Монголын төр малдаа найдах боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт Хонгкогт болж буй Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохдоо “Монгол Улс бизнест эргэн ирсэн. Уул уурхайн баялгаас гадна бидэнд 54 сая толгой мал сүрэг бий. Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах өргөн боломж бий” гэж онцолжээ.

Харин түүний энэ үгийг олон улсын томоохон хэвлэлүүд егөөдсөн аясаар бичиж байна. Тухайлбал, Wall Street journal Монголын уул уурхайн салбарын гэнэтийн өсөлт эргээд хямрал болж хувирсныг онцлоод “Валютын нөөцөө шавхаж, хүнд байдалд орсон Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн хувьд таатай байгаа мэт царай гаргалаа” гэжээ. Мөн энэ тухай мэдээнийхээ төгсгөлд “Хэчнээн их мах байлаа ч зэс шиг үнэ цэнэ хүрэхгүй” гэсэн санааг ч илэрхийлсэн байна. Энэ нь шууд утгаар бус Монголын малын гаралтай түүхий эд олон улсын зах зээлд өргөн хүрээнд амжилттай нэвтрэх шаардлага хангаагүйг хэлж буй аж.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд ч “Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе” гэсэн уриалга гаргаад байгаа.

Монголын эдийн засагчдын хувьд “Мал аж ахуйн салбар эдийн засагт чухал нөлөөтэй ч ойрын ирээдүйд бодит эргэлтэд орж, томоохон үр дүнд хүрэх боломж бүрдээгүй. Тиймээс уул уурхайн томоохон төслүүдээ оновчтой удирдаж, бусад салбараа тэтгэж босгох шаардлагатайг сануулсаар байгаа юм.

Түүнчлэн, өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгаас хамааран эдийн засаг өндөр өсч байхад бусад салбартаа дорвитой анхаарал хандуулаагүй нь статистик үзүүлэлтүүдээс тодорхой харагдах болсон. Жишээ нь, өнгөрсөн онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 485.5 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 12.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл, төр засгийн менежерүүдийн сэтгэл хөдлөлдөө автан хэлж буй шиг эдийн засгийн голлох салбаруудаа нэгийг нь орхигдуулж, нөгөөг нь гэнэт өөд нь татах боломжгүй буюу бүх салбараа гинжин хэлхээгээр харилцан хамааралтай хөгжүүлэхээс өөр аргагүй гэсэн үг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт