Энэ зуны хамгийн урт стресс…

Монголчууд бид баярлах гэж баахан бухимддаг л болж. Өчигдөр Хүүхдийн баяраар гэр бүлээрээ баярлах гэж гарсан хүмүүс халуун наранд зам дээр олон цаг түгжирч, тэвчээрийн хязгаараа нэлээд шалгалаа. Ялангуяа, “Энэ зуны хамгийн урт кайф” хэмээн сурталчилсан усан гулгуураар үйлчлүүлэх гэсэн хүн олон байсан учраас хотоос зүүн тийш гарсан зам, Ботаникаас Баянзүрхийн товчоо хүртэл таг түгжирсэн байлаа. Мөн маш олон хүн Туулын эргийг зорихдоо Богд уулын арын замын хоёр талаар машинаа зогсоож, тэр чигт нь түгжрүүлж орхисон.

Түгжрэлээс гадна голын сав дагуу зүлэг ногоог нь талхлан машинтай хүмүүс дуртай газраараа давхилдаж, улаан шороогоор эргүүлж байв. Нэг хэсэг нь түгжрэлтэй замаас гарч зүлгэн дээгүүр давхиад, нэг хэсэг нь албан ёсны орц, гарцгүй, хазгай хэвгий газраар дайрч орж ирэх гээд улам түгжрүүлнэ. Баяр ёслол, амралт зугаалга бус дайн дажин үймээн самуун болоод байгаа ч юм шиг их л түгшүүртэй муухай харагдана. Ер нь хотын зүүн чиглэлийн зам болон Богд уулын арын зам шөнө болтол түгжирсэн талаар хүмүүс бухимдан бичицгээж байна. Үүнийг “Энэ зуны хамгийн урт стресс” гэж хэлж болохоор байв.

1

Мэдээж хүн бүр баяраа тэмдэглэхээр машинтай гарч байгаа учраас түгжрэхээс аргагүй гэж та бодож байна уу? Үгүй л дээ. Бид уг нь ямар ч бухимдалгүй баярлах боломж бий. Үүний тулд зохион байгуулалтын жаахан арга ухаан л дутаад байна.

Жишээ нь, Туул голынхоо эрэг дагуу албан ёсны амралт зугаалгын бүс үүсгээд автомашины том том зогсоол байгуулаад өгчихвөл иргэд замаа түгжихгүй. Байгаль орчноо сүйтгэж, голын ай савыг улаан шороогоор эргэтэл нь ингэж талхлахгүй шүү дээ. Заавал их хөрөнгө зарсан хатуу хучилттай зогсоол байх албагүй. Тоос босдоггүй цэвэр хайрга байсан ч болно. Мөн ногоон бүсдээ хэдхэн тууз хашлага татаад техникийн нөлөөнөөс хамгаалчих боломжтой.

Гэтэл энэ талаар төр засгаас дорвитой ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иргэд бид баярлаж цэнгэж амарч зугаалах нэрээр Хатан Туулаа хатаж ширгэхэд хамгийн их нөлөөлсөөр байгаа.

Нийслэл хотод нийт иргэдэдээ хүрэлцэхүйц амралт зугаалгын цогцолбор, таатай үйлчилгээ, зөв зохион байгуулалт үнэхээр дутагдаж байна. Хэдий болтол бид эзэнгүй, дүрэмгүй улс шиг ийм эмх замбараагүй амьдрах вэ? Бас баярлах гэж бухимддаг байдлаас яаж салах вэ?

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.