Мөнгөтэй, эрх мэдэлтний өмнө хууль бөхийнө

Жижиг Дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас төрийн түшээд эрх мэдлээ далимдуулан зээл авсан нь олонд нэгэнт ил болж, ЖДҮ-чид гэдэг нэр томъёо хуурай өвсөнд ассан түймэр шиг л тархсан. Өчигдөр гэхэд ЖДҮ-чидтэй холбоотой хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүх дээр болж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эцсийн шийдвэр гарснаар ЖДҮ-чид ялалт байгуулав. Нийт 54 ААН-ийн эрх ашгийг хамгаалж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон хуульчдын төлөөлөл “ЖДҮ-чдийн эсрэг хуульчдын эхлүүлсэн стратегийн өмгөөллийн төсөл ялагдчихлаа. Бид Давж заалдах шатны шүүх дээр хамгаалж чадсан ялалтаа баталгаажуулж чадсангүй. Улсын Дээд шүүхээс бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй хэргийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаснаар бид ялагдчихлаа. Нийт 54 ААН хохирлоо барагдуулах боломжгүй болчихлоо” хэмээн мэдээлсэн юм. Тэдгээр 54 ААН-ийн төлөөлөл ч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихлоо гэдгээ хэлж байв. Ийнхүү төр төмөр нүүрээ харуулж эхлэх нь тэр. Ер нь мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй хүний өмнө хууль ямар нэг хэмжээгээр бөхийдөг нь нууц биш. Тэдэнтэй холбоотой ямар нэгэн зүйл үүсэн гарах бүрт гал унтраах арга хэмжээг дор нь авч, хүчээ авсан асуудал аажимдаа мартагдан замхардаг нь бараг л ёс болж тогтсон. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн болоод хөрөнгө мөнгө нь огцом өссөн нэр бүхий гурван гишүүнийг шалгуулах хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байв. Тэдгээр гурван гишүүн нь М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нар юм. М.Оюунчимэгийн тухайд гишүүн болсныхоо дараа гэр бүлийнх нь орлого 16 дахин өсч 461 сая болсон бол, эх үүсвэр нь тодорхойгүй 541 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Харин Ж.Мөнхбатын орлого тав дахин өсч тэрбумд хүрсний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө нь ч огцом өсч 2.2 тэрбумд хүрчээ. Гурав дахь нь УИХ-ын гишүүн Л.Болд. Хэдийгээр түүнийг хур хөрөнгөтэй гэдэг ч, төрийн түшээгийн алба хаших хугацаанд орлого нь зургаа дахин өсч 1.053 тэрбум төгрөг болсон гэдгийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс зарлаад эдгээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэн хэрхэн орлого нь нэмэгдэж, яаж хөлжсөн гэдгийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд өгч байгаагаа мэдэгдэж байсан. Ийм асуудлаар тэднийг шалгах эрх АТГ-т байдаггүй болохоор ийн хандаж байгаагаа ч хэлсэн. Харин өнөөг хүртэл ямар нэг хариу алга.

Энэ бүхнээс харахад мөнгөтэйн өмнө хууль бөхийсөн хэвээр байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.