МАН мандаж, АН гологдож мэдэх I тойрог

УИХ-ын сонгуулийн I тойрог Архангай. Энэ удаад тус тойргоос УИХ-ын ээлжит парламентад суудал горилж, МАН-аас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар нэр дэвшиж байгаа бол АН-аас Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нарын нэр жагсаалтад багтлаа. МАХН-аас Н.Удвал, Б.Ганцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нараас гадна Зөв хүн-Электорат эвсэл, Шинэ эвсэл, бие даагчдын…гээд 18 горилогч I тойргоос ирэх парламентад сонгогчдоо төрд төлөөлөх эрх горилж байна. Хоосон амлаж, цэцэн, гоё үлгэр ярьж, гишүүн болуутаа усанд хаясан чулуу мэт алга болдог, иргэдийн итгэлээр улс төрийн элдэв “хөзөр” тоглодог гээд өмнөх парламентын бүрэн эрхт гишүүдээс муу түүх хөвөрдөг. 

Тэгвэл энэ удаагийн нэр дэвшигчдэд иргэд, сонгогчид нэлээд нарийн шүүлт хийж, боловсролын зэрэг, амьдралын сайн, мууг таньдаг, намтарт нь ямар нэг хар толбо байгаа эсэх, төрд ажиллах туршлага, улс төрийн “ургийн мод”-нд хамаатай эсэх гэх мэт наад захын шалгуур тавих нь тодорхой. Тиймээс уншигчдад хөтөч болж, УИХ-ын сонгуулийн I тойрогт цэц булаалдахаар индэрт цоллуулсан нөхдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг онцолж байна.

ШАГ, МАД 

Хүн бүхний мэддэг хэрнээ хэн бүхний өмнө тодрохыг хүсдэггүй, урдах ажлаа чимээгүйхэн болгоод явдаг хүн байдаг. Яг л ийм төлөв, даруу хүний төлөөлөл нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг. Түүнийг ийн нэрлэхэд маргах хүн олон гарахгүй биз. Бэрх цагийн боловсролын салбарыг дэгтэй, системтэй ажиллуулах гэж ачааг нь ч үүрч, асуудлыг нь туулж яваа түшээ. Боловсролын салбарыг гаднаас нь тоймлогчдын үгээр бол ажил нь ахьдаггүй, амжилт нь харагддаггүй нэгэн юм гэнэ билээ. Харин боловсролын салбарт дэлхийн түүчээ болсон улс орнууд өдгөө Монголын боловсролын салбарыг онцолж байна. Тэд биднээс аюулт халдварын үеийн ажил, үүргийн зөв систем, теле хичээлийг сурагч бүрт хүргэж, нэвтрүүлж буй арга барилаас туршлага судлая гэж байна. Энэ үр дүнгээс түүнийг үнэлбэл, Ё.Баатарбилэг гарцаагүй ирэх парламентад улирч суух бүрэн боломжтой, төрийн боловсон хүчин гарцаагүй мөн. 

Түүхч археологич-антропологич мэргэжилтэй тэрбээр 2002 онд их сургуулиа төгсөөд тэр жилдээ магистрантурт сурахынхаа хажуугаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж эхэлсэн азтай, одтой нэгэн. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Протоколын асуудал хариуцсан шадар туслахаар нь ажиллаж явсан намтар түүнд бий. Үүнийхээ дараахан нь ХХААХҮ-ийн сайдад зөвлөж, найман жил аймгаа засаглаж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Байнгын хороог даргалж, Боловсролын салбарыг залж явах үүргийг нөхөд нь түүнд олгосон сонголтыг тухайн үедээ давхар дээлэндээ даардаггүй сайд хэмээн “хурцалж” байлаа. Түүнийг МАН-аас нэрийг нь дэвшүүлж, ирэх парламентад улираахаар I тойрогт сойж байна. Түүний нуруунд ачаа үүрүүлээд л байвал зам нь хаана дуусахыг мэдэхгүй байлаа ч зүтгээд л байх нэгэн.

СҮР САР ХИЙН НИСЭН БУУХ, РОМАНТИК НЬ ДЭНДСЭН, “ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА”

Улс төр судлаач, багш, яруу найрагч, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн…гээд дэндүү олон гуншингийн эзэн. Ж.Мөнхбат 2002 оноос тэр үеийн УИХ-ын даргын ивээлд багтаж, улс төрчийн замналаа эхлүүлсэн байдаг. Хоёр ч удаа УИХ-д нэр дэвшсэн тэрбээр 2016 онд сонгогдож, 2019 оны эхээр ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаа Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгснийг бид мэдэх билээ. Нэг ч компанийн хувь эзэмшдэггүй, хувийн бизнесгүй гэх түүнийг гурван тэрбумын байр, концесс, ЖДҮХС-ийн зээлийн асуудал, 17 тэрбумаар казинодсон гэх дуулиан “ороодог” ч “Ж.Мөнхбатын ЖДҮХС-гийн зээлийн асуудал бүтээгүй” гэж УИХ-ын гишүүн асан Б.Батзориг мэдээлж байсан удаатай.

Ж.Мөнхбат гишүүний тухайд байсгээд л шүүмжид өртдөг ч энэ бүхэн нь ихэвчлэн түүний сүр сар хийсэн, романтик, уянгын халилаас нь үүдэлтэй байх нь бий. Улс төрийн индэр дээр ч, УИХ-ын танхимд ч, уулзалт хэлэлцүүлгийн үеэр ч уянгалж чаддаг тэрбээр заримдаа юу болов гэмээр араншин гаргачихсан, намынхаа бодлого, мөр зэрэгцэн яваа нөхдөө зад шүүмжилчихсэн суух нь бий. Үүнийг нь таалах хэсэг нь байхад тааламжгүй ханддаг хүмүүс ч олон. Хэлсэн үг нь байгаа онох нь олонтаа ч заримдаа хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Яруу найргийн номын борлуулалтаас хэтэрсэн үнэтэй цаг зүүлээ хэмээн баалж, 1.3 тэрбумаар “Түүх мартахгүй” киног хийлээ хэмээн шүүмжилдэг. Энэ мэт магтаал, шүүмж хоёрын дундуур туучиж яваа түүнийг МАН УИХ-ын I тойрогт горилогч болгон илгээжээ.  

БАЯНЫ ХҮҮХЭД “БАБА”

Бидэнд нэг ийм дутагдал бий. Юу гэвэл, баяны хүүхэд “баба” буюу аав, ээжийнхээ буянаар туйлагсад гэх үзэл. Нийгмийн ийм үзлийн бай болж яваа хэд хэдэн залуу улс төрч Монголын парламентын түүхэнд нэр, зүсээ таниулж буй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр төрийн өмчит уул уурхайн компаниудыг удирдаж, улмаар 2014 оноос уул уурхайн салбарын дэд сайд болсон хувьтай нэгэн. “Улс төрд боловсролтой, залуусын давалгаа хэрэгтэй байна” гэх нийгмийг захиалгад тохирсон түүнд гай, саад болж буй хэд хэдэн хамаарал нь баян аавын хүү.

Мөн яагаад ч юм мөнгөтэй аавынхаа нөлөөгөөр Монголын эдийн засгийн саалийн үнээ гэгдэх хэд хэдэн чухал газарт ажиллаж, гадаадад боловсрол эзэмшсэн гэх хардлага юм. Г.Тэмүүлэн 1999 онд Австрали улсын Канберра хотын ерөнхий боловсролын “Диксон” коллеж, 2003 онд АНУ-ын Вашингтон хотын Американ Их сургуулийн Олон Улсын харилцааны сургууль, 2005 онд Американ Их сургуулийн Нийгэм судлалын сургуулийг тус тус төгсчээ. Түүнийг сонгогчдынх нь олонх нь залуу хүн гэхэд харьцангуй төлөв гэдэг юм билээ. 

Яагаад ч юм зарим нэг хүнийг амьдрал дэндүү олон аз завшаанаар шагнадаг хэрнээ бидний ихэнхийг олсноо идээд, олдсоноо хийгээд явах хувь тохиолд төрүүлсэн мэт санагддаг уу. Тэгвэл яг ийм аз завшаан дүүрэн хувь тохиол атгаж төрсөн хүн бол Г.Тэмүүлэн. Түүнд гаднын сургуулиудад сурах боломж, төрийн өндөр албан тушаалд томилогдох боломж үргэлж байжээ. Ямар сайндаа л 2009-2011 онд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, 2009-2013 онд “Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал,  2013  оноос “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайд гэх мэт албан тушаалд очих зам хэзээд нээлттэй байсан нь сонин. Хэдийгээр түүнийг олон хүн “Сайн эцгийн буянаар жаргаж яваа бацаан” хэмээдэг ч энэ удаад олны тэр дүгнэлтээр дүгнэмээргүй байна. Учир нь баяны хүүхэд “баба” гэх үзлийг дэвэргэмээргүй…

Зүгээр л цаг өөр болж, сурсан, мэдсэн бүхэн үнэлэмж болж тогтох ёстой. Тэр цагийн урьтал болгож, Г.Тэмүүлэнг хувь хүнийх нь ертөнц, үзэл санаа, алсын хараа, сурсан мэдлэг, эхээс мэндлэхэд нь хамт ирдэг хувь тавилантай нь улс төрчийнх нь цаашдын карьерыг холбож ойлгомоор байна. Улс төрд залуу хүний зориг, зүрх, шийдэл, харилцаа үгүйлэгдэж байгаа энэ үед парламентын өмнөх үеийнхний гардан зохион байгуулсан бусармаг бүхэнтэй хутгаж, нэгэн хэвд базаж ойлгомооргүй.

Энэ бол ямар нэгэн дулдуй зан, хөлд нь сууж буй хэлбэр биш болно гэдгийг зориуд онцолъё. Улс төр дэх боловсролтой, туршлагатай, халуун сэтгэлтэй залуус олшроосой гэх хувьхан хүсэлдээ “шатаж” онцолсон хэрэг болно. Лидерийн эрэлд хатсан Монголын улс төрд Г.Тэмүүлэн шиг боловсролтой, боловсон хүчин саадгүй орж ирдэг жим зам болон өргөсөөсэй. Яг ийм л үзлээр МАН түүнийг УИХ-ын I тойрогт илгээсэн байхыг үгүйсгэхгүй ээ. 

УЛС ТӨРИЙН УРВУУ ХАМААРАЛ БУЮУ АРХАНГАЙ ДАХЬ АН-ЫН ХҮЧ

Архангайд АН-аас итгэл хүлээлгэж, суудал авчирна гэх найдлага хүлээлгэж буй хүн нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр. Түүнтэй дөрөө харшуулж, дөмөн шаргиулах баатар эрс тодорсон нь Д.Золжаргал, П.Мөнхтулга нар. Н.Батбаярын тухайд Монголчууд хэтэрхий сайн мэдэх бол нөгөө хоёрынх нь тухайд төдийлөн мэдэхгүй. “Фортуна” Батбаяр гэх бөө ч юм шиг, улс төрийн зүтгэлтэн ч юм шиг үхрийн бөөр шиг алаг намтартай эрхэм энэ удаад Архангайн тойрогт жулдах нь уу даа гэх бодол эрхгүй төрлөө. Учир нь тэрбээр, улс төрчийнхөө зангараг, явж ирсэн зам мөр, бүтээсэн баялгаараа тийм ч бахархам түүхтэй нэгэн биш.

Ихэвчлэн нэг намаас нөгөөд урвасан, нэг лидерээс нөгөө руу нь шарвасан, хор найруулсан, үлгэр ярьсан, тэнгэрт бүхнийг даатгаж, тэнэгрэсэн, инээдэмтэй, эмгэнэлтэй намтар дүүрэн хүн. Нямжавын гэхээсээ илүү “Фортуна” хэмээх компанийнх нь нэрээр овоглож ирсэн энэ хүнийг Монголын төрд хэрхэн, яаж, явж ирснийг олон мэднэ. Тухайлбал, бондын мөнгийг гарынхаа салаагаар цацсан сайд хэмээн буруутгаж, Эдийн засгийн хөгжлийн сайд болсон цагаасаа тэнгэртэй “харьцаж” солиорсон хэмээдэг.  

ЗХУ-д эдийн засагч-статистикч, улстөрийн мэргэжил эзэмшсэн тэрбээр улс төрд явж ирсэн цагаасаа буюу 1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх ямбаар дутаж үзээгүй нэгэн. Эрх ямба, албан тушаалын үзүүрээс зүүгдэж явдаг түүнийг учир мэдэх хүмүүс урваач, шарваач хэмээн дүгнэдэг юм билээ. Ганцхан жишээ дурдахад л, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт Ерөнхий сайд болуутаа нэг намаас угшилтай Н.Батбаярыгаа өөд нь татаж, дэргэдээ авч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  даргаар томилсон аж. Гэтэл 1999 онд Ж.Наранцацралт  агснаас урваж, Засгийн газрыг нь унагах хорыг найруулсан гол хүнээр түүнийг нэрлэдэг юм билээ. 

“Монгол Улсад өр байхгүй ээ. Өргүй байж өртэй мэт ярихаар өрийг дуудсан буруу үйл болоод байна. Тиймээс засал хийе”, “Есийн тоо Монголын төдийгүй дэлхий нийтэд бэлгэдлийн тоо. Тиймээс УИХ-ыг 99 гишүүнтэй болгоё”, “УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгоё. Тавын тоо их учиртай тоо. Бид гарын таван хуруутай биз дээ. Дөрвөн хуруутай биш биз дээ. Таван хошуу малтай, таван тивтэй биз дээ. Бид хүнээс мөнгө зээлэхдээ тав, арван төгрөг зээлчихээч гэдэг болохоос дөрөв, найман төгрөг зээлчихээч гэдэггүй биз дээ. Энэ чинь бэлгэдлийн тоо”, “Чингис бонд бол Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг юм. Их бүтээн байгуулалтыг их хаан бидэнд илгээсэн”, “Есүс гэдэг чинь “Ес ес” гэсэн үг ч байж магад”…гэх мэтээр түүний УИХ-ын танхимд олон нийтийг нир хийтэл инээлгэсэн үг олон.

Тэрбээр 2016 оноос хойш эрх мэдлээ урвуулан ашиглаж, бондын мөнгийг гарынхаа салаагаар цацаж, халаасаа түнтийлгэсэн хэмээн буруутгаж АТГ шалгасан. Тодруулбал, АТГ-аас Н.Батбаярыг бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан. Ангийн анд Гарамгайбаатарын компанид Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийн зээл олгосон, зориулалтын бус төсөл хөтөлбөрийг бондын мөнгөөр санхүүжүүлсэн асуудлаар анх шүүхэд маргаан үүссэн. Хөгжлийн банкны зүй бус зээл олголтын хүрээнд Н.Батбаярыг 2017 онд АТГ-аас шалгаж, гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байлаа. Шалгалтын ажиллагаа удтал үргэлжилж, 2018 онд Н.Батбаярын хэргийг дахин шалгаж эхэлсэн ч 2019 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн “цоорхой”-гоор гэлмэггүй гараад зугатчихсан түүний дараагийн хоргодох байр нь УИХ. 

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.