Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга АЖЛАА ӨГӨХ болзол хангажээ

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм.

Энэ утгаараа Төрийн албаны зөвлөлд өмнө нь ял эдэлж байгаагүй, ёс зүйтэй, чадварлаг бөгөөд туршлагатай хүмүүс ажиллах ёстой бөгөөд үүнийгээ хууль, журмаар баталж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэр цэвэр, намтар ариун байх ёстой ч энэхүү шаардлагад Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Алтанзул гэгч эрхэм нийцэж чадахгүй байгаа юм.

Үүнийг батлах баталгаа бол Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ”. Уг журмын 2.5.3-д “Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэж заасан байдаг. Үүнийг Б.Алтанзул дарга огт хангахгүй байгаа юм.

Тэрбээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлбөрийн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр  ёс зүйн хариуцлага хүлээсэн юм.  

Тодруулбал, ЭМДЕГ-ын дэргэдэх  Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлөөс Б.Алтанзул нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан удирдлагадаа байгаа төрийн албан хаагч нарыг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцаанд нөлөөлсөн, хууль бус үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдсон тул сануулах хариуцлага хүлээлгэсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга нь өөрөө төсвийн шууд захирагч бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлаас гадна ТАЗ-д хэн ажиллах үгүйг шийддэг эрх мэдэл. Гэтэл “тамга баригч” нь өөрөө одоогийн албан тушаалынхаа шаардлагад нийцэхгүй байгаа нь ажлаа өгөх үндэслэл юм.

Тиймээс Төрийн албаны зөвлөл энэ мэт шаардлага хангахгүй ажилтан, дарга нараа ажлаас нь чөлөөлж шударга ёс, ёс зүй, хууль, журмаа хэрэгжүүлэн ажиллана уу.

Энэхүү нийтлэлийн мөрөөр Төрийн албаны зөвлөл ямар арга хэмжээ авсан талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт