Орлогогүй, мөнгөгүй иргэд орон байрны хулгай хийх нь ихэсжээ

Хулгайн хэрэг эрс ихэсчээ. Гэвч айлын гэр орон руу халдаж хулгай хийсэн хүмүүсийн ихэнх нь төлбөрийн чадваргүй эсвэл насанд хүрээгүй хүүхэд байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг танилынд маань хоёр ч удаа хулгай орсон бөгөөд гэмт этгээдийн нэг нь 13 настай хүүхэд байсан юм.

Аав ээж нь ажилгүй, орлогогүй болсон тул өлсөхийн эрхэнд айлын гэр ухаж, хулгай хийсэн гэж өнөөх хүү мэдүүлсэн байна. Айлын тооноор ааруул, боорцог, гутал, хувцас тоносон түүний гэм буруугийн үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой ч өлсөж ангасан хүүд өөр арга олдоогүй байх гэж өмөөрөх шалтгаан бас байна. Дахин нэг жишээ дурдахад, БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн С-ийн цүнхийг гудамжинд булааж, зугтсан иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгахад удаа дараа хулгай, дээрмийн хэрэг үйлдэж байсан этгээд байж таарчээ. Мөн л төлбөрийн чадваргүй тул хэсэг хугацаанд хоригдож, албадан ажил хийж байгаад суллагдсан байна. Суллагдсан ч ажил олдохгүйн улмаас өнөөх л буруу гарын аргаараа амьжиргаагаа залгуулдаг. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд, өдөр бүр хулгайн гэмт хэрэг гарч, эмх замбараагаа алдаж байна. Хүмүүс хулгайчидтай гудамжинд, дэлгүүрт, хоолны газар, автобусанд гээд хаа сайгүй нүүр тулж, үргэлж сонор сэрэмжтэй явах шаардлага тулгарна. Хулгай бол дэлхийн бүх улсад тулгардаг нийгмийн хар сүүдэр.

Хүнсний дэлгүүрээс хулгай хийх тохиолдол эрс олширчээ

Ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн халаас нимгэрч байгаа өнөө үед хулгай, залилан, дээрмийн хэрэг улам гаарч байна. Энэ талаар мэдээлэл бэлтгэхээр хэд, хэдэн хүнсний дэлгүүрээр орж, нөхцөл байдлыг лавлахад боорцог, талх, тамхи, чихрийн хулгай сүүлийн хоёр сар эрс нэмэгдсэнийг хэлэв. СХД-ийн 26 дугаар хороонд байрлах дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүр гэр хороолол дунд байдаг болохоор сэрэмж л алдвал бараагаа хулгайд алдчих гээд байдаг. Өнгөрсөн гуравдугаар сард эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гурван хайрцаг набор, талх, лаазалсан загас хулгайлсан. Цагдаад мэдэгдсэн ч одоо болтол хэрэгтэн олдоогүй л байна. Залгаж асуухаар, “шалгаж байна” гэв. Хүнс, барааны 20 орчим том, жижиг дэлгүүрээр ороход талаас илүү хувь нь сүүлийн үед хулгай нэмэгдэж байгааг хэлж байв. Мөн бараа, бүтээгдэхүүнээ алдаад, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч гэмт хэрэгтнийг олж, хохирлоо барагдуулсан хүн нэг ч байгаагүй юм. Түүнчлэн хулгай хийж буй хүмүүс ихэвчлэн 40-өөс доош насныхан байдаг бөгөөд архи, талх, гурилан бүтээгдэхүүн, хиам зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн авдаг байна аж. Нөөцийн мах дээрэмдэхээр зэхэж байсан хүн ч таарсан талаар худалдагч нар хэлж байлаа. 

Сард 500-1000 хүн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдогчоор бүртгэгдэж байна

Хөл хорио тогтоосон 100 хоногт 46 мянган иргэн ажилгүй болсон. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар засаг төр эдийн засгийн хүндрэлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 260 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байна. Ажилгүй, орлогогүй болсон иргэд өлсөж үхэхгүй өл залгахын тулд хулгай, дээрэм хийж, бие, биеэ залилах нь энүүхэнд болсныг олон жишээ баталж байна. Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний дөрвөн сард өмчлөх хэргийн эсрэг 6149 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний хамгийн их хувь буюу 3000 орчим нь хулгайн гэмт хэрэг байгаа бөгөөд 2000 орчим залилангийн хэрэг бүртгэгджээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш дээрх төрлийн гэмт хэрэг тогтмол өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, сард 1000 орчим хүн шинээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн холбогдогчоор бүртгэгдэж буй юм. Гэхдээ энэ зөвхөн цагдаагийн байгууллагад шалгагдаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон тоо, мэдээлэл. Дээр хэлсэнчлэн, хэдэн мянган хүн хулгай, дээрэм, залиланд мөнгө, хөрөнгөө алдаад, хэрэгтэн, буруутнаа олж чадахгүй, цагдаагийн үүд сахиж суугаа. Тиймээс зөвхөн цагдаагийн газар бүтгэгдэж буй тоо, мэдээллээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн болохыг тодорхойлоход бэрх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Хариулт үлдээх

Your email address will not be published.