“Шонхоодой” циркийн жүжигчин хүү хүйтэн, халууны өвчин тусч биеийн байдал хүндэвтэр байна

Турк улсад тоглолт хийхээр очоод ч эх орондоо ирж чадалгүй гацаад буй “Шонхоодой” циркийн жүжигчин хүүхдүүдийн нэгийнх нь бие муудсан талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд тархсан. “Шонхоодой” циркийн бүрэлдэхүүнд амьдралын хүнд нөхцлөөс гарахаар зүтгэж яваа олон өнчин хүүхэд харъяалагддаг юм. 

Уг асуудлаар тус циркийн холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдон тодруулахад “Бид хэвлэлд хандах эсэхээ ярилцаж эцсийн байдлаар шийдвэр гаргасны дараа мэдээлэл өгнө. Учир нь хүүхдүүдийн нөхцөл байдалтай холбоотой асуудал. Түр хүлээгээрэй” гэсэн юм.

-ТУРК ТАЛААС 200 ДОЛЛАРЫГ 15 ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД ӨГЧ БАЙНА-

Харин өөр эх сурвалжтай холбогдоход “Туркид эд халууны улирал эхэлсэн байна. Мөн коронавирустэй холбоотойгоор хөл, хорио тогтоосон. Бүр гэрээс гарч болохгүй байгаа. Гарах эрхгүй гарвал торгуулахаар байна. Харин гэр дотор байнгын хүйтнээр үлээгч ажиллуулж байгаа юм. Тэгээд хоол, унд муутай. Зөвхөн хиам, будаа идэж байна. Үүнээс болж хүү турж, биеийн байдал нь хүндэрсэн. Хүйтэн, халууны өвчин туссан. Хамрын хөндий нь үрэвсэж болоод амьсгалахад хүндрэлтэй байна.

Турк, Монгол хамтраад өнгөрсөн нэгдүгээр сард тоглолт хийх байсан. Гэтэл коронавирусээс болоод тоглолтыг одоо болтол хийж чадаагүй. Турк талаас 15 хүүхдийн хоолны зардалд 200 доллар бодож өгч байгаа. 200 доллароор 15 хүүхдийг сар хооллоно гэдэг хэцүү. Онгоцоо хүлээж байна” гэсэн юм.

Нийт 60 хүүхэд Туркт байгаа аж. 

-ТУРК ДАХЬ ЭСЯ УТСАА АВАХГҮЙ БАЙНА-

Хэрвээ хөл, хорио цуцлагдаад тэд тоглолтоо хийвэл мөнгөтэй болж энд тавьсан өрөө төлөх боломжтой аж. Тэд явахаасаа өмнө хувцас хийлгэх, замын зардал гээд нэлээд олон сая төгрөгийн өрийг тавьсан байна. Тиймээс хэрвээ чартер нислэгээр явж чадахгүй бол тоглолтоо хийх бодолтой байгаа юм.

Харин өвдөөд буй хүүгийн хувьд эртхэн Монгол руу буцаахаар хөөцөлдөж байгаа ч бүтэлгүйтжээ. Тэд Турк дэхь Монголын ЭСЯ-руу холбоо барихад утсаа авахгүй байгаа бөгөөд чартер нислэгт багтах нөхцөл болох 1.900.000 мянган төгрөгийг төлөх боломжгүй байгаа аж.

Ядаж биеийн байдал нь хүнд байгаа нэг хүүхдээ тэд эх орон руу гаа буцаах хүсэлтэй байна. 

www.seen.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.