Д.Номундалай: Бид ямар баярыг хэрхэн тэмдэглээд байна вэ гэдгээ бодох цаг болсон

Манай улс энэ жил анх удаа бурхан багшийн их дүйчин өдрийг албан ёсоор тэмдэглэж, улс даяараа амарна. Олны дунд маргаан дагуулаад байгаа уг баярыг яагаад тэмдэглэх ёстой болон энэ өдрийн утга учрын талаар Бурхан багшийн их дүйчин өдрийн ажлын хэсгийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, Гандантэгчинлэн хийдийн лам Д.Номундалайтай ярилцлаа.

Бидний ярилцлага сүүлдээ сэдвээсээ хальж, коронавирусийн үед сүм хийдүүд хэрхэн амь зууж байгаа болон Энэтхэгт монгол хүүхдүүдээ олноор нь явуулж, сургах нь зөв үү гэх асуудлыг хүртэл хөндөн үргэлжилсэн юм. 

-Монгол Улс бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгосон. Коронавирусийн цар тахлын үед энэ өдрийг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсныг та бүхэн мэднэ. Нэгэнт төрөөс албан ёсоор хуульчилсан учир цаашдаа илүү өргөн хүрээнд тэмдэглэх үүднээс бурхны шашны төрийн бус байгууллагууд, лам хуврагууд нэгдэн энэ өдрийг тэмдэглэх ажлын хэсгийг байгуулсан юм. Өмнө нь бид нэлээд өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байсан ч коронавирусээс болоод бүх зүйл өөрчлөгдлөө. Дэлхий нийтээрээ айхтар өвчинд нэрвэгдэж, тодорхой дүрэм журам сахих шаардлагатай болсон учир бид хурал номоо цахим хэлбэрээр хийхээр төлөвлөж байна.

-Ер нь энэ өдрийг монголчууд хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ?

-Манай улс 1990 оноос хойш бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна. Монголчууд сайн мэднэ дээ, “Элчин багш” гэж алдаршсан Бакула Ринбүүчи багш Энэтхэгийн Элчин сайд байхдаа тухайн үед Соёлын сайд байсан Н.Энхбаяр гуайд хүсэлт тавьж, энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм. Яагаад их дүйчин гэж ярьдаг вэ гэвэл, бурхан багшийн амьдралын гурван чухал өдөр энэ өдөрт давхацсан байдаг. Тэр нь бурхан багшийн төрсөн өдөр, гэгээрсэн өдөр, нирваан дүр үзүүлсэн өдөр. Дүйчин өдөр гэж ямар учиртай юм бэ, их дүйчин гэхээрээ өөр үү гэж хүмүүс их асуудаг. Дүй гэдэг нь цаг, чин гэдэг нь их гэсэн үг. Нэг ёсондоо их цаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, буяныг хурааж, нүгэл хилэнцийг арилгадаг цаг гэж ойлгож болно. Монголчууд сарны тоололтой ард түмэн. Сар дотроо дөрвөн дүйчин өдөр байдаг. Энэ өдрүүд нь шинийн найман, 15, 22, битүүн. Харин энэ өдөр зуны эхэн сарын шинийн 15-наас гадна бурхан багшийн амьдралын чухал үйл явлуудтай давхацдаг учраас их дүйчин өдөр буюу буяныг хураах их цаг юм. Түүхээ сөхөж харвал бид XV зуунаас их дүйчин өдрийг тэмдэглэдэг байж. Тухайн үед нийтээрээ бурхны шашинтай байсан учраас ан гөрөөнд мордох, хэрүүл маргаан хийхээ тэвчиж, бүгд буян номын үйл шамддаг байж. Өнөөдөр монголчууд нийтээрээ биш ч олонх нь бурхны шашинтан хэвээрээ. Тиймээс шашин шүтлэг, сүсэг бишрэлээрээ дамжуулан бүх нийтээрээ буян хураая, зөв байя гэж уриалж байгаа юм. Буян хийдэггүй юмаа гэхэд ядаж бусдад гай зовлон болохгүй байх нь нэг төрлийн буян шүү дээ.

-Цахимаар хийх хурал номынхоо талаар тайлбарлаж өгөөч?

-Хүний бие хаана байх нь чухал биш. Тиймээс гэртээ байхдаа сэтгэл санаагаа буяны зүгт хандуулах хэрэгтэй. Үүнийг зохицуулдаг зан үйл гэж бий. Тухайлбал, нэг өдрийн сахил буюу дэхчэн сожин байна. Үүнийг манай тэргүүн хамба лам Д.Чойжамц гуай өгч, МҮОНТ-ээр шууд дамжуулах юм. Энэ үеэр сүсэгтэн олон маань бурхан шүтээнийхээ өмнө арц хүжээ уугиулаад тангараг тавина. Би амьтны амь таслахгүй, хэл ам, хэрүүл тэмцэл хийхгүй, бусдыг хохироосон үйлдэл хийхгүй, мах идэхгүй мацаг барина гэх мэтээр нэг өдрийн хугацаатай тангараг өргөх юм. Нэг ёсондоо зөв ухамсар, зөв ёс суртахууныг түүчээлж, үлгэр жишээ болгох өдөр байх болно.

-Монголчуудын амрах өдөр багадаагүй. Заавал бүх нийтийн амралтын өдөр болгож тэмдэглэх ямар шаардлагатай юм бэ гэх шүүмжлэл бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Сайхан асуулт байна. Ер нь бид аливаа нэг тэмдэглэлт өдөр, баяр ёслол, даян дэлхийн чухал үйл явдлыг тааруулан амралтын өдөр болгодог шүү дээ. Тэмдэглэлт баяр хэтэрхий олон байна гэх шүүмжлэлийг ойлгож байна. Тэгвэл бид нийтээрээ ямар баяр тэмдэглээд байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тухайн баяруудаа хэрхэн тэмдэглэж байна вэ гэдгийг ч ярилцах цаг болсон. Бид сүүлийн үед Halloween буюу сүнсний гэх барууны баярыг тэмдэглэдэг боллоо. Валентин, шинэ жилийн баяр ч барууных. Уг нь Монголын шинэ жил бол цагаан сар шүү дээ. Хавар болж, бүх зүйл шинээр эхэлж байна гэсэн утгатай, байгаль цаг ууртайгаа холбогдсон баяр. Үүнээс гадна мартын 8, цэргийн баяр гээд олон баяр бий. Монгол үндэстний онцлогийг харуулсан уламжлалт баяр гэвэл цагаан сар, наадам л байна. Дээр дурдсан баяруудыг бид хэрхэн тэмдэглэж байна вэ. Жишээ нь мартын 8 гэдэг уг нь эмэгтэйчүүдийн эрхийн талаар хөндөж ярьдаг баяр шүү дээ. Гэвч баар савнууд дүүрч, хавтгайрсан архидалт болдгийг хүн бүр мэднэ. Цэргийн баяр гэхэд эх орноо батлан хамгаалах эр цэрэг, эр хүний үүрэг, бахархлын талаар ярих ёстой байтал бид хэрхэн тэмдэглэдэг билээ. Тэгвэл манай энэ баяр юугаараа онцлог юм бэ гэвэл, архи уухгүй, тамхи татахгүй, муу үйл хийхгүй, бусдыг хохироохгүй, зөв зүйтэй эерэг хандлагыг нийгэмд түгээх зорилготой. Өнөөдөр дэлхий нийтээр глобалчлал, даяаршил гэж ярьж байна. Мөн үүний эсрэгээр ондооших гэсэн ойлголт бий. Газар нутаг, хэл, соёл, зан заншлаасаа хамаарч улс үндэстэн бүрт бусдаас ялгарах шинж чанар байдаг. Бид монголчууд, бас ази хүмүүс. Өрнө, дорнын соёл гэдэг хоорондоо асар их ялгаатай. Өөр соёлын нөлөөнд хэт автах нь хэр зөв бэ гэдэг нь тусдаа том сэдэв. Тиймээс монголчуудын хэдэн зууны турш шүтэж ирсэн бурхны шашны томоохон баярыг бүх нийтээрээ тэмдэглэж, хувь хүний болоод нийгмийн ёс суртахуунд зөв үлгэр дуурайл үзүүлэх зорилго тавиад байгаа юм.

-Буддын шашинтай бусад улсад энэ баярыг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?

-Бурхан багшийн их дүйчин өдрийг зөвхөн Монгол гэлтгүй Ази даяараа тэмдэглэдэг. Солонгосын дэнлүүт жагсаал гэхэд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн. Тайландад гэхэд яг энэ өдөр нэг сая хүүхэд бясалгал хийж, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн байх жишээтэй. Азийн ихэнх оронд их дүйчин өдрийг албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Тэр ч байтугай НҮБ-аас их дүйчин өдрийг энх тайван, оюун санааны амар амгалангийн өдөр болгон тэмдэглэдэг. 

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Коронавирусийн үед сүм хийдүүдийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон. Сүм хийдүүд сүсэгтэн олны хандив тусламжаар оршин тогтнодог гэдэг утгаараа үйл ажиллагаа нь багагүй доголдсон байх. Өдгөө нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Төр засгаас олон нийт цугладаг газруудыг хаах шийдвэр гаргасантай холбоотойгоор сүм хийдүүд сүсэгтэн олны эргэл мөргөлийг хангаж чадахгүй байна. Бид хурал номоо таслаагүй ч гаднаас сүсэгтэн оруулахгүй байгаа. Шашин оршихуйн нэг үндэс нь өглөгийн эзэд гэж бурхны номонд заасан байдаг. Хүнд хэцүү энэ үед ихэнх лам хувраг цалин хөлсөө авалгүй, сэтгэлээрээ хурал номоо хураад явж байна. Монгол орны маань буян заяа их болохоор аргалаад болж л байна. Өвчин зовлон тохиолдсон энэ үед бид төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, зөвхөн өөрсдийгөө бодох биш, хамаг амьтны тусын тулд үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой л доо. 

-Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр ч утгаараа коронавирусийн энэ хүнд үед төр засгийн зүгээс сүм хийдүүдийг дэмжих ёстой байх. Та бүхний хувьд төрийн ямар дэмжлэг хамгийн их шаардлагатай байна вэ?

-Төрийн хамгийн гол бодлого бол нийгэмд шаардлагатай хууль дүрмийг гаргах. Нөгөө талаар хувь хүний ёс суртахууны хэм хэмжээ, итгэл үнэмшил гэж бий. Төрийн хуулиар хүний үйлдлийг хянаж болж байна. Харин шашны номлолоор хүнийг дотроос нь ариусгаж болно. Тиймээс төр, шашин гэдэг ямар ч үед хамт явах учиртай. Бурхны шашингүй байлаа гэхэд түүнийг орлох өөр нэг шашин гараад л ирнэ. Монгол хүний төрөхөөс аваад үхэх хүртэлх бүх амьдралд бурхны шашин нэвт шингэсэн байдаг. Зарим нь дөнгөж төрсөн хүүхдэдээ лам багшаас нэр асуудаг бол хүүхдийн сэвлэг үргээхдээ өдөр судар харна. Эцэст нь талийгаач болоход лам багшид хойтхыг нь даатгаж, алтан хайрцгаа нээлгэнэ. Тиймээс бурхны шашнаа төрөөс дэмжвэл их сайн байна. Гэхдээ шулуухан хэлэхэд төрийн дэмжлэг дутагдалтай санагддаг. Ялангуяа хууль эрх зүйн тал дээр хамгийн түрүүнд анхаарлаа хандуулмаар байна. 

-Коронавирусийн үед Энэтхэгт суралцаж байгаа монгол хүүхдүүдээ авчрах асуудал сөхөгдлөө. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүдээ багаас нь харь оронд хэдэн зуугаар нь аваачиж, уулын мухарт суулгах шаардлага байна уу гэх шүүмжлэл газар авсан. Энэ тал дээр таны хувийн байр суурийг сонирхмоор байна?

-Яагаад заавал Энэтхэг явуулаад байгаа юм, Монголдоо сургаж болохгүй байгаа юм уу гэдгийг ярихын тулд 1937 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтийг ярихаас өөр аргагүй. Тухайн үед бид бүх лам хувраг, сүм хийдээ устгуулсан. 1990 оноос хойш л бурхны шашин шүтэх эрх нээгдлээ шүү дээ. Гэтэл энэ 70 жилийн хугацаанд бид ямар ч боловсон хүчингүй болж үлдсэн байна. Бид боловсон хүчнээ бэлдэх шаардлага гарна шүү дээ. Тиймээс бурхны шашны уламжлал, дэг жаяг, сургууль хаана хамгийн сайн байна, тийшээ хүмүүсээ явуулдаг. Хоёрдугаарт, бурхны шашны ном сургууль хүний гүн рүү, дотоод сэтгэл рүү илүү чиглэсэн байдаг. Ер нь аз жаргал, сайн сайхан бүхнийг бид дотоод сэтгэлдээ л мэдэрдэг. Тиймээс дотоод сэтгэлдээ хувьсгал хийх нь хамгийн чухал юм. Харин бурхны шашны сургаальд “Ном сурахын тулд аглаг газрыг шүт” гэж заасан байдаг. Хүүхдүүдийг уулын мухарт аваачиж хаялаа гэж шүүмжлээд байна. Гэтэл уулын мухарт аваачиж сургах нь дотоод сэтгэлээ ялан дийлэх таатай нөхцөл болдог юм. 

-1990-ээд оноос хойш боловсон хүчний нөөц хангалттай болж чадаагүй хэрэг үү?

-Ардын хувьсгалаас хойших анхны лхаарамба цолыг Д.Жавзандорж гэдэг хүн 2018 онд авлаа. Лхаарамба гэдэг бол бурхны шашны хамгийн том цол гэсэн үг. 1990-ээд онд явсан хүн 20 гаруй жил суралцсаар байгаад ердөө хоёр жилийн өмнө л энэ том цолд хүрсэн байна. Энэ хүний маань үйлс дэлгэрч, түүн шиг эрдэм чадалтай мундаг лам нар гараад ирвэл заавал Энэтхэг рүү явах шаардлагагүй л дээ. Харин одоо бол боловсон хүчин дөнгөж бэлтгэгдэж эхэлж байна. Хүний амьдралаар яривал дөнгөж мөлхөж эхэлж байна. Удахгүй гүйж эхлэх байх. Харин тэр үед арай өөр юм яригдах болов уу. Тэгээд ч лам болох хүүхдүүдийг хэн ч хүчлээгүй шүү дээ. Бүгдээрээ л дур сонирхолдоо хөтлөгдөөд явсан. Жишээ нь, би 10 настайдаа лам болсон. Бурхны ном үзмээр санагдаад байсан учраас өөрөө сайн дураараа лам болсон. Харин ч хүүхдийг “Чи лам болж болохгүй” гэж хорих нь хүний эрх чөлөөнд халдсан явдал болно биз дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхож асууя. Таныг ХСҮТ-д сайн дураараа ажилладаг гэж сонссон. Хавдар нь эцсийн шатандаа орж, эмчилгээгүй болсон хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг гэж ойлголоо, зөв үү?

-Би лам хүнийг нийгмийн сэтгэл зүйн эмч гэж боддог. Харин өнөөгийн Монголд хавдар гэдэг өвчин аюулын харанга дэлдэж, нийгмийн сэтгэл зүйн эмзэг сэдэв болчихлоо. Хавдраар өвчилж буй хүмүүст хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр Жавзандамба төвөөс санаачлан энэ ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Бид бие өвдлөө гэж ярьдаг. Тэгвэл биеийн өвчнийг сэтгэлээрээ мэдэрдэг. Тэр хүн ганцаараа өвдөхгүй, гэр бүл, ойр тойрныхон нь бүгд сэтгэл зүрхээрээ өвдөнө. Бурхны номонд ч оюун санааны тусламж дэмжлэг хамгийн чухал гэж заасан байдаг. Тиймээс бид ХСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүстэй уулзаж, ярилцдаг юм. Сүсэг бишрэлтэй хүмүүс ном уншаад өгөхөөр сайхан тайтгарна. Харин заримд нь бурхны шашны философи, утга учрыг тайлбарлах байдлаар ярилцана. Ер нь хавдартай хүмүүс “Энэ олон хүнээс би яагаад ийм муухай өвчин тусчихав, надад яагаад ийм айхтар зовлон ирчихэв” гэж сэтгэлийн маш их шаналалтай байдаг. Биеийн өвчнөөс гадна сэтгэлийн шаналан тэднийг маш их зовоодог. Миний хувьд биеийг нь эмчилж чадахгүй ч сэтгэлийн шаналанг нь багасгаад өгчих юмсан гэж хичээдэг юм. Хүмүүний амьдралд орчлонгийн дөрвөн далай гэж бий. Хэн ч байлаа гэсэн орчлонд төрдөг, хөгширдөг, хөгшрөх явцдаа өвдөнө, тэгээд үхнэ. Энэ зүйлээс хэн ч зайлж чадахгүй. Олон тэрбумын хөрөнгөтэй С.Жобс хүртэл хорт хавдраар өөд боллоо шүү дээ. Мөнхийн юм гэж энэ хорвоод үгүй. Хүний бие энэ жам ёсны дагуу хөгширдөг, өвддөг, үхдэг. Гэхдээ энэ амьдрал төгсөж байгаа нь үгүй гэх мэтээр хүмүүстэй ярилцана л даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Найвдаргүй боллоо гэсэн хавдартай хүн 10 жил амьдарсан тохиолдол ч байна. Тэгэхээр өвчин шаналан гэдэг сэтгэл санаанаас маш их хамаардаг байх нь. Тиймээс лам хүн нийгмийн сэтгэл зүйн эмч гэдэг утгаараа энэ хүмүүст хэрэгтэй гэж бодоод сайн дураараа ажиллаж байна. Би энэ талаар ярихдаа Т.Тэрбиш эмчийг дурдах дуртай. Энэ хүний анх санаачилсан ажил юм. Т.Тэрбиш эмч Германд ажиллаж байхдаа том эмнэлэгт нь яваад ортол дотор нь христийн сүм байсан гэсэн. Лам нар нь хоёр хоёроороо явж, хүмүүстэй уулзан сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг гэсэн. Энэ ажлыг би Монголд илүү дэлгэрүүлмээр байдаг юм. Болж өгвөл бүх эмнэлгээр явдаг болмоор байна.

-Цаг зав гарган сайхан ярилцсанд баярлалаа.

Засгийн газрын мэдээ сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.