Стандаргүй тоглоомын талбайн “хамгаалагчгүй” хохирогчид

  • Нийслэлд стандартын шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй 300 гаруй тоглоомын талбай бий
  • ГССҮТ-д жилд 10000-40000 мянган хүүхэд осол гэмтлийн шалтгаанаар эмчлүүлдэг байна. Үүний талаас илүү хувь нь гадаа тоглож байхдаа гар хөлөө хугалж, толгой, тархиа гэмтээдэг аж. Тодруулбал, нийт гэмтсэн хүүхдүүдийн 41.2 хувь нь ямар нэг зүйлээс унаж, 17 хувь нь амьгүй механик хүчинд өртсөн байдаг.
  • Олон улсад савлуурыг нийтийн тоглоомын талбайд байршуулахаас татгалздаг бөгөөд тоглоом хоорондын зай, талбайд онцгой ач холбогдол өгдөг байна
  • Хүүхэд тоглож яваад эрсдэл хүлээвэл өөрөө л хохироод өнгөрдөг. Тоглоомын талбайнстандарт мөрдөөгүйн улмаас хүний амь эрсэдсэн байсан ч шийтгэл хүлээдэггүй тогтолцоо энд тэнд эвдэрхий төмөр өрчихөөд хүүхдэд ээлтэй хот гэж гаарахад хүргэж байна

Нар, салхинд зэвэрч, өнгө будаг нь халцарсан бялдаржуулах төхөөрөмж дээр 7-15 насны дөрвөн хүүхэд тоглож байв. Дөхөөд очтол төхөөрөмжийг суурилуулаагүй, шороон дээр сул орхисон байна. Тэднээс ямар учиртай газар наадаж буйг нь асуухад “Уг нь энд тоглоомын талбай байгуулах гэж байсан гэсэн. Гэтэл өвчин гараад тохижуулж чадаагүй. Энэ хавьд өөр тоглоомын талбай байхгүй учир энд л тоглодог” гэж хариулсан юм. Уг төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд, автозамтай залгаа байршуулжээ. Хэн, ямар зорилгоор хэнд ч хэрэггүй, эрсдэлтэй зүйл энд өрчихөөд, иргэд, хүүхдүүдэд тоглоомын талбай байгуулсан мэт ойлгуулсан нь анхаарал татаж байлаа. Ойр хавийн оршин суугчид ч ямар учиртай болохыг нь нарийн хэлж мэдэхгүй байв. Гэсэн ч хүүхэд тоглох талбай үүнээс өөр байхгүй учир чанар, стандарт, эрүүл ахуй зэрэгт анхаарал хандуулж, асуудал дэвшүүлэх бодолгүй байгаагаа эцэг, эхчүүд хэлж байлаа. “Анх хоосон шороо л байсан. Энд энэ зэргийн юм байгаа нь их юм” гэж хэнэггүй хариулах даанч хэрэггүй санагдсан. Замын хажуугийн шороон дээр зэвэрч, элэгдсэн төмрийн сэг эгнүүлчихсэнд хүүхэд, хөгшидгүй баярлаж байгаа нь хүүхдэд ээлгүй хотын эмгэнэлтэй байдалдаа иргэд хүртэл дасчихаа юу гэж халагламаар. Энэ мэт стандарт хангахгүй тоглоомын талбай нийслэлд олон бий. Үүний улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, эрх мэдэлтнүүд эцэг, эхийн хараа хяналтгүй байдалд буруу өгөөд л өнгөрдөг гажуу тогтолцоо бичигдээгүй хууль мэт үйлчилсээр олон жил өнгөрлөө.

Гэмтсэн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг

ГССҮТ-д жилд 10-40 мянган хүүхэд осол гэмтлийн шалтгаанаар эмчлүүлдэг байна. Үүний талаас илүү хувь нь гадаа тоглож байхдаа гар хөлөө хугалж, толгой, тархиа гэмтээдэг аж. Тодруулбал, нийт гэмтсэн хүүхдүүдийн 41.2 хувь нь ямар нэг зүйлээс унаж, 17 хувь нь амьгүй механик хүчинд өртсөн байдаг. Түүнчлэн 2017 оноос хойш гэмтэж, бэртсэн хүүхдийн тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд осол гэмтэлд өртсөн гурван хүн тутмын нэг нь 0-15 насныхан байна. Эдгээрээс хамгийн их хувийг 0-4 насныхан эзэлж буй юм. Уг нь хүүхдийн тоглоомын стандартыг 2017 онд баталсан ч төрийн албаныхан хүүхэд хамгаалах асуудалд хойрго хандаж буй учир гэмтсэн хүүхдийн тоо буурахгүй, эвдэрхий тоглоом цөөрөхгүй байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ГССҮТ-д 10000 орчим хүүхэд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Нийслэлд буй тоглоомын талбайн тал хувийг засаж, шинэчлэх шаардлагатай

Нийслэлд 650 орчим хүүхдийн тоглоомын талбай бий. Гэхдээ үүний тал хувийг нь зайлшгүй засаж, шинээр тохижуулах шаардлагатай аж. Тодруулбал, стандартын шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй 300 гаруй тоглоомын талбай бий. Эдгээрийн олонх нь 1970-1980 онд баригдаж, эдэлгээний хугацаа дууссан нь төмөр, мод бүхий гулсуур, савлуур юм. Үүнээс гадна, олон улсын стандартын дагуу баригдсан тоглоомын талбай Монгол Улсад нэг ч байдаггүй аж.

Тоглоомын талбайн стандартаар “тоглоом, шоглоом” хийж байна

Хүүхдүүд савлуур дээр тоглож байхдаа бие, биеэ унагаах, гулсуураас буухдаа хэн нэгнийгээ бэртээх тохиолдол элбэг. Давчуу орон зайд, олон тоглоом эгнүүлсэн байдаг нь ийм эрсдэл бий болох хамгийн гол хүчин зүйл болдог. Гэтэл олон улсад савлуурыг нийтийн тоглоомын талбайд байршуулахаас татгалздаг бөгөөд байршуулсан ч тоглоом хоорондын зай, талбай зэрэгт онцгой ач холбогдол өгдөг байна. Түүнчлэн гулсуурын доор зориулалтын зөөлөвч байх шаардлага тавьдаг төдийгүй савлуурын бэхэлгээ, тоглоомын материал зэрэгт тусгай стандарт гэж байдаг аж. Манай улсад ч мөн мөрдөж, хайхрахгүй байгаа л болохоор тоглоомын талбайн стандарт гэж байдаг аж. Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг аюулгүй байдал талаас нь харах хэрэгтэй. Тухайлбал, гулсуурын доор хатуу цемент, шороо байвал хүүхэд гулсаад буухдаа түүн дээр унана. Тиймээс үүний доор зориулалтын материал байршуулах хэрэгтэй. Сүүлийн үеийн ихэнх гулсуурын доор хатуу резинэн материал байдаг болсон. Тэр нь стандартад нийцсэн материал биш. Дээр нь хүүхэд унахад хатуу байдаг бөгөөд өвлийн улиралд хөлдөж хагардаг. Үүний оронд байгальд ээлтэй, хүүхдэд аюулгүй хайрга, элс дэвсэх ёстой. Мөн тоглоомын талбайн хашаа, хашлагын завсраар хүүхдийн толгой багтахааргүй байх ёстой. Хашааны өндөр ч мөн тодорхой стандарттай. Тоглоомын материалын чанар ч чухал” гэсэн юм. Дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай нийслэлд цөөхөн. Хянадаг, хариуцдаг байгууллага ч байдаггүй учир ажил хэрэг болж хэрэгжихгүй, аав, ээжүүд хүүхдээ сэтгэл амар тоглуулж чадахгүй байсаар л байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Насандэлгэр “Манай байр таван жилийн өмнө ашиглалтад орсон. Уг нь байрныхаа гадна тоглоомын талбайтай ч ойр хавьд өөр тоглох газар байхгүй учир оройн цагаар энэ хавийн бүх хүмүүс хүрээд ирдэг. Олон хүн цуглаж, тоглодог болохоор ч тэр юм уу, тоглоомууд маш хурдан эвдэрсэн. Савлуурын олс нь салаад, дүүжин тоглоомын бэхэлгээ мултарсан. Хүүхэд тоглож байхад унасан бол эрсдэлтэй. Дээрээс нь хүүхдүүд бие биеэ түлхэнэ, унагаана. Ийм жижиг зайд олон хүүхэд цуглахаар аргагүй л байх” гэсэн юм.


Хүүхэд хохироход хуулийн хариуцлага хүлээх хүн алга

Стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбайг хянаж, засах сэтгэлтэй албан хаагч байхгүйн улмаас олон арван хүүхэд амь насаараа хохирч, олон зуун эцэг, эх шар махтайгаа хатаж байна. Хайртай үрийнхээ амийг хаанаас нэхэх учраа олохгүй бэтгэрэх аав, ээжээс хараа хяналт, хариуцлага шаардах нь хүний ёсноос гажууд хэрэг. Харин ч эрүүл аюулгүй тоглоомын талбай цогцлоохоос хөрөнгө, мөнгөө харамлаж, хумсалсан этгээдүүдэд хуулийнхариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд тоглож яваад эрсдэл хүлээвэл өөрөө л хохироод өнгөрдөг. Тоглоомын талбайнстандарт мөрдөөгүйн улмаас хүний амь эрсэдсэн байсан ч шийтгэл хүлээдэггүй тогтолцоо энд тэнд эвдэрхий төмөр өрчихөөд хүүхдэд ээлтэй хот гэж гаарахад хүргэж байна.


Хүлээж авсан талбайд нь хүүхэд гэмтсэн бол төрийн байгууллага хариуцлага хүлээх хэрэгтэй


Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, хариуцлагын талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа.

-Хүүхдийн тоглоомын стандарт баталсан ч шаардлагад нийцсэн нь ховор байна. Үүний улмаас олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байна. Стандарт мөрдүүлэх тал дээр танай байгууллага ямар арга хэмжээ авч байна?

-Тоглоомын талбайн стандартыг 2017 онд баталсан ч өнөө жилийг хүртэл ажил болж хэрэгжээгүй. Судалж үзэхэд, нийслэлийн хэмжээнд засаж, шинэчлэх шаардлагатай 300 гаруй тоглоомын талбай байсан. Бид одоогоор 50 орчмыг нь стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.

-Тоглоомын талбай ямар стандарт хангах шаардлагатай вэ?

-Хүүхдийн тоглоомын талбайд ийм, тийм өнгийн элдэв төрлийн тоглоом байршуулна гэсэн стандарт байхгүй. Харин эрүүл ахуйн тал дээр нь зүйлчилсэн. Тухайлбал, хашлага хооронд 10 см зайтай байх, савлуурын олс, төмөр, эрэг боолтны бүрэн бүтэн байдал хангах гэх мэт олон дүрэм, журам бий.

-Хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ. Стандартад нийцэхгүй тоглоомын талбайг мэргэжлийн хяналтын газар анхаарч ажиллах үүрэгтэй юу?

-Мэргэжлийн хяналтын газар бол дүгнэлт л гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар нэг хэрэг гарсны дараа хянаад, зөв, бурууг нь дүгнэх ёстой. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тоглоомын талбай баригдаж эхлэхээс нь дуусах хүртэл хяналт тавин, хүлээж авдаг. Тиймээс хэрэв дутуу гүйцэтгэлтэй барьсан ч хүлээж аваад, хүүхэд гэмтсэн бол тус байгууллага хариуцлага хүлээх хэрэгтэй. Мөн тухайн барилга хариуцсан компани ч буруутай.

-Шаардлага хангаагүй тоглоомын талбайн улмаас хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон бол хэн хариуцлага хүлээдэг бол. Энэ төрлийн хуулийн заалт байдаггүй юм билээ?

-Тоглоомын талбайн стандарт хангаагүйн улмаас хэн нэгэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд ямар нэг байгууллага, хувь хүн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байдаггүй.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.