Ч.Ганжавхлан: Хөл хорио тогтоосноос хойш манай хамгаалах байрны ачаалал дөрөв дахин нэмэгдсэн

  • Гэмт хэргийн гаралт буурч байна гэж цагдаагийн газраас мэдээлээд байна. Сонгуулийн өмнө оноо алдахгүйн тулд Засгийн газраас үнэн бодит тоо, мэдээллийг нууж байна л гэж би харддаг
  • Үргэлж хандиваар үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийгэмд ээлтэй бизнесийн модель руу шилжихээр төлөвлөж байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж, контент бий болгож үнэлүүлэхээр ажиллаж эхэлсэн
  • “Ид шидийн орон” төвийн ажилчдын цалин, хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа, ус, цахилгаан зэрэг нийлээд сард 30 орчим  сая төгрөгийн урсгал зардал гардаг. COVID-19 гарахаас өмнө “ид шидтэй ах, эгч” нараас энэ хэмжээний мөнгө цуглардаг  байсан. Гэхдээ хөл хорионоос хойш маш олон хандивлагч хасагдсан

Бизнесийн чиглэлээр суралцаж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, жуулчны компанид хөтөч хийх зэргээр өөрийгөө үргэлж туршиж, чадвараа сайжруулахыг хичээсээр ирсэн нэгэн бол Ч.Ганжавхлан юм. Түүнийг олон нийт “Лантуун дохио” ТББ, Jack’s coffee, “Ид шидийн орон”-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэднэ. Гадаадад боловсрол эзэмшээд, эх орондоо ирээд удаагүй байхдаа “хүний наймааг зогсооё” гэсэн лоозон барьсан нэг гар, нэг хөлгүй хүнтэй таарсан нь түүнийг нийгэмд болж буй хүчирхийлэл, хүний наймааны эсрэг тэмцэж, эрх нь зөрчигдөж буй олон хүний дуу хоолой болоход хүргэсэн гэдэг. Түүнтэй ажил хэргийн талаар болон ТББ-ынх нь цаашдын зорилго, санхүүжилтийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед ямар ажил хийж байна вэ. Ажлынх нь сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Бид “Ид шидийн орон-2” төвийнхөө барилгын ажлыг дуусгаад, УОК-д хүлээлгэж өглөө. Жилийн өмнө хоосон газар дээр мод тариад эхэлж байсан ч одоо ашиглалтад ороход бэлэн болсон байна. Ирэх сарын 1-нээс балет, англи хэл, монгол бүжиг, товшлуур бүжгийн сургалт нээхээр төлөвлөж байна. Хүүхдүүдээс ямар нэг төлбөр авахгүйгээр үйл ажиллагаа явуулна. Үүнээс гадна таван бүлэг, 15 цуврал бүхий хүүхдийн комик хийхээр ажиллаж байна. Хүүхдийн хүмүүжилд чиглэсэн “Бумбардай” цуврал бол байшин барихаас дутахааргүй чухал ажил. Учир нь тэднийг багаас нь зөв төлөвшүүлснээр ирээдүйд бий болох хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-“Лантуун дохио” ТББ-г байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Хүний наймаанаас эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийг хөндөж, тулгарч буй бэрхшээлийг нь шийдвэрлэхийг хичээж ажилласан шүү дээ. Бусдын асуудлыг шийдэж, тэдний дуу хоолой болох мэдээж амаргүй байсан байх?

-Би 23 настайдаа “Лантуун дохио” ТББ-г байгуулж байлаа. Эхэндээ хүчирхийлэл, хүний наймааг хүмүүс төдийлэн ойлгохгүй байсан нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Зүрх зүсэм хүнд нөхцөл байдалд орсон хүмүүстэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлэхийг хичээх мэдээж амаргүй. Гэхдээ анхнаасаа аз жаргалтай, гэгээлэг зүйл рүү ороогүй гэдгээ маш сайн мэдэж байсан болохоор шантрах, бууж өгөх тухай бодоогүй л дээ. Ер нь сэдэв хараад “ямар хэцүү юм бэ” гэж ярих, бодит байдалтай нүүр тулах хоёр харилцан адилгүй. Хүнд байдалд орсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нүд рүү нь хараад, гарыг нь бариад, цус, нулимсыг үзсэний дараа өөрийгөө ямар чухал зүйл хийж байгаагаа улам сайн ойлгодог юм билээ. Одоо бол биднийг ихэнх хүн амжилтын нэг жишээ болгон ярьдаг болж. Гэхдээ хүмүүст танигдахаасаа өмнө, бүдэрч унасан маш олон өдрийг туулсан юм шүү. Тэр цаг үе амжилтын хамгийн чухал суурь байсан юм билээ.

-Та бизнесийн чиглэлээр БНСУ, АНУ, БНХАУ зэрэг улсад суралцаж төгссөн. Заавал бусдын зовлон руу өнгийхгүйгээр мэргэжлийнхээ ажлыг хийгээд, жаргалтай амьдарч болохоор байхад амьдралынхаа найман жилийг хүнд байдалд орсон хүмүүсийн бэрхшээлийг шийдэхэд зориулсанд шалтгаан бий байх?

-Чи сая аз жаргал гэж хэллээ. Хүн бүхэн харилцан адилгүй зүйлээс аз жаргалыг мэдэрдэг. Зарим хүнд үнэтэй машин унаад, том байшинд амьдрах нь аз жаргал байдаг бол зарим нь бусдад баяр, баясал бэлэглэж жаргалтай болдог. Харин би асуудал, бэрхшээлийг шийдэж, гаргалаа олж байхдаа аз жаргалтай болдог юм. Бусдын төлөө өөрийгөө золиод гэх мэт романтик үгэнд би нэг их дуртай биш. Бусдын төлөө явах гэсэндээ би энэ ажлыг хийгээгүй. Зүгээр л үүнийг хийснээр хүн байхын гол утга учрыг мэдэрдэг юм. Тиймээс энэ ажил золиос, зовлон бус миний амьдарч болох хамгийн сайн, зөв хэлбэр. Хэрэв чиний хэлснээр хувиа хичээгээд явсан бол арай том машин унаад, том байшинд амьдраад, илүү үнэтэй хувцас өмсөх байсан байх л даа. Энэ нь миний эргэн тойрны хэсэг хүмүүст сайнаар нөлөөлнө. Гэхдээ бид одоо хэдэн мянган хүнд нөлөөлж, хэдэн зуун хүнд тустай үйл хийж байна. Мөн би цэвэр агаартай, цэлгэр нутагтай эх оронд мэндэлсэн. Тэгэхээр би энэ нийгмээс маш их зүйл авсан хэрэг. Үүнийхээ хариуд ямар нэг зүйл өгөх ёстой. Тиймээс үрдээ болон өөр олон мянган хүүхдэд эрүүл, аюулгүй нийгэм үлдээхийн төлөө л хичээж байна. 

-ТББ нэрийн доор мөнгөждөг хүн мэр, сэр байдаг шүү дээ. Танай байгууллагыг ч ингэж харддаг хүн цөөнгүй байдаг байх?

-Олон нийтийн ажил хийгээд, олон хүний хандив, тусламжаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор хардаж сэрдэх нь аргагүй. Гэхдээ саяхан намайг хардахаасаа илүүтэй ёс зүйгүйгээр гүтгэсэн. Анх үйл ажиллагаагаа эхэлж байхад ч иймэрхүү яриа гардаг л байлаа. Тэгэх болгонд нь гомдоод, заргалдаад явах боломж ч, хүсэл ч байсангүй. Хүмүүс Ч.Ганжавхланд хандив өгч байна гэж ойлгоод байдаг. Уг нь би бусдын адил л хандивлагч юм шүү дээ. Боловсрол, менежментийн ухаан, бичих чадвар зэрэг бүх л сурсан, мэдсэн зүйлээ энэ ажилд зориулж байна. Үүнийхээ хариуд нэг ширхэг будаа ч авдаггүй. Ямар ч цалин мөнгө авахгүйгээр бүх сэтгэлээрээ ажлаа хийж байна. Найман жилийн турш ингэж ажилласан ч гүтгүүлсээр байна гэдэг амаргүй л дээ. Хэдий сэтгэлийн дархлаа байдаг ч төмөр хүн биш болохоор үндэслэлгүй гүжир, гүтгэлэг хараад хямардаг л юм. Манай байгууллагын хувьд шилэн дансны системээр ажилладаг. Мөн олон улсын хамгийн том аудитад шалгуулдаг. Үүнээс гадна би хандивтай огт харьцдаггүй. Санхүү хариуцсан хүмүүс тусдаа бий. Бид бэлэн мөнгөний хандив авахаас аль болох татгалздаг. Дансаар бүх төлбөр тооцоо хийвэл хянаж, шалгахад хялбар байдаг.

-“Ид шидтэй ах, эгч” хөтөлбөр, хандив өгөхөд илүү хялбар болсон байна лээ. Хүмүүсийн данснаас, шимтгэл авахгүйгээр бага хэмжээний мөнгө тогтмол хасагддаг байх аа. “Ид шидийн орон” төвийн зардлыг энэ хандиваас бүрдүүлдэг үү?

-“Ид шидтэй ах, эгч” хөтөлбөр хэрэгжсэнээр хүмүүс өдөр бүр мөнгө хандивлах боломжтой болсон. Монголд байгаа ид шидтэй ах, эгч нар өдөрт 100 төгрөг, АНУ-д байгаа бол нэг ам.доллар хандивладаг. Хэдий бага мөнгө мэт болов ч олон хүний хандив цуглаад манай байгууллагын хамгийн чухал санхүүжилт болдог. 

-“Ид шидтэй ах, эгч” нараас сард дунджаар хэчнээн төгрөгийн хандив цуглардаг вэ?

-“Ид шидийн орон” төвийн ажилчдын цалин, хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа, ус, цахилгаан зэрэг нийлээд сард 30 орчим сая төгрөгийн урсгал зардал гардаг. COVID-19 гарахаас өмнө “ид шидтэй ах, эгч” нараас энэ хэмжээний мөнгө цуглардаг байсан. Гэхдээ хөл хорионоос хойш маш олон хандивлагч хасагдсан. 

-Өнгөрсөн сард бид гэр хорооллоор явж, хүүхдүүдийн нөхцөл байдлыг сурвалжилсан юм. Сургууль, цэцэрлэг амарснаас хойш ахуйн өлсгөлөн бий болж, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Танай хамгаалах төвийн ачаалал хөл хорио тогтоосноос хойш нэмэгдсэн үү?

-Хөл хорио тогтоосноос хойш хамгаалах байрны ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явж, тэндээ хооллож, хамгаалуулдаг байсан нь больчихлоо шүү дээ. Мөн коронавирусийн улмаас маш олон хүн ажилгүй боллоо. 46 мянган хүн ажилгүй болоход цаана нь 200 орчим мянган хүүхдийн асуудал хөндөгдөнө. Ингэхээр ахуйн өлсгөлөн бий болно. Архидалт, стресс нэмэгдэнэ. Гэр бүл доторх өөрийгөө хамгаалах чадваргүй, хамгийн хүч муутай нь хүүхэд болохоор тэд стресс тайлах гол субьект болдог. Би нэг зүйлийг гайхаад байгаа юм. Гэмт хэргийн гаралт буурч байна гэж цагдаагийн газраас мэдээлээд байна. Сонгуулийн өмнө оноо алдахгүйн тулд Засгийн газраас үнэн бодит тоо, мэдээллийг нууж байна л гэж би харддаг. Бид гэмт хэргийн хамгийн оргил цэг дээр ажилладаг. Хоёр гудамж өнгөрөх бүрт л архи ууж, тасарсан хүн хэвтэж байна шүү дээ. Эдгээр хүмүүс гэртээ очно. Тэгэхээр гэмт хэргийн гаралт буурна гэж байхгүй.

-Хамгаалах төв нь хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ. Улсын хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэчнээн байгууллага байдаг бол?

-2018 оны нэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хоёр л байгууллага бий. Нэг нь 108, нөгөө нь “Ид шидийн орон”. Хамгаалах байгууллага бол хүчирхийллээс шууд ирж байгаа хүүхдэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Тухайн хүүхдээс ямар нэг төлбөр мөнгө авдаггүй. Манайх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 260 гаруй хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалсан байна. Нийт гарч буй гэмт хэрэгтэй харьцуулахад их тоо биш ч хүний амь, амьдрал гэж харвал бага тоо биш. Манай хамгаалах байр улсын ачааллаас маш их хөнгөлж байна. 108 төв ачааллаа дийлэхгүй үед тэндээс хүүхдүүд ирдэг.

-ТББ үйл ажиллагаа явуулахад багагүй хөрөнгө шаардлагатай. Санхүүжилтийг нь зөвхөн хандиваар босгодог уу ?

-Өнгөрсөн хугацаанд манай байгууллага хандивын системээр л санхүүгээ бий болгож, үйл ажиллагаагаа явуулж. Гэхдээ үргэлж хандиваар үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийгэмд ээлтэй бизнесийн модель руу шилжихээр төлөвлөж байна. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж, контент бий болгож үнэлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн жижигхэн оёдлын үйлдвэр байгуулахыг зорьж байна. Бүтээгдэхүүнээ хүмүүсийн худалдан авалттай холбоно гэсэн үг. Ингэснээр иргэд хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдж авах замаар манай байгууллагад хандив өгөх боломжтой. Ер нь ашиг нь л хүүхдийн төлөө болохоос ТББ бизнестэй ойролцоо шүү дээ.

-ТББ байгуулахыг зорьж буй олон залуус бий. Гэхдээ хандив, тусламж цугларч, үйл ажиллагаа жигдрэхэд амаргүй байдаг шүү дээ. Танай байгууллага ч мөн энэ замналыг туулсан байх. Хүмүүст танигдаж, өргөжсөн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Бид үнэн байсан. Мөн үнэн гэдгээ маш сайн илэрхийлдэг байлаа. Мэдээж шууд л хандив цуглараад, үйл ажиллагаа жигдрэхгүй шүү дээ. Анх Баянхошууны Зүүн салааны уулан дээр очоод байшин барих газрынхан хогийг цэвэрлэж, суурийг нь ухаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн цаанаас юм биччихээд, шилэн барилга дотор, гараа хумхиад суугаагүй юм. Эхэндээ хүмүүс улс төрд орох гэж байна, сонгуульд бэлтгэж байна, мөнгө идэх нь гэх мэтээр хардаж байсан. Гэхдээ хэчнээн муулж, өөлсөн ч ажиглаад л байдаг юм билээ. Тэр үед бид шантраагүй, хэн нэгэнд ялархаагүй. Зүгээр л нэг тоосго, нэг цемент олохын төлөө хөдөлмөрлөж байсан. Тэр хандлага л том мөсөн уулыг нураах гол хүчин зүйл байсан юм билээ. Аажимдаа хүмүүс таньж эхэлсэн. Энэ хүүхдүүд үнэхээр юм хийх гээд байна гэдгийг олж харсан.

-Анх таныг улс төрд орох гэж байна гэж харддаг байсан гэлээ. Одоо ч энэ хандлага хэвээрээ юм шиг анзаарагддаг?

-Ч.Ганжавхлан улс төрд орох сонирхолтой гэсэн хардлага найман жилийн турш намайг дагалдаж байна. Би тайлбар өгсөн, өгөөгүй ялгаагүй байдаг. Хэрэв надад улс төрд орох сонирхол байсан бол өнгөрсөн хоёр ч сонгуулийн аль нэгэнд өрсөлдөж болох л байсан. Гэтэл би хороонд ч дэвшсэнгүй, намд ч элссэнгүй. Хүмүүсийн хардах нь аргагүй байх. Учир нь өмнө нь олон хүн сайхан юм ярьж байгаад улс төрд орчихсон. Ороод ч олигтой ажил хийж чадаагүй болохоор намайг тэдэнтэй адилтгадаг байх л даа. Гэхдээ би улс төрд дургүй, огт сонирхдоггүй хүн биш. Залуучууд улс төрд орох хэрэгтэй. Мундаг залуучууд улс төрд орохоор зорьж байгаа бол би дэмжинэ. Гэхдээ хүмүүс улс төрийг ямар нэг үйл ажиллагаа эхлүүлэх, бодлогод нөлөөлөх цорын ганц зам гэж хардаг нь буруу санагддаг юм. Боловсролтой улстөрчдөд нөлөөлж, хамтарч ажиллаж болно шүү дээ.

www.zgm.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.