Ж.Батзандан хуулийн дээгүүр харайж нисээд нэг л биш ээ

Олны дунд “Сүрзандан” хэмээх хоч нэр зүүх болсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-аасаа гарснаас хойш Л.Болдтойгоо нийлэн шинэ байгуулахаар сүр сар хийж яваа билээ. Тэрбээр намдаа гишүүн элсүүлэхийн тулд хуучин бууриа самардаж, АН-ынхаа гишүүдээс хэсэг бүлгээр нь сугалж аван, хэвлэлийн хурал зарлуулан, сүржигнэж байна. Мөн үүний зэрэгцээ С.Зоригийн хэргийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх Түр хорооны даргын хувьд  мань хүн энэ хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай Хорихын нэгдсэн эмнэлэгт очиж уулзсаныхаа дараа “Энэ хоёр хүнийг шоронгоос суллах тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн гарын үсэг цуглуулна”  хэмээн дөвчигнөв. Хамар доорх хагархайгаараа хүн ер юу эсийг цуурах билээ. Гэхдээ хуульч хүн арай ингэж ам мэдэн хуулиас давсан юм ярьж болмооргүй байгаа юм.

Улсын Дээд шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн гурван хүнд ялын дээд хэмжээ буюу 20-24 жил хорих ял оноосон.  Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт бага зэрэг өөрчлөлт оруулаад ийнхүү ялласныг ихэнх хүмүүс санаж байгаа байх. Хэрвээ энэ хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гээд байгаа бол түүнийг нь хянаж үзээд үндэслэлтэй байвал Ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцлээ бичиж өгдөг хуультай. Тиймээс Дээд шүүхийнхэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэний дараагаар хуулийн процедурынх нь талаар маш тодорхой тайлбарлаж байсан юм. Тодруулбал, “Нотлох баримтыг хууль бус аргаар, эрүүдэн шүүж цуглуулсан бол тэрхүү нотлох баримтыг хүчингүйд тооцох асуудал яригдана. Үүний тулд эрүүдэн шүүсэн гэх хэргийг  шалгаж шийдвэрлэнэ. Тэгээд дараа нь прокуророос эсргүүцэл ирүүлбэл Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Ингээд хэргийг дахин шалгуулахаар буцаах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал яригдана” гэж байлаа. Энэ бол хуулийн процедур гэдгийг хуульч бүү хэл эгэл жирийн иргэд ч сайн мэдэж байгаа биз.

Харин хуульч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэртэй тэргүй хуулиараа явж буй тэрхүү үйл явдлыг сүр бадруулан, дундуур нь хөндлөнгөөс ороод 10-20 мянган хүний гарын үсэг цуглуулчихвал Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг шоронгийн дарга нар шууд суллаад явуулчих юм шиг тэнэг гэхэд арай дэндсэн юм яриад байгаа нь тун хачирхалтай юм.  Тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй гэгчээр Монголд өнөөдөр муу ч, сайн ч хуультай, шүүх засаглалтай хэвээрээ байгааа. Өнөөх Ц.Нямдорж сайд нь “Шүүх байхгүй болсон” гэхээр хууль хяналтын систем тэр чигээрээ алга болчихоогүй л юмсан.  

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт тагнуулын зарим ажилтнууд шалгагдаж хараахан дуусаагүй байгаа. Энэ хэрэгт сэжиглэгдсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саяхан цагдан хорихоос суллаад гадуур шалгаж байна. Гэхдээ Б.Хурц нь ганцхан удаа мэдүүлэг өгөхдөө С.Зоригийн хэргийг мөрдөн  шалгаж шийдвэрлэсэн нь бодитой, үнэн зөв гэдгийг нотолсон гээд байгаа.  Хэрвээ энэ үнэн бол эрүүдэн шүүсэн гэх бичлэг сэлт нь С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчдын хэрэгт хамааралгүй болж  мэдэх ажээ. Гэтэл хуульч Ж.Батзандан асуудал бүрэн шийдэгдээгүй байхад хуулийн дээгүүр харайж нисээд, хэдэн хүний гарын үсгээр ялтангуудыг суллах ухааны юм ярьж манаргаад байгаа нь нэг л биш ээ. Тэр хэнд үйлчлэх гээд тийнхүү буруу дэвээд будилж яваа юм бол доо.

О.Баяр

Шуурхай.мн 

Хариулт үлдээх

Your email address will not be published.