Нам байгуулж өөрөө дарга нь болох “хобби”-той Ж.Батзандан

Улс төрч хүн мартагдах л юм бол  дахин сонгогдох боломжгүй болдог. Тиймээс намаасаа гарсан ч бай, бие даасан ч бай боломжит бүхий л аргыг хэрэглэх ёстой байдаг бололтой. Үүнийг нам байгуулж, өөрөө дарга нь болох хоббитой Ж.Батзандангаас харж болно.

2000 оны дунд үеэ Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн гэгчээр  Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нар олны танил болж байв. Улмаар олны анхааралд өртсөн дээрээ сонгуулийн өмнөх жил нь хөдөлгөөнүүдээ нэгтгэн “Иргэний хөдөлгөөний нам” байгуулж  2007.08.17-ны өдөр УДШ-ийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлж, улсын бүртгэлд 2007-10-24-ны өдөр бүртгэгдсэн байна. Тухайн үед намын даргаар нь Ж.Батзандан болж байлаа. Улмаар 2008 оны сонгуульл нэр дэвшсэн, өвдөг шороодсон. Өвдөг шороодсон шарандаа 2008 оны 07-р сарын 01-ны хар өдрийн жагсаалыг эхлүүлсэн түүх бол Ж.Батзандан, О.Магнай нарынх. Улмаар тэднийг 2008 оны 07.05-ны өдөр Долдугаар сарын 1-ний үймээн самууныг зохион байгуулсан хэргээр Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулж, Ж.Батзанданд Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 2 буюу занданчлах, 179-р зүйлийн 1 дэх хэсэг буюу нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, 130-р зүйлийн 2 буюу сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг ялыг тулгаад байв. Гэвч АН-д элсэх сургаар хэрэг нь замхрах шатандаа орсон юм. Тодруулбал, 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр ИХ-ний намыг үүсгэн байгуулсан гэдэг Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намд албан ёсоор элсэж, хэсэг хугацааны дараа хэрэг нь хаагдсан байдаг.

Саяхныг хүртэл тэрбээр АН-ын гишүүн байв. Харин гэнэт л Л.Болд гишүүнтэй дөрөө харшуулан намаасаа гарсан. Үүний учиг нь тайлагдан шинэ нам байгуулан өөрөө дарга нь болж байгаа аж.

Одоогоор нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй. Гэхдээ их хурлаа хийж байгаагаас үзэхэд удахгүй бүртгэгдэх нь тодорхой биз…

Энэ бүхнийг дурдахын учир гэвээс уншигч танд дүгнэлт хийх эрхийг үлдээж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл 12 жилийн дотор гурван нам дамжиж байгаа Ж.Батзанданг туйлбаргүй хүн гэх үү эсвэл нам байгуулж өөрөө дарга нь болох хоббитой гэх үү үзэл бодолдоо үнэнч нэгэн гэх үү?  Хэрхэн дүгнэх нь уншигч таны эрх. Харин хилийн чандад гурав битгий хэл хоёр нам дамжсан хүнийг улс төрийн янхан гэж нэрлэдэг юм билээ. Харин манайд хэрхэн дүгнэх бол харах л үлдлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.