Тавантолгойн хувьцаагаар тахил өргөх хорон арга

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Иргэдийн эзэмшиж буй Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авна. Ингэснээр Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэнэ” гэж мэдээлэв. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэнэ.

Ийм амархан шийдчих байсан юм бол яагаад дөрвөн жил таг байсан юм бэ? гэдэг нь сонин.

Сонгууль болохоор л уул уурхайгаас хувьцаа эзэмшүүлнэ, мөнгө өгнө гэж иргэдээ тайвшруулдаг арга одоо хоцрогдсон баймаар. Хаа байсан 2012 оны сонгуулиар “Тавантолгойгоос иргэн бүртээ хувьцаа өгнө” гэж хошгоруулчихаад өнөөдрийг хүртэл амьгүй тооноос өөр шидийг үзүүлээгүй төр ээлжит сонгуулийн өмнө гэнэт л ухаан орж гэнэ…

Эрх баригчдаас гадна МАН ч бас зүгээр суусангүй. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тооцон 1 сая төгрөгөөр худалдан авах хуулийн төсөл санаачилсан гэж мэдээллээ.

Нэг амлалтаар олон сонгууль давдаг башир аргаа одоо болих хэрэгтэй. Хувьцаа гэдэг чинь зүгээр л худалдаад авчихвал болдог эд биш. Тухайн компани ашигтай ажиллаж, эдийн засгийн бодит эргэлтэд орж байж үр ашгаа өгдөг гэдгийг монголчууд гадарлахтайгаа болсон.

Гэтэл энэ хавар “Тавантолгойн хувьцааг сая төгрөгөөр худалдан авч байна” гэсэн цуурхалд орлого багатай иргэд итгэж, гудманд хонон өнжин хувьцаа авагчийг хайж байгааг анзаарсан улс төрийн намууд “Тавантолгойгоор дахин амь тариа хийж, сонгуулийн оноо авъя” гэсэн башир арга сэджээ.

Үнэхээр л Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хангаж, газрын доорх баялгаа бүх ард түмэндээ ижил тэгш хүртээе гэсэн сэтгэл байсан бол өнгөрсөн дөрөв байтугай жилийн дотор хийж хэрэгжүүлж, зохион байгуулж болох л байсан. Харамсалтай нь, энэ төрд зөвхөн өнөө маргаашаа харагчид л байдаг аж.

Тиймээс иргэд Тавантолгойн төслийг бодит эргэлтэд оруулаагүй байж, хэд гурван төгрөг амлаж, саналыг тань татах гэсэн улстөрийн бохир тоглоомыг хүчтэй эсэргүүцэх шаардлагатай юм. Энэ том төслийг улс төрийн тоглоом болголгүй, зөв зохион байгуулж чадвал Таны эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны 30 хувь 300-хан мянган төгрөг байтугай 30 сая ч хүрэх боломжтой юм шүү.

Хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдэд мөнгө өгснөөр Тавантолгойн төсөл урагшлахгүй, ашигтай ажиллахгүй. Харин иргэд өөрсдөө Тавантолгойд хөрөнгө оруулж байж л жинхэнэ утгаараа хувьцаа болох юм. Гэтэл энэ Засгийн газар тэс эсрэгээр нь ярьж, өөрсдийнхөө шүүмжлээд байдаг хавтгайруулсан халамжийн хувилбарыг л сонгож байна. Зүй нь “Баялаг+Хөрөнгө оруулалт=Ашиг” гэсэн томьёо байх ёстой. Тэгвэл Засгийн газар “Зардал+Зардал=Дампуурал”… санал болгож байна.

so-д хариулт үлдээх Хариулт болиулах

Your email address will not be published.

нэг хариулт

  • so[103.11.194.174]2016.06.10

    Za yrshigoo gants bvteen baiguulalt hiichihgvi mungu taraagaadl zasagt garna gdg hetehii uruwdul.t yuma tanart mongol ylsiig hugjvvleh uchvvhench bodol alguu daraa tulrulduu ylaa ch yumuu joom bolj turnu du