Хоёр бөхийн хариу асуудалтай гарсан нь “ҮНЭН”

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг журамтай.

Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг өнгөрсөн долоо хоногт Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн байна.

Энэ талаар Баяр наадмын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр 11:00 цагт Улсын баяр наадмын салбар комисс, бөхийн комисс  мэдээлэл хийсэн. Баяр наадмын хуулийн дагуу наадмын дараа нийт 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч БНСУ-руу явуулсан. Хариу нь нэг сарын дараа ирсэн. 14 бөхийн сэргээшийн шинжилгээ эсрэг буюу хэвийн, хоёр бөхийн хариу асуудалтай гарсан нь үнэн.

Гэхдээ журмын дагуу хэрвээ тухайн бөх “Б” сорьцын шинжилгээний дүнг харна гэсэн санал гаргах юм бол тэр зардлаа өөрөө хариуцаад хийлгэж болно.“Б” сорьцын дүн гартал сэргээшийн шинжилгээний хариуг нийтэд хэлэхгүй гэсэн журам, заалт байгаа. Өнөөдөр сэргээш илэрсэн хоёр бөх “Б” сорьцыг өгөх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Энэ нь сайн дурын асуудал. Нийтэд зарлахын хувьд бол зарлана. Гэхдээ хэзээ, яаж, ямар нотолгоо үндэслэлээр зарлах вэ гэдгээ харах ёстой” хэмээн хэллээ. 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД

ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН НЭРС

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С.Мөнхбат

Улсын аварга Э.Оюунболд

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Б.Гончигдамба 

Улсын харцага Б.Бат-Өлзий

Улсын өсөх идэр начин Э.Энхбат

Улсын начин Д.Анар /Улсын харцага цол хүртсэн/

Улсын начин Д.Цэрэнтогтох

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цол хүртсэн/

Хариулт үлдээх

Your email address will not be published.