Уул уурхай тойрсон УЛС ТӨР ба ТОО

-Өнөөдөр уул уурхайн баялгийн орлого дээр монголчуудын амьдрал шийдэгдэж буй. Энэ орлогыг ирээдүйн хөрөнгө оруулалт болгож, эдийн засагт уул уурхайг орлохуйц өөр бүтцийг бий болгох нь тэр баялгийг хэн эзэмшихээс ялгаагүй чухал асуудал юм-

Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлж, улс төрийн субъектүүдийн анхаарал, ажиглалтад байсан байгалийн баялагтай холбоотой заалтаарх зарчмын зөрүүтэй саналыг нэг талд гаргалаа. Эцсийн томьёоллоор товчхондоо бол байгалийн баялгийг “төрийн нийтийн өмч байна” хэмээн тодорхойлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “газрын доорх баялаг нийтийн өмч байна” гэж заасан ч УИХ-ын гишүүд “төрийн нийтийн өмч байна” гэж хуульчлахаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлаад “Ингэснээр төрийн өмчийг үнэгүй өгдөг зүйлсээсээ саллаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.

Монголын улс төрийн бүхий л өрсөлдөөн, тодруулбал, сонгуулиарх намууд хоорондын, сонгуулийн дараа ялсан намын дотоод дахь өрсөлдөөн үнэн хэрэгтээ баялаг болоод төсвийн захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хөгжсөнийг бүгд л хүлээн зөвшөөрөх байх. Үзэл баримтлал, үнэт зүйлд суурилсан нэгдэл гэхээс илүүтэй түрийвч нэгтэй бүлэглэлүүд төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх болсныг цаашид яаж ч хичээгээд “худлаа” гэж цагаатгах үндэслэл дууссан мэт.

Тийм ч учраас байгалийн баялгийг хуваарилах, захиран зарцуулахтай холбоотой өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн тогтолцооноосоо татгалзах ёстой гэдэгт одоогоор улс төрд оролцоотой байгаа субъектүүд санал нэгдэж, зориг гаргахаар шийдсэн биз ээ. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлагын хамгийн гол захиалга, шаардлага нь баялгийн захиран зарцуулах эрхийг аль болох улс төрөөс холдуулах явдал гэж хэлж болно. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад санал нэгдээд буй “төрийн нийтийн өмч” гэдэг томьёолол хамгийн оновчтой гарц гаргалгаа болж чадах эсэхийг цаг хугацаа л шалгах болов уу.

Газрын баялаг бол зөвхөн энэ цаг үеийн монголчуудын өмч хөрөнгө биш гэж З.Энхболд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвшилцөх хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байх үед дуугарсан нь бий. Энэ үнэн. Гэхдээ бас нэг үнэн нь гэвэл өнөөдөр уул уурхайн баялгийн орлого дээр монголчуудын амьдрал шийдэгдэж буй. Энэ орлогыг ирээдүйн хөрөнгө оруулалт болгож, эдийн засагт уул уурхайг орлохуйц өөр бүтцийг бий болгох нь тэр баялгийг хэн эзэмшихээс ялгаагүй чухал асуудал юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт ч, сүүлийн өдрүүдийн улс төр ч уул уурхайн баялгийн эзэмшлийн эргэн тойрон дахь гажуудлыг засаж залруулахад төвлөрч байх зуурт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн долоо хоногт тус салбарын өнөөгийн байдлыг тайлагнажээ. Тайлангийн тоо баримттай танилцана уу.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО БА ХӨДӨЛГӨӨН

Монгол Улсын хэмжээнд 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ашигт малтмалын хайгуулын ба ашиглалтын 2889 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэв. Тэдгээр тусгай зөвшөөрлийн хувь хэмжээ болон хамарч буй газар нутгийн хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

ТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт 2889100%7 809 756.84100%5.00%
Хайгуулын122542.40%6 215 218.3179.6%4.00%
Ашиглалтын166457.6%1 594 538.5320.4%1.0%

Хүчин төгөлдөр буй тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хөдөлгөөн /2019.07.01-07.31 байдлаар/
Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах18
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл4
Барьцаалсныг бүртгэх2
Бүхэлд нь буцааж өгөх20
Бүхэлд нь шилжүүлэх9
Хугацаа Дуусгавар болох10
Цуцлагдсан11

УУЛ УУРХАЙГААС УЛСЫН ТӨСӨВТ 1.7 ИХ НАЯДЫН ОРЛОГО ТӨВЛӨРЧЭЭ

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийг тус салбараас татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                      22.2    тэрбум төгрөг,
  • Нүүрс                  788.7  тэрбум төгрөг,
  • Цайр                   53.6    тэрбум төгрөг,
  • Зэс                      723.1  тэрбум төгрөг,
  • Төмөр                 14.5    тэрбум төгрөг,
  • Жонш                  19.0    тэрбум төгрөг,
  • Бусад                  41.0    тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 321.3 тэрбум төгрөг буюу 24.0 хувиар өссөн байна. Үүнд ямар түүхий эд хэдий хэмжээний орлого төвлөрүүлсэн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэдий хэмжээний өсөлттэй байгааг дараах байдлаар тайлагнажээ.

  • Нүүрс       230.4(41.3%)   тэрбум төгрөг,
  • Зэс           97.9(15.7%)     тэрбум төгрөг,
  • Төмөр      5.1(53.8%)       тэрбум төгрөг,
  • Жонш       9.3(96.9%)       тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байгаа аж. Үүнд:

  • Алт           13.8(38.2%)      тэрбум төгрөг,
  • Цайр        1.7(3.0%)          тэрбум төгрөг.
  • Бусад       6.0(12.8%)        тэрбум төгрөг.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛД УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР 72.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

2019 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 29.1 сая.тн нүүрс, 782.9 мян.тн зэсийн баяжмал, 7.6 тн алт, 3.0 мян.тн молибдений баяжмал, 73.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 27.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 4.7 сая.тн төмрийн хүдэр, 1.8 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 50.3 мян.тн цайрын баяжмал, 4.0 сая баррель газрын тос, 7.3 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.8 сая.тн буюу 10.6 хувь, зэсийн баяжмал 22.6 мян.тн буюу 3.0 хувь,төмрийн хүдэр 1.3 сая.тн буюу 38.9 хувь, төмрийн хүдрийн баяжмал 95.7 мян.тн буюу 5.7 хувь, хайлуур жоншны хүдэр 3.8 мян.тн буюу 5.4 хувь, цайрын баяжмал 3.5 мян.тн буюу 7.5 хувь, газрын тос 21.8 мян.баррель буюу 0.6 хувиар тус тус өссөн байна.

Харин алт 1.6тн буюу 17.4 хувь, молибдены баяжмал 129.0 тн буюу 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 13.5 мян.тн буюу 33.3 хувь, катодын зэс 1.1 мян.тн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны долоон сарын гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (13.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 881.7 (14.3%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 876.4 (40.7%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 30.9 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.0 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний долоон сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 779.0 (34.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 484.4 (12.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 8.3 (71.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 7.0 (60.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний долоон сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.

ЭКСПОРТ

Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзэлж байна.

Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний долоон сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 257.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 98.0%-ийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний долоон сард 867.7 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мянган тн-оор тус тус их байна.  Гэвч 2018 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 7 сард 4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 7 сард 3,725.9 мян.барбуюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.бар-иар, үнийн дүнгээр 40.5 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 82.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 7 сард 114.9 сая ам.долларын 359.1 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 119.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 35.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 319.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 29.6%-ийг ОХУ-д, 70.1%-ийг БНХАУ-д тус тус ногдож байна.

 Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 29.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,015.5 ам.доллараас 8,814.7 ам.долларт хүрч, 799.26 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 7 сард 3,303.06 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 57.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.2%-ийг БНХАУ-руу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.