эхэн үед Монгол Улс тэр чигээрээ ажилгүйдэлд нэрвэгдэж, архидалт хавтгайрсан байв. Энэ үед гурван айлын нэг нь “шаг” буюу спирт устай найруулж зардаг, түүнийг нь цагдаа нар мэддэг ч хорьж, хурааж дийлдэггүй байлаа. Учир нь амьжиргаа залгах ганц эх үүсвэр нь энэ тул хоригловол хулгай, дээрмийн гэмт хэрэг бүр гаарах уршигтай. Тиймээс элдэв захирамж, хорио цээр тавьсангүй. Харин эдийн засаг сэргэж, иргэд ажилтай, орлоготой болоод ирэхийн хэрээр аажимдаа гар дээрээс архи худалдаалах хууль бус үзэгдэл арилсан юм. Харин одоо эргээд тэр үе рүү гулсаж байна. Хамгийн харамсалтай нь иргэдээ архи “шаглах” хүртэл нь тамирдуулалгүй эдийн засгаа дэмжих боломж байсаар байхад эрх баригчдын буруу шийдвэрээр ийм байдалд хүрлээ. Сонгуулийн сурталчилгаа хийж, иргэдийг зуу зуугаар нь нэг дор цуглуулан, хорио цээрийн дэглэмээ зөрчиж болсон атлаа талхны таван төгрөгөө олох гэж хичээж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хүлж орхих нь хэнд ашигтай вэ. Хаалгаа лацдуулсан худалдаа үйлчилгээний газруудаас халагдсан иргэд амьжиргаагаа залгуулахын тулд хууль бус зүйлд ч хуруу дүрэхээс буцахгүй байна. Хорих тусам цэцэглэдэг, ядуурах тусам ихэсдэг архидалтыг захиргааны аргаар зогсоож болдоггүйг ганц манайд биш, хөгжингүй орнуудын 100 жилийн өмнөх түүх харуулдаг. Худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээж, ажлын байраа алдсан мянга мянган иргэнээ орлоготой болгоход л аажмаар хумигдах архидалтыг анхаарч, сэргийлэх зав, ухаан дарга нарт алга. Коронавирус гэх ганц том “мангас”-аар айлгаад, хүссэн мэдээллээ тархи руу нь цутгаж, хусмын төдий халамж үзүүлсэн болоод хэр удаан оршин тогтнох билээ.

https://zgm.mn/

Хариулт үлдээх

Your email address will not be published.