Чонотой нийлсэн нохой чононоос ч аюултай-2

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

Гэрийн нохой хээрийн боохойтой нийлэхээрээ чононоос ч аюултай буюу хүмүүст ихээхэн гай болдог тухай өмнө өгүүлсэн. Энэ тоогүй зүйл урьд тийм ч түгээмэл бус хаа нэг тохиодог ховор үзэгдэл байж. Харин өнөөдөр сайхан сайхан банхарууд саарал чонотой нийлэх нь хэт элбэг болж. Энэ хэрээр хүмүүст учруулах хор хохирол улам газар авч байна.

Ер нь нохой яагаад тийм үнэнч шударга, ариухан амьтан байх учиртай гэж? Яагаад гэвэл, нохой бол нохой л байх ёстой болохоос нохой ч биш чоно ч биш хоёрын хооронд амьтан байх ёсгүй юм. Нохой гээч амьтан угаасаа хүний итгэлт нөхөр,  үнэнч туслагч байхаар заяагдсан амьтан. Нэгэн анчин чонын бэлтрэг, нохойн гөлөг хоёрыг зэрэг тэжээгээд том болсон хойно нь дагуулж яваад хээр унтаж байтал нойрон дунд банхар нь байсгээд л архираад байж. Сэрээгүй дүр эсгэн нүднийхээ булангаар сэм ажвал саарал нь эзнийхээ хоолойг хяргахаар үе үе гэтнэ. Тэр бүрийд банхар архирч болиулж байх юм гэнэ. Анчин тэр дор нь чоноо цааш харуулчихаад нохойгоо дагуулаад харьсан гэх домог зохиол бий.

Чухамдаа нохой гэж тийм л сонор сэрэмжтэй, ийм л бахаралтай амьтныг хэлдэг гэсэн үг. Гэтэл өдгөө чоно гэтээгүй байхад л нохой нь эзнээ нухчих гээд байдаг болчихож. Гэлээ ч нохойнд чоно байх эрх байхгүй. Тэд хэдий чонын замналаар явавч жинхэнэ чоно болж хэзээ ч чадахгүй. Чонос ноходтой нийлэхгүй ч бор ходоодоо болгоод явж чадна. Харин чонотой нийлсэн нохос аль ч талд хүндтэй байр суурь эзлэх боломжгүй. Хээрийн боохойнууд гэрийн нохойг шаардлагатай үедээ л ашиглаад хаядаг. Олигтой олзонд зуучилж чадахгүй овсгоогүй загнавал хөөгөөд явуулна. Чонын эгнээнээс хөөгдсөн нохой буцаад хүний итгэлийг олж чадахгүй. Нэгэнт өөрийн үүргээ умартаж, нүүр буруулсан нохойг хүмүүс үргэлж адлана. Гэмээ нууж, сүүлээ мянга шарвалзуулаад нэмэргүй. Ингээд л тэд “хоточ банхар” гэсэн хүндэт нэрээ нэгмөсөн шавартай хутгаж, нүд үзүүрлэгдсэн дайсны эгнээнд шууд шилжинэ. Таньж мэдэхгүй хүн байтугай тэжээж өсгөсөн эзэн нь ч нүүр өгөхгүй. Хүн гээч сайн нөхрөө хамгаалсан шиг хамгаалж, хамтарсан шиг хамтарч чадаагүйн төлөө тэд шууд л “золбин нохой” хэмээх хэнд ч хэрэггүй хог болон хувирч байгаа юм.

Золбин ноход турж үхэхгүйн тулд хулгай хийнэ, хүн мал урна. Тийм золбонгуудыг харсан бүхэн нүд үзүүрлэнэ. Чулуу модоор шидэж хөөнө. Ер золбин ноход л хийх зүйлгүй болж, хий боргож, хий эргэж явдаг шүү дээ. Тэд хүмүүст улам их гай болж эхэлдэг учраас устгахаас өөр аргагүй болдог. Золбин нохдыг устгахын тулд хүмүүс хөрөнгө мөнгө, хүч заваа ч үрдэг. Тэгвэл жинхэнэ хоточ банхарууд үнэнч байсныхаа төлөө эзний хайр халамжийг үргэлж хүртэнэ. Эзэн нь байтугай хаа хамаагүй хүмүүс хүртэл “Тэдний банхар мөн ч мундаг шүү. Хэрийн юмыг ялгаж салгана. Хээрийн боохойг айлгаж чадна…” гээд л магтана. Сайн нохой эзнээ цаг ямагт хэрэгтэй мэдээллээр хангаж, аюул хаанаас ирэх гэж буйг чимээлж, амрах, сэрэх дохиог яг таг өгч байдаг. Хоточ сайн нохойтой айлын хонь мал хорогдолгүй өсч, эзэн хүн нь амар тайван аж төрцгөөнө. Нохойгоо золбируулсан айлынхан бол нойр муутай хононо. “Өнөө муу гайхал өнөөдөр тийм балаг тарьсан, маргааш ямар барцад авчрах бол” хэмээн байнга шанална.

Тэгэхээр нохой гэдэг зүгээр л “хүний нөхөр” гэх бэлгэдлийн чанартай амьтан бус худлаа ч хуцах эрхгүй, хуурч мэхлэх үйлдэлгүй онцгой үүрэгтэн байх нь. Нохой бол нохой л байх ёстой. Нохой нохойдоо бүр хоточ нохой байх шаардлагатай.

Энэхүү өгүүллийг 2014 онд www.gogo.mn сайтад нийтэлсэн.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.