Б.Билгүүн: Дээрэмдэх гэмт хэрэг буурсан ч авто тээврийн хэрэгслийн хулгай өссөн

Энэ оны эхний таван сарын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.БИЛГҮҮНТЭЙ ярилцлаа.-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хулгай, дээрмийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа юм билээ. Энэ талаар та тоо баримттай, тодорхой мэдээлэл өгнө үү?   -Өмнөх онуудад гэмт хэрэг, зөрчил өсөлттэй байсан бол өнгөрсөн оноос буурах хандлагатай болсон. Энэ онд ч буурах төлөвтэй байна. Тухайлбал, 2020 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 12.2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 3635 нэгж буюу 23 хувиар буурсан үзүүлэлт юм.       Хүний эрүүл мэндийн эсрэг, хулгайлах гэмт хэрэг тэдгээрийн дийлэнхийг эзэлдэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг оны эхний таван сард 3069 бүртгэгдсэн нь 15.8, өмчлөлийн эсрэг гэмт хэрэг 24.1 хувиар буурсан байна.       Хулгайлах гэмт хэрэг нь халаасны, авто тээврийн хэрэгслийн, орон байрны гэж хуваагддаг. Нийтдээ энэ төрлийн 3400 гаруй хэрэг бүртгэгдсэн нь 23.3 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс халаасны хулгай (214 гэмт хэрэг) 34.4, дээрэм (247 гэмт хэрэг) 48.6 хувиар буурсан байна. Гэвч авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг 38.0 хувиар өссөн дүн гарсан. Энэ төрлийн гэмт хэрэг 127 бүртгэгдсэн байгаа юм.   -Эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?   -Цагдаагийн байгууллага хулгайлах, дээрэмдэх, залилах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг биелүүлэх үүднээс тодорхой төрлийн арга хэмжээ, кампанит ажлыг өрнүүлж байна. Тодруулбал, гудамж талбай, блон нийтийн газрыг камержуулах, аж ахуйн нэгжид харуул хамгаалалтын ажпын стандартыг мөрдүүлэх чиглэлээр заавар зөвлөмж хүргүүлэх зэргээр ажилладаг. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598-2011-д нэмэлт өөрчлөлт оруулахаар цагдаагийн байгууллагаас холбогдох газарт санал хүргүүлээд байна. Үүнд тээврийн хэрэгсэл бүрийг “хар хайрцаг” буюу камертай болгох саналыг тусгасан. Учир нь, иргэд автомашинаа эзэнгүй орхих, гэрэлтүүлэг, хараа хяналтгүй газар байрлуулах, гэр хорооллын иргэд машинаа хашаандаа оруулж тавьснаар санаа нь амарч, хаалгаа цоожлохгүй байх, үнэтэй эд зүйл, цүнх саваа орхиж буух зэргээс үүдэж авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг нэмэгдээд байна. Үүнийг иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.   -Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалахын тулд саяхан кампанит ажил явагдаад байсан. Тэр талаар танилцуулна уу?   –“Ятгах тусам нягтал. Нягтлах тусам аюулгүй” сэдэвт аяныг өрнүүлсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, итгэл үнэмшлээ баталгаажуулахад чиглэсэн арга хэмжээ байлаа. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр “Хайр өвтгөдөггүй” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ нь тодорхой үр дүнгээ өгч иргэдийн эрх зүйн боловсрол болон зарим төрлийн хууль, тогтоомжийн талаарх мэдлэгт нэмэр болсон. Эдгээр арга хэмжээг коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дийлэнхийг цахим орчинд зохион байгуулж, гудамж талбай, олон нийтийн газарт хулдаасан хэвлэлээр бэлтгэсэн зурагт хуудас, самбарыг байрлуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах зэргээр иргэдэд хүргэж болох бүх арга хэлбэрээр явууллаа.   -Дээрэмдэх гэмт хэрэг улсын хэмжээнд бараг 50 хувиар буурчээ. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлөв?   -Дээрэм хийх нь шунахайн сэдэлтэй гэмт хэрэг. Үүний хохирогч нь ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүд болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон иргэд байдаг.       Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа орчин нөхцөл нь гэрэлтүүлэг муутай юм уу огт байхгүй гудамж, орой үдшийн цаг байгаа юм. Үүнд, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон дүүргийн Цагдаагийн хэлтсүүд онцгой анхаарч “Эмзэг цэг”, “Шуурхай бүлэг” зэрэг арга хэмжээ, ажиллагааг зохион байгуулж байна. Ер нь цагдаагийн байгууллага хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг гарч байгаа цаг хугацаа, байршил, нөхцөл байдал зэргийг сайтар судалж, дүн шинжилгээ хийсний үндсэнд дээрх үйл ажиллагааг зохион байгуулдаг.       -Хулгайн гэмт хэргийн тоо 20 гаруй хувиар буурсан байна. Үүнд цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагч, хороо хэсгийн байцаагч нарын идэвх чармайлтаас гадна коронавирусийн үед хүүхэд, эцэг эхчүүд олноор гэртээ байх болсон нь нөлөөлж байгаа болов уу?   -Ийм нөлөөлөл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн он болон энэ жилийн эхний таван сарын байдлаар хулгайн гэмт хэрэг байнга бууралттай явж байгаа. Нөгөө талаар цагдаагийн байгууллагаас “Сар шинэ”, “Дахин сэргийлье, дахин шалгая” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Учир нь, Цагаан сарын баяраар иргэд гэр бүлээрээ золгуут хийж, цөөнгүй цаг, хоногоор орон гэрээ эзэнгүй орхих зэрэг тохиолдол нэлээд гарч, энэ үеэр орон байрны хулгай олонтаа үйлдэгддэг. Тиймээс манай хэв журмын ажилтнууд сонор сэрэмжээ дээшлүүлэх, гудамж талбай, орон сууцны хороололд хөдөлгөөнт камер ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх ажлыг сайтар явуулсны дүнд хулгайн гэмт хэрэг буурч байна. Үүнээс гадна иргэд орон байр, гэр гудамжаа, аж ахуйн нэгжүүд өөрийн ажлын байраа гэмт халдлагаас хамгаалж камержуулах ажпыг нэлээд өргөн далайцтай хийж, стандартад нийцсэн тоног төхөөрөмж суурилуулдаг болсон нь эергээр нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй.     Д.МөнхжаргалЭх сурвалж: “Монголын үнэн” сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.