Цахим бүртгэлээр зуслангийн газар өмчлүүлж эхэллээ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 байршилд иргэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаа нийт 18216 нэгж талбар бүхий газрыг өмчлүүлэх юм байна. Тогтоосон байршлуудад эзэмших гэрчилгээ бүхий зуслангийн газартай иргэд www.land.ulaanbaatar.mn цахим хаягаар газар өмчлөх өргөдөл, мэдээллээ оруулна. Иргэдийн бүртгүүлсэн мэдээллийг газрын албаны мэргэжилтнүүд судлаад өмчлөх боломжтой эсэх талаар зохих хариуг программ хангамжаар даруй илгээнэ. Шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг харъяалах газрын албадад хүргүүлж, газрыг нь өмчлүүлэх аж.

Эзэмшил бүхий газраа өмчилж авах явц олон шат дамжлагатай, цаг хугацаа их шаарддаг тул иргэдэд чамгүй хүндрэл учирдаг. Харин ийнхүү технологийн дэвшлийг ашиглаж буйд иргэд талархаж байна. Бэлхийн аманд зуслангийн эзэмшил газартай иргэн Б.Одонтуяа “Зуслангийн газраа богино хугацаанд өмчилж авах боломжтой боллоо. Манай бичиг баримт ямар нэгэн зөрчилгүй учраас асуудал гарахгүй байх гэж бодож байна. Өмчлөх гэрчилгээтэй болчихвол газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад ч хялбар болно” гэж ярилаа.

Мөн Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын мэргэжилтэн Л.Баянбат “Энэ ажлыг зохион байгуулахдаа иргэд болон албан байгууллагуудад хэт ачаалал, дараалал үүсгэхгүй байх, зардал хэмнэх зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, анхан шатны хариу өгч байна. Хамгийн гол нь иргэдийн эзэмшиж буй газар нь тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Батлагдсан төлөвлөлтөд ороогүй тохиолдолд өмчлүүлэх боломжгүй” гэдгийг тайлбарласан юм.

Тэгвэл өмчлөх боломжтой батлагдсан 26 байршил нь Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун модны ам, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богинын ам юм байна.

Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа тухайн байршлуудад газар өмчлөлийн ажил мөн цахим хэлбэрээр үргэлжлэх юм.

Иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн зуслангийн газруудын нэгж талбар, хашаа бүрээр нь очиж кадастрын зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй харьцуулан судлах, тоолж бүртгэх, зөрчил арилгах, мэдээлэл сурталчилгаа хийх зорилготой “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо” Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгой зэрэг дөрвөн байршилд ажиллаж байгаа юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.