Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ

Нүүдлийн шувууны хамгийн алсын нислэгийн рекорд амжилтуудын нэгийг Онон нэртэй хөхөө шувуу тогтоожээ.

Их Британийн шувуу судлаачдын сангийн эрдэмтэд чип байрлуулсан хөхөө шувууг хиймэл дагуулын тусламжтайгаар хянасан байна. Онон Африкт өвөлжөөд өндөглөхөөр Монголоо зорьсон бөгөөд одоогийн байдлаар 12 мянган км нисээд байгаа гэнэ.

Их Британийн шувуу судлаачдын сангаас “Онон бол жирийн нэг хөхөө шувуу. Бид энэ хөхөөг Монголын голын нэрээр Онон гэж нэрлэсэн. Тэр 16 улсын хилийг давж, Энэтхэгийн далай дээгүүр хэдэн мянган км-ийг зогсолтгүй нисэж туулсан. Цагт дундаж хурд нь 60 км байлаа. Гуравдугаар сарын 20-нд Замбигаас гарсан Онон одоо Монголд байгаа” гэж мэдээлсэн байна.

Харин Баян нэртэй өөр нэг хөхөө өвлийг Африкт Килиманжаро уулын дэргэд өнгөрөөгөөд Хятадын Юньнанд очсон байсан. 10 мянган км замыг 14 хоногт туулсан ч Хятадад очоод алга болсон тул эрдэмтэд түүнийг алагдсан байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Английн эрдэмтэн Крис Хьюсон “Энэ судалгааны дүнд бид нүүдлийн шувуу ийм хол нүүдэллэдэг, маш хурдан нисдэгийг мэдэж авлаа. Хамгийн гол нь тэд хаашаа нисэхээ маш сайн мэдэж, салхины хүч, хурдыг ч тооцоолж чадаж байна. Коронавирусний улмаас хүмүүс хөл хорионд орж, аялж нисэж чадахгүй байхад шувууд хил хязгааргүй нисэж байгаа нь дэлхий ертөнц амьд хэвээр байгааг харуулж байна” гэж тэмдэглэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.