Монголд байхгүй 10 тэрбумын барьцаа буюу Ж.Эрдэнэбатын хэрэг

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хорихоор боллоо

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр гаргажээ. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-нд шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй юм. Тиймээс өчигдөр болсон шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан аж. 

Хэргийг эргэн сануулбал, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлжээ. Үүний дараа тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанид зарсан аж. Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх үйл явдал ил болж, яллагдагчаар татагдсан. 

“10 тэрбумын  барьцааг хэзээ ч төлөх боломжгүй”

Харин түүний өмгөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Энэ сарын 4-нд шүүхээс захирамж гарган 10 тэрбум төгрөгийн барьцаа төлбөрийн  асуудал  тавьж, 9-н  гэхэд шүүхэд барьцаагаа өг  гэсэн. Монголын шүүхэд 10 тэрбум төгрөгийн барьцаа  яригдаж байсан түүх байхгүй. Нэг сая, 10 сая гэсэн бол ойлгоно. 10 тэрбум төгрөгийн барьцаа гэдэг нь хамгийн утгагүй санагдсан. Өнөөдөр анхан шатны шүүх хурлаас  10 тэрбум төгрөгийн барьцаагаа өгөөгүй байна гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Энэ бол яалт ч үгүй хууль бус шийдвэр. 10 тэрбумын  барьцааг хэзээ ч төлөх боломжгүй. Ийм хэмжээний мөнгө банканд ч бэлнээр  байхгүй. Гол зорилго нь цагдан хорих юм байна. Сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарласан улс төрийн нөлөө орж байна” гэв.

Ж.Эрдэнэбат: Намайг сонгуульд оролцуулахгүй байх сонирхол байна

Тэгвэл УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат тойргийн сонгогчидтойгоо уулзах үеэрээ үүнд тайлбар өглөө. Тэрбээр “Монголын шүүх ямар нэгэн зорилготой ийм шийдвэр гаргаад байгаа юм. Үнэхээр харамсалтай. Намайг өнөөдрийг хүртэл нэг ч удаа байцаагаагүй гэдгийг хэлмээр байна. Байцаагчид надаас асуух асуулт олдохгүй байгаа юм. Би Ерөнхий сайд байхдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тогтоол гаргасан. Үүний дараа Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай хэсгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Энэ хоёр тогтоолыг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байлгах үүднээс дахин нэг тогтоол гаргасан. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулах тогтоол юм. Өөрөөр хэлбэл, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн лицензийг хүчингүй болгосноор аж ахуйн нэгжүүд хохирсон. Мэдээж төр засаг аж ахуйн нэгжүүдээ хохиролгүй болгох үүрэгтэй шүү дээ. Төр аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулахдаа ижил лиценз олгодог, эсвэл дүйцүүлэх хэмжээний газар олгодог.

Харин аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулах энэ тогтоолд Ж.Эрдэнэбаттай холбоотой ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Энэ тогтоолд багтсан нэг аж ахуйн нэгжээс миний хөрөнгө орлогын мэдүүлэгт хамаардаг компани газрыг нь худалдаж авсан юм. Энэ газар нь бас сонин түүхтэй. Өмнө нь SGS гэдэг компани эзэмшиж хайгуул хийж байгаад баялаггүй гээд 2007 онд улсад буцааж өгсөн байдаг. Үүнийг нь манай дүү нөхөр мэдээгүй худалдаж аваад найзтайгаа хамтарч хайгуул хийж үзсэн байгаа юм. Хоёр компани хайгуул хийж үзээд худалдсан газраас юу л олдов гэж дээ. Дахиж хайгуул хийж үзээд баялаггүй болохоор нь улсад буцааж өгсөн. Тэгээд л энэ асуудлаар намайг буруутгах гэж оролддог.

Хоёрдугаарт, би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Монголын эрдэс баялаг хаана байгааг сайн мэднэ. Би уул уурхай сонирхсон бол ядаж эрдэс баялгийн илэрцтэй газар авна биз дээ. Би хэзээ ч уул уурхай сонирхдоггүй. Миний аав надад уул уурхайгаар битгий оролдоорой гэж захидаг байсан. Алт гэдэг дэлхийн судас нь, ногоон мод дэлхийн уушги нь гэж захиж байсан. Тиймээс би уул уурхай руу оролцдоггүй. Шүүхийн шийдвэр гарлаа л гэнэ. Тэр шүүгч ямар хүний утсан хүүхэлдэй болоод хэний төлөө ингэж шийдвэр гаргаж байгааг мэдэхгүй. Сонгуульд өрсөлдөж яваа Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг хоёр хууль зөрчиж, ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Монголын шүүх бүхэлдээ дампуурчихаагүй байх л даа. Гэхдээ хүний утсан хүүхэлдэй болсон ганц нэг хүн байх шиг. Би үнэхээр харамсаж байна. Намайг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх сонирхол улс төрийн хүчин, зарим улстөрчид байна” гэсэн юм.

Эх сурвалж: http://www.npost.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.