Т.Бадамжунай “Алтай констракшн”-ийн Twin Tower-аас оффисоо нүүлгэжээ

УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай өдгөө Монголдоо байхгүй бололтой. Түүний 9191…. гар утасны дугаар “Таны залгассан хэрэглэгч утсаа салгасан байна. Та түр хүлээгээд дахин залгана уу” гэх операторын хариулттай болоод удаж буй юм.

Т.Бадамжунай 2016 оноос хойш “Алтай констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн II хорооны нутагт, Сөүлийн гудамжинд буюу Оросын ЭСЯ-ны урдах TWIN TOWER-т оффистой байсан юм. Тэрээр TWIN TOWER-1-ийн 901, 902 тоотод байрлаж байгаад энэ оны дөрөвдүгээр сард нүүжээ.

2016 онд TWIN TOWER дөнгөж баригдаад байхдаа сарын түрээсийн мкв нь 35 мянган төгрөг,  худалдах үнэ нь мкв нь 2800 ам.доллар байсан юм.

Гэхдээ Т.Бадамжунайгаас “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ ийм хэмжээний үнэ төлбөр авч өдийг хүртэл байрлуулсан эсэх эргэлзээтэй. Тэгээд ч 901, 902 тоот өрөөнүүдийн талбайн хэмжээ жижиг биш учраас энэ үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан хүн төлөөд явахад туйлын хүнд. Дээрээс нь Т.Бадамжунай, Х.Бат-Эрдэнэ хоёр ус нутаг хол ч хувь заяаны эрхээр ихэд ойр амьдарч ирсэн хүмүүс юм.

Учир нь Т.Бадамжунай нарын байгуулсан хурдан морины “Од” галд 2007 оноос морь уяж эхэлсэн Х.Бат-Эрдэнэ нэгдэж, Монгол Улсын тод манлай уяач хүртлээ хурдан буяныхаа уяа сойлгыг хамтдаа тааруулж наадсаар ирсэн. Нэгэн цагт ММСУХ-ны удирдах дээд байгууллагад хамтдаа байлаа.

Тэр ч бүү хэл, 2007 онд “Хадгаламж “банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэргийн үеэр Солонгосын казинод тоглосон МАН-ынхан голдуу 14 хүний баримт БНСУ-ын хуулийн байгууллагаас манай хууль хяналтынханд ирэхэд дунд нь Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нарын нэр гараад ирж байв.

Тухайлбал, Т.Бадамжунай 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2007 оны  хоёрдугаар сарын 12-ны хооронд 97.470.933 воноор,  2005 оны зургадугаар сарын 1-нээс 2007 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд 1.379.231.836 воноор тоглосон гэсэн мэдээлэл байдаг юм.

“Ах, дүү хоёр”-ын холбогдох өөр сэжмүүд ч бий. Их сонирхолтой, тэр нь. Сүүлд баримт сэлтээр өгүүлэмз.

Юутай ч УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ийнхүү өөрөө эзгүй ч оффисоо нүүлгэсэн байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН

“ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.