Энэ сарын 18-наас авто замын бүтээн байгуулалт эхэлнэ

Автозамын салбарт энэ онд 30 чиглэлд 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетон гүүр барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлын энэ сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлнэ гэж М.Зоригт сайд хэллээ.

Мөн төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бусад барилга байгууламжийн хамт монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн үйлчилгээ эхэлснийг сайд онцоллоо. Түүнчлэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгууллатын ажил ч энэ хавар эхлэх юм байна.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 75.1 хувьтай байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Зам, тээврийн сайд хэлсэн юм.

Иргэний нисэхийн салбарын тухайд МИАТ ХК болон “Аэромонголиа” ХХК хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд Боинг 737-800 маркийн онгоцоор нислэг үйлддэг болсон. Ховдод Боингоор очсон зорчигчдыг Фоккер-50 онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарчээ.

Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг найман жилийн өмнө байгуулсан бөгөөд энэ жилийн наадмаас өмнө бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.